Ж.ЦОГЗОЛМАА
Оюутолгойг анх газрын зурагт тэмдэглүүлсэн “Би эйч пи биллитон” компани өнгөрсөн 2011 онд зэсийн олборлолтоосоо 10 тэрбум ам.долларын ашиг олж байв. Өөрөөр хэлбэл, манай энэ жилийн төсвийг бараг хоёр дахин нэмсэнтэй адил хэмжээний хөрөнгийг энэ металлаас босгосон хэрэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас ганцхан жилийн дараа Лондоны металлын биржид тонн зэсийн ханш анх удаа 10200 ам.доллараас давсан юм. Харин өчигдөр Улаанбаатарын 13.14 цагийн байдлаар энэ үнэ дөнгөж 6900 “ногоон”-д хэлбэлзэж байв.
Оюутолгой өнгөрсөн гурван жилд манай эдийн засгийн өсөлтийг анх удаа 17 хувь хүртэлх хэмжээгээр өсгөсөн юм. Нийт зургаан тэрбум ам.долларыг төсөвт “цутгасан”-ы дараа хэсэгхэн завсарлахад л Монголын парламентчид баахан сандарч, дээр дооргүй хууль санаачлаад гүйж явна. Гадаадын хөрөнгө оруулалт саарсан, бүр зогссон тухай хэдэн сайд нь өглөө, үдэшгүй зурагтаар “үглэж” сүүлдээ олон нийт үүнийг үнэн хэмээн хүлээн авч байна. Бодит байдал дээр Монгол Улс хилийн цаадах түнтгэр “хэтэвч”-тэнгүүдийн анхаарлын төвөөс уг нь гараагүй л баймаар. Үүнийг ч уул уурхайгаар дагнан судалгаа хийж байгаа мэргэжлийн хүмүүс нь хэлээд байна. “Market wired” цахим хуудаст “2013 онд зэсийн ханш унах хандлагатай байна” гэсэн нийтлэл хэвлэгджээ. Дэлхийн зэсийн уурхайнуудад ажиглагдаж буй хандлага нь цаашид үнэ буурах төлөвтэйг сануулж байна. Хятадын орон сууцны эрэлт, АНУ-ын үнэт цаасны ханшийн уналт зэрэг нь ийнхүү металлын зах зээлд нөлөөлж байгаа аж. Зэсийн хайгуулын холбооны мэдээлж буйгаар барилга бүтээн байгуулалт, цахилгааны хэрэглээ болоод арилжааны болон орон сууцны барилгын зах зээл энэ онд зэсийн эрэлтийн 40 хувийг эзлэх аж. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард АНУ дахь Орон сууцны барилгын үндэсний холбооны тайланд барилгын ажил 46 хувиар буурсныг тэмдэглэсэн байв. Үүнийг эдийн засагчид 48 хувиар өснө гэж дүгнэснийг “Блүүмберг” мэдээлжээ. Хятадын хувьд Засгийн газар нь орон сууцны худалдааг хязгаарласны дараа эрэлт улам нэмэгдсэн нь эдийн засагчдын санааг зовоож байгаа юм. Бээжин дэлхийн зэсийн эрэлтийн 40 хувийг хангадаг билээ. “Эрэлтийн хэтийн төлөвт Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хязгаарлалт нь ямар нэг дохио өгнө. Гэвч барилга байгууламжийн эрэлт сөрөг нөлөөг зах зээлд өгөөд байна” гэж “Vision Financial Markets’”-ийн металлын худалдаа хариуцсан захирал Дэвид Мегер хэлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд Монголын хувьд Хятадын үйлдвэржилт нэмэгдсэн учраас л Оюутолгой 17 хувийн өсөлтийг “үүрч” ирсэн юм. Харин дотоодод нь аж үйлдвэр гэхээр зүйл байхгүй хэр нь зэсийн үнэд найдсан төсвийн бодлого үргэлжилсээр байна. “Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтаас хамгаалаад байхаар тийм сайн зах зээл манайд алга. Бүх салбар маань бусад улстай харьцуулахад үнэхээр муу байгаа юм. Тиймээс бид эхлээд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулаад эдийн засгийн салбаруудаа бэхжүүлэх хэрэгтэй байна. Бэхжүүлж, хөгжүүлсэн салбарын хувьд дараа нь хамгаалж болно шүү дээ. Гадаадынхан орж ирлээ гэхэд, хамгаалаад байхаар үнэхээр сайн салбар манайд байхгүй байна шүү дээ” гэж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэлсэн. Үндэсний статистикийн хорооны энэ оны эхний улирлын мэдээгээр аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр, 2013 оны эхний улиралд 507 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар өссөн байна. Нефть, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр дахин өссөнөөс ийм дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл, урд хөршид үйлчилгээний салбар хамгийн их өсөлтийг авчирсан бол манай улсад уул уурхай, архи, тамхи гэсэн гуравхан салбар жингийн туухай дээр “заларчээ”. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн гэж статистик мэдээ урсахтай зэрэгцээд ядуурал бахь байдгаараа 30 гаруй хувьдаа жин дарсаар байгаа.
Улиг болсон зэсийн үнэ ярихын оронд төрөлжсөн, аж үйлдвэрийн “нуруун” дээр ажиллах хүчний эрэлтээр эдийн засгийн шинэ эринийг хэзээ эхлүүлэх вэ.