Э.СОЛОНГО

Парламентаар өнгөр­сөн долоо хоногт стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх зуур бизнесийн гадаад, дотоодын шинэ гарцаа хайж хуралдсан юм.  Ингэхдээ тэд мөнгө тарих шимт хөрсийг бүр­дүүлэх таатай цаг агаарыг Монголын эдийн засагт хүсч буйгаа илэрхийллээ. Бас гадаадын хөрөнгө оруу­лалт татарсан шалт­гааныг ч эдийн засагч, судлаачид өөр өөрийн­хөө­рөө тайлбарлалаа.  Мон­голын уул уурхайн салбар гадаад ертөнцөөс шалт­гаа­лаад доройтохыг хуралд оролцогчид илтгэлдээ он­цолж байлаа. Өөрөөр хэл­бэл, гаднаас ирэх мөнгийг хөрөнгө болгох таатай хөр­сөө бэлдэхгүй бол Мон­голд дэд бүтэц зогссон, ажилгүйдэл газар авч, макро эдийн засаг уналтад орох дүр зураг ойр хараг­даж байгааг тэд хэллээ. Эдийн засагчид хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг чухалчилсан. Зас­гаас засагт дамжин засвар ордог хууль, эрх­зүйн орчин хэзээ тогтвор­той болохыг гадаадынхан асуусан. Тэд Монголоос эдийн засгийн ил тод нээлт­тэй, тодорхой харил­цааг хүсч буйгаа илэр­хийл­лээ. Тэд улстөрийн халаа сэлгээ бүрт өөрч­лөгд­дөг адал явдалтай хуу­лиас болгоомжилж байна гэдгээ  хэлсэн. Харин Эдийн засгийн хөгжлийн яамны  Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатар энэ үеэр тэдэнд таатай мэдээ ав­чирснаа дуулгалаа. Тэрээр “Эдийн  засгийн байнгын хорооны хуралдаанаар Стра­тегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажил­лагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­цуулах тухай хуульд өөрч­лөлт оруулахаар хэлэлцэж баталлаа.  Энэ онд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны­хоос 40 хувь буюу 800 сая ам.доллараар буурсныг эдийн засагчид онцолж байна. Энэ нь мөнгөний хомсдолд нөлөөлсөн гэж тэд үзэв. Хуралд орол­цогч­дын тайлбарлаж буй­гаар, Монголын гадаад валютын нөөцийн гурав­ны нэгийг авч одсон хө­рөнгө оруулагчид мөнгө­ний эрэлтийг газар ава­хуулж, банкны зээлийн хүүг өсгөх гол хүч нь бол­жээ. Гаднаас төвлөрч бай­сан мөнгө 4.6 тэрбум “но­гоон”-оос 36.4 болсон юм.  Монголын эдийн засаг саарч, дэлхийн зах зээлээс бонд босгох нэг шалтгаан болсныг Монголын биз­несийн зөвлөлийн удирд­лагууд онцоллоо. Хуралд оролцсон за­рим хүний байр суурийг хүргэе.

ЗЭС, ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ УНАЖ БАЙНА

МУИС-ийн профессор, доктор Ч.Хашчулуун:

-Гадаадын шууд хө­рөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний хоёр сард 40-60 хувийн уналттай гарч байгаа. Үүнд дотоо­дын хууль эрхзүйн орчны тогтворгүй, ойлгомжгүй байдал нөлөөлсөн. Дэл­хийн зах зээлд манай ул­сын экспортын гол бүтээг­дэхүүн болох нүүрсний үнэ унасан. Мөн зэс, төм­рийн хүдрийн үнэ ч доо­гуур үзүүлэлттэй байна. Хөрөнгө оруулалт саарсан нь бусад орны эдийн зас­гийн байдалтай бас хол­боотой.  Ази Номхон да­лайн бүс нутаг болон Евро­пын орнуудын эдийн зас­гийн үзүүлэлт сайнгүй байна. АНУ-ын эдийн засаг хямралаас удаан хугацаанд ангижирч бай­гаа нь ч хөрөнгө оруулал­тад нөлөөлж байгаа.      

 

ХЯТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА 49 ХУВИАР БУУРУУЛЛАА

Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд:

-Гадаадын хөрөнгө оруу­лалт эдийн засгийн оргил үе буюу 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрсэн бол өнгөрсөн онд 3.8 тэр­бум ам.доллар болж 17.5 хувиар буурсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг 2011 оны ДНБ-ий хэмжээтэй харьцуулахад 36.4 хувь байсан. Үүний 80-90 хувь нь уул уурхайн салбарт төврөлсөн гадныхны мөнгө. Манайд оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ БНХАУ, Хонгконг, Англи, АНУ, Канад тэр­гүүл­дэг. Гэвч эдгээр орны заримынх нь эдийн за­саг буурсан үзүүлэлт­тэй бай­гааг НҮБ-ын тайланд тус­гасан бай­на. Ер нь шууд хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд 18 хувиар буур­сан үзүүлэлт бий. БНХАУ өнгөрсөн онд  хөгжиж буй орнууд руу чиглэсэн хө­рөнгө оруулалтын хэм­жээ­гээ 49 хувь буюу 22.6 тэрбум ам.доллараар буу­руулсан. Тэгэхээр энэ ч гэсэн манайд нөлөөж байгаа.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААНД Ч НӨЛӨӨЛНӨ

Бизнесийн зөвлөлийн дэд дарга И.Сэр-Од:

-Хөрөнгө оруу­лал­тын орчин тогтворгүй энэ бай­дал гадаад зах зээлд гар­гаж байгаа Мон­голын үнэт цаасгы арилжаанд нө­лөөлж байгаа. Дэлхийн томоохон биржид гаргасан манай томоохон компа­ниудын хувьцаа өнгөрсөн жилээс 60-70 хувийн уналт­тай байна. Энэ нь Монголын эдийн засаг, иргэдэд олгох хувьцаа, халамжийн мөнгөнд нө­лөөлж байгаа. Нөхцөл бай­дал ийм тохиолдолд аль нэг компанийн хувьцаа ашгаа өгнө гэдэг боломж­гүй. Иргэдэд очих Таван­толгойн хувьцааны хувьд “Чалко”-гийн гэрээ гол үүрэг гүйцэтгэж таарна. Магадгүй энэ гэрээ Та­ван­толгой хувьцаа хүмүү­сийн гарт одоо болтол очихгүй байгаа нэг шалт­гаан нь байж болно. “Чал­ко”-гийн гэрээг ашиггүй болсон гэдэгт олон хүн санал нийлж байгаа.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БЭЛЭН МӨНГӨӨР ХЭМЖИХ БОЛОМЖГҮЙ

ЭЗХЯ-ны газрын дарга С.Жавхланбаатар:

-Хөрөнгө оруулалтын хэмжээг ганц, хоёр сараар гаргах боломжгүй. Нөгөө­тэйгүүр хөрөнгө оруулалт гэдэг дан ганц мөнгөн урсгал биш. Гадаадаас оруулж ирж буй техник, тоног төхөөрөмж, техно­логи үүнд чухал байр суурь эзэлдэг. Гэтэл эдгээрийн бүртгэл гадаадын хөрөнгө оруулалтад орохгүй үлдсэн байх тал бий. Тиймээс хөрөнгө оруулалтыг дан ганц банкинд байршуул­сан мөнгөөр хэмжиж болохгүй.