Д.МЯГМАР

Манай улсын хувьд жилийн шата­хууны хэ­рэг­цээ 800 000 тонн байсан бол сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчим­тэй хөгжихийн хэрээр хэрэг­лээ маань өсөн нэмэгдэж ирсэн ба өнгөрсөн онд л гэхэд 1.2 сая тонн орчим шатахуун хэрэглэсэн байна.

Нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлдөг стра­тегийн бүтээгдэхүүн болох газрын тосны импортын хараат байдал манай улсад инфляц хөөрөгдөх суурь хүчин зүйл болсоор ирсэн юм. Иймээс ч үе үеийн Засгийн газраас дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах замаар түлш шатахууны хэрэг­цээгээ хангах, гадаад зах зээлийн хараат байдлаас гарах зорилт тавьсаар ирсэн юм. Үүний нэг нь Дарханд (2011.10.12-ны 294 тогтоол) жилдээ хоёр сая тонн газрын тос боловс­руулах чадалтай үйлдвэр барьж 2016 онд ашиглалтад оруулах тухай шийдвэр юм. Түүнчлэн Чойбалсан (2011.7.6-ны 222 тогтоол), Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай шийд­вэр гарч заримынх нь шавыг тавиад байна.

Түлш, шатахууны хэ­рэг­цээг үндэсний үйлд­вэрийн бүтээгдэхүүнээр хангах нь  улс орны эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн хурдыг найдвартай хангах чухал ач холбогдолтой билээ. Гэхдээ эдгээрийг түүхий эдээр хэрхэн хангах тухай үндэслэл бүхий тооцоо, мэдээ мэдээлэл тун бүрхэг байна. Тиймээс уг асуудлыг нягтлахаар газ­рын тостой холбогдсон үйл ажиллагаа эрхэлж буй компаниудаар орж зарим зүйлийг тодруулж сур­валжилснаа эрэгцүүлэл болгон хүргэж байна. Даш­рамд дурьдахад, Мон­голд Улсад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа эрхэлж буй 101 компани нэгдэж 2011 оны арван­нэг­дүгээр сард “Газрын тосны хайгуул олбор­лол­тын ассоциац”-ийг бай­гуулж хамтран ажиллах болжээ.

 

ИМПОРТЫН  ТҮҮХИЙ ЭД

 

Гадаад зах зээлийн хараат байдал, үнийн цоч­рол нь нефть бү­тээг­дэ­хүүний хомсдолд оруулж, инфляцыг хөөрөгдөн до­тоод зах зээлд доргилт өгч байна. Гэтэл бид үйлдвэр барина, барихгүй гэсээр олон жилийг ардаа ор­хилоо. Гэтэл дуншиж байж гарсан шийдвэр маань саалийн ганц үнээтэй байж сүү боловсруулах үйлдвэр барихтай адил юмуу даа. Социализмын үед ард олныг сүүгээр хангахын тулд хэдэн арван сүүний фер­мийг байгуулж байсан билээ. Гэлээ гээд жилийн дөрвөн улиралд бид сүү­гээ дуртай цагтаа худалдан авч чаддаг байл уу даа.

За яах вэ боловсруулах үйлдвэрээ гадны зээлээр, магад улсын төсвөөсөө хэсгийг нь гаргаад ч юм уу бариад тавьчихая,  сайн л хэрэг.  Үйлдвэрийн түүхий эд газрын тосыг гадаадаас тухайлбал, Орос, Хятад, Булангийн орнууд өөр хаанаас ч юм худалдаад авчихьяа. Өмнө нь неф­тийн бүтээгдэхүүнээр гад­ны улс орны хараат байсан бол одоо түүхийн эдээр хараат больёо. Нэмэг­дэ­хүүний байрыг сольсон ч нийлбэр адил гэдэг л болж байгаа юм биш үү.

