Ж.ЦОГЗОЛМАА


Өнгөрсөн баасан га­ригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийхдээ “Гадаадад гаргах нүүрсний нийлүүлэлт сүүлийн гурван сард зог­соод байсан. “Чалко” компанийн ерөнхийлөгч манай улсад ирж хол­богдох хүмүүстэй уулзсан. Ирэх долоо хоногоос нүүрсээ ачиж эхлэх юм байна. Ингэхдээ хоёр талдаа алдагдалгүй бай­хаар ярилцсан” гэлээ. Монголын нүүрс ийнхүү  сэрсэн тухай тэрээр танилцууллаа. Өөрөөр хэлбэл, хил дээр байгаа 337 тонн нүүрс, уурхай дээр байгаа тонн гаруй нүүрс “ногоон” дэвс­гэртээр солигдоно хэмээн учирласан нь энэ. Уг нь Хятадын нүүрсний ний­лүү­лэлтийн 70 хувь нь Шаньси, Шенси, Өвөр Монгол зэрэг баруун болон хойт мужуудаас нь ирдэг. Харин нийт хэрэглээнийх нь 40 хувь нь ногддог зүүн болон өмнөд бүсүүдэд нөөцийн ердөө дөрөвхөн хувь нь хамрагддаг хэмээн доктор Ж.Гөлгөө бичсэн байдаг. “Бидний нийлүүлж байгаа нүүрсний үнэ Хятадын өмнөд боомтууд дахь үнэтэй, тэр дундаа “нээлттэй” далай дахь дэлхийн зах зээлийн үнэтэй шууд холбоогүй, харин түүний хандлагыг л дам тусгадаг нь илэрхий байна. Энэ бодит үнэнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Тэгж байж бид үнэмшилтэй дуугарна, бодитойгоор ажил үйлсээ хөтлөн авч явна. Өөрөөр хэлбэл, ӨвөрМонгол хавьд олборлох үнээс арай доогуур байж гэмээ нь бидэнд “хар алтны” экспортын ногоон гэрэл асах нь” хэмээн тэрээр бас дурдсан юм. Урт настай шуугиан дэгдээж байж сая нэг хил гарахаар болсон Тавантолгойн нүүрсний тухайд тэгвэл ямар дүгнэлт хийж болох вэ. Дэлхийн зах зээл дээр коксжих буюу илчлэ­гээрээ бусдаас хол давсан Тавантолгойн нүүрсний нэг тонн нь 250 ам.доллараар үнэлэгдэж байна. Гэтэл бид дээд тал нь 50 ам.доллараар энэ хүрэн эрднэсээ борлуулж байгаа, ингэнэ гэж тэр чигтээ энэ гэрээнд заагаад өгчихсөн болохоор цаашдаа ч хүндхэн нөхцөл байдал Монголыг угтахаар байна.

Энэ сарын 1-нд буюу, инээдмийн баяраар монголчууд “Чалко”-д өрөө төлөх сүүлийн өдөр байсан. Сонгуулиар санал авахын тулд иргэддээ хишиг тараана, цаашлаад хувьцаа эзэмшүүлнэ гэж Засгийн газрын амласан амлалт нь ийнхүү хэрэг­жих байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чалко”-той байгуулсан гэрээгээ цуцалж болно. Гэхдээ цу­цалбал 186 сая ам.доллар төлөөд, дээр нь торгууль тавигдана. Харин нүүрсээ гаргавал алдагдалд орно. 186 сая ам.доллараа төлсөн ч дахиад таван жил нүүрснийхээ 80 хувийг гаргана гэсэн гэрээтэй. Ийм л байдалд байна” гэсээр өр төлөх тухайгаа арга барагдан ярьж байсан нь бий. “Sina.com” цахим хуудаст мэдээлснээр “Чалко”-гийн өнгөрсөн оны алдагдал нэлээд хувийг эзэлж байгаа. “Anbound Consulting” зөв­лөх үйлчилгээний компа­нийн нүүрс, эрчим хүчний шинжээч Ли Чаолин “Хятад дахь коксжсих нүүрсний үнэ дээд тал нь нэг тонн нь 1300 юань буюу 209 ам.доллар хүрэх төлөвтэй байна” хэмээсэн. Харин Монголоос авч буй коксжих нүүрсний үнэ үүнээс дөрөв дахин хямд. Элдэв ид шидгүй энгийн нүүрс нь Хятадад 630 юань буюу Таван­толгойн нүүрсээс харьгүй үнэтэй.

Сангийн сайд Ч.Улаан “Өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлт хөөс байжээ. Хятадын талтай тохиролцоонд хүрч, харилцан ашигтай гэрээ хэлцэл хийх хүртэл дахин урд хөрш рүү Таван­толгойн нүүрс гаргахгүй байх нь оновчтой. Таван­толгой ордоос бид их зүйл хүлээсэн. Гэвч бидний бодсон, хүлээсэн үр дүн өнөөдөр харагдахгүй байна. Оюутолгой, Таван­толгойн гэрээ ашиггүй болсон нь одоо Монголын эдийн засаг, төсвийн байдлаас харагдаж байна” гэж мэдэгдсэн нь зах зээлд бас нэг дохио өгсөн хэрэг байв. Гэтэл гэв гэнэт асуудал цэгцэрсэн гэж Засгийн газар мэдэгдээд байдаг.

Энэ онд Манай улсад орсон гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос 40 хувь буюу 800 сая ам.доллараар буурсан байна. Энэ бол зөвхөн уул уурхай дахь гадаадын бизнес­мэнүүдийн орол­цооны дүн юм. Өөрөөр хэлбэл, манай эдийн засгийг гадаадынхан зөв­хөн ашигт малтмалаар төсөөлдөг, тэр нь бусад салбартаа шингэх мөн­гөний урсгалыг хам­чихдаг. Зөвхөн нүүрсний тухайд ярихад энэ салбар манай төсвийн тэн хагас хэсгийг бүрдүүлж буйг энэ оны төсвийн та­нил­цуулгад ч дурдсан байгаа.

Ингэхээр Тавантолгой “сэрсэн” ч салхинд хийсч буй “ногоон” дэвсгэртүүдэд халагласан Засгийн газар хөшгийг хаалттай хэвээр үлдээлээ.