Гадаадын улс орнууд  бидний хүссэн хэмжээ, үнээр түүхий эд найд­вартай ний­лүүлэх батал­гаа байна уу. Түүнчлэн хэрэглэгчид очих бүтээг­дэхүүний үнэ өртөгт га­даадын түүхий эдийн үнэ, тээвэрлэлтийн зэрэг зар­дал мэдээж нөлөөлнө. Импортын түүхий эдийг боловсруулан өөрийн хэ­рэгцээгээ хангадаг улс орнууд байдаг л даа. Үүнд Япон, БНСУ гэх мэт өндөр хөгжилтэй, баян чинээлэг орнуудыг дурьдаж болно. Тэд далайд гарцтай байхад, бидэнд байхгүй. Гуравдагч орноос түүхий эд авах тохиолдолд хоёр хөршийн аль нэгээр нь дамжихаас аргагүй. Гад­наас бэлэн бүтээгдэхүүн импортлохоос хямд байж чадах болов уу гэсэн олон асуултууд урган гарч байна. Зүүнбаянд баригд­сан бага оврын боловс­руулах үйлдвэр нь өн­гөрсөн зууны жараад оны сүүлээр хаагдах болс­ны шалтгаан нь түүхий эдийн хомсдолоос үүдэж ЗХУ-аас оруулж ирж бай­сан импортортын түүхий эд ашигласнаас бүтээг­дэ­хүүний өртөг хэт нэ­мэгдэж үйлдвэр алдаг­далтай ажиллах болсонтой холбоотой байжээ. Им­портын түүхий эдэд түшиглэх хувилбарын тухайд  эрхэм түшээд маань нэгийг тунгаан байж л шийдвэрлээ байл­гүй. Гэсэн ч нэг л эр­гэлзээтэй. 

Стратегийн чухал эд болох газрын тосоо түү­хийгээр нь экспортлоод байх сонирхол аливаа улс оронд төдийлөн байдаггүй юм билээ. Учир нь аливаа байгалийн баялаг нөхөг­дөг­гүй мөн түүхий эдийн үнэ боловсруулсан бүтээг­дэхүүний үнээс  хамаагүй бага байдаг. Бид ч ноос, ноолуураа дотооддоо бо­ловс­руулна, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, нэмүү өртөг шингээж зах зээл дээр өндөр үнээр зарж ашиг олно гээд л яриад, бичээд байдаг даа.

Нөр их зардлаар бос­сон боловсруулах үйлдвэр маань ашигтай ажиллаж байж гэмээ нь өгөөжөө өгнө, түүхий эдээр байнга тасралтгүй хангагдаж байж бүтээг­дэхүүний өртөг хямдарна. Эл бүхнийг тоочсон нь боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг гадаадаас ханган нийлүүлэх эхний хувилбар нь боломжийн хувьд  тун бага болох талаар л эргэцүүлж буй хэрэг. Тэгэхээр дотоодын олборлолтдоо түшиглэвэл илүү найдвар төрүүлэхээр байгаа юм.

 

МОНГОЛД ГАЗРЫН ТОС ИЛРЭХ МАГАДЛАЛТАЙ 30 ТАЛБАЙ БИЙ

 

Манай орны хэмжээнд газрын тос илрэх магад­лалтай нийт 30 талбайг ялган 19-д нь Бүтээг­дэ­хүүн хуваах гэрээ бай­гуулж одоогийн байдлаар 10 хүрэхгүй компани газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажил­лагаа эрхлэж байгаа аж. Үүнээс хоёр нь буюу БНХАУ-ын хөрөнгө оруу­лалттай “ПетроЧайна Дачин Тамсаг” болон “Доншен газрын тос Монгол” компани нь гурван талбайд газрын тосны хайгуулын ажлаа дуусган нөөцөө тогтоосон. Улмаар олборлолтын ша­тандаа шилжсэн бол үлдсэн найман компани нь 16 талбайд хайгуулын ажлаа дөнгөж эхлүүлээд байгаа аж. Дээрх хоёр компани нь ихээхэн хөрөнгө зарж 20-иод жил хайгуулын ажил  гүйцэт­гэсний эцэст тодорхой хэмжээний нөөц тогтоон үйлдвэрлэлийн олборлол­тод шилжсэн аж.

Ерөнхийдөө, лицен­зын тухай яриад байвал ашигт малтмалын тухай, БХГ-ний талаар яриад эхлэвэл газрын тосны тухай байна гэж ойлгох хэрэгтэй юм байна шүү, та минь ээ.

Олон нийт газрын тос­ны салбарыг уул уурхайн салбартай хольж хутган ойлгох нь нэн түгээмэл ажээ. Газрын тос хайх, олборлох ажил нь ихээхэн хөрөнгө мөнгө, цаг хуга­цаа зарсан, өндөр эрсдэл дагуулсан бизнес билээ. Нэг цооног өрөмдөхөд дунд­жаар хоёр сая ам.дол­лар зарцуулдаг. Өрөмдсөн 16 цооногын нэгээс нь тос илрэх магадлалтай, эсвэл эдийн засгийн өгөөжтэй байх магадлалтай. Түүнч­лэн үйлд­вэрлэлийн ол­борлолт явуулах хэмжээнд ажиллахын тулд эдийн зас­гийн өгөөж бүхий олон тооны цооног өрөмдөх шаардлагатай байдгийг бодож үзвэл газрын тосны салбар нь ямар их хөрөнгө зарцуул­даг, хэчнээн их эрсдэлтэй болохыг батлаж буй хэрэг биз ээ.  Ашигт малтмал нь газрын хэвлийд 100 орчим метрийн гүнд байхад газрын тос нь 3-4 мянган метрийн гүнд оршдог юм байна. Ашигт малтмал нь хатуу байдалтай нэг газраа хөдөлгөөнгүй оршдог бол газрын тос нь шингэн учраас газрын хөдөлгөө­нөөр ан цаваар нүүн шилжиж байршиж байдаг онцлогтой юм. Иймээс ч хайгуулын ажлын талбай, цар хүрээ, техник тех­нологи, үнэ өртөг эрс ялгаатай бөгөөд эрсдэл нь ч харьцангуй их юм. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалт ч тэс өөр байдаг ажээ. 

Түүнчлэн ашигт малт­малын орд газрын хай­гуулын болон ашиглалтын эрхийг лиценз, концес­сийн гэрээ хэлбэрээр баталгаажуулдаг ба тал­байн хувьд бага буюу хэдэн арван хавтгай дөрвөлжин км байдаг. Бо­гино хуга­цаанд олборлолт хийж бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргаж болдог байна. Харин газрын тос­ны хувьд хэдэн мянган км өргөн уудам нутаг дэвс­гэрийг хамарсан талбайд хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх нь багагүй цаг хугацаа, хөрөнгө шаард­даг бөгөөд үүнийг ямар ч тос ололгүй алдагдал хүлээх эрсдэл дагана. Иймдээ ч аз, эз сорьсон бизнесс юм. Ийм онц­логтой үйл ажиллагааны эрх зүйн харилцааг Бү­тээгдэхүүн хуваах гэрээ­гээр (БХГ) зохицуулдаг байна. Эрсдэлээ даах хэмжээний чадвартай өн­дөр хөгжилтэй орнууд өөрийн хөрөнгө, хүчээр хайгуул хийдэг бол эдийн засгийн чадавхи султай, туршлага багатай улс орнууд гадаадын хөрөнгө оруулагчдад энэ бүх эрсдэлийг  бүрэн хүлээл­гэн, хайгуул хийлгээд, тос гарсан тохиолдолд харил­цан тохирсон хувиар хуваан авч буй хэлбэр нь Бүтээгдэхүүн хуваах гэ­рээний зарчим юм. БХГ-нд дэлхий дахинаа ба­римталж буй олон улсын газрын тосны салбарт нийтээр хүлээн зөвшөөр­сөн эрхзүйн хэм хэмжээ, зарчмууд тусгагдсан бай­даг. Энэ зарчим, хэм хэмжээг НҮБ-ын Худал­даа хөгжлийн бага хурлаас (UNCTAD) тогтоодог ажээ. Манай улс ч 90-ээд оноос эрх зүйн орчиндоо тухайлбал, Газрын тосны тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэх журамдаа БХГ-ний зарчмыг тусган,  татвар, хураамжийн хөн­гөлөлттэй нөхцлийг суул­гасан. Тус салбарт га­даадын хөрөнгө оруулал­тыг татах,  өөрсдөө ямар ч хөрөнгө санхүүгийн эрс­дэл хүлээлгүй, хөрөнгө заралгүй газрын тосны баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, түлш шатахууны хараат байд­лаас гарах бодлого тууштай баримталж ирсэн байна. Иймээс ч 1993 онд га­даадын анхны хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газартай БХГ байгуулснаар газрын тос­ны салбарт хөрөнгө оруулсны үр дүнд одоо Тамсагийн орд газ­рын 19, 21 дүгээр талбайн, Зүүнбаянгийн сав газрын БХГ-97 талбайн газрын тосны нөөцийг тогтоон үйлдвэрлэлийн олборлолт явуулж байна. Харин 2000 оноос эхлэн гадаадын хө­рөнгө оруулагчдын зэрэг­цээ үндэсний компаниуд буюу дотоодын хөрөнгө оруулагчдыг газрын тос­ны салбарт татан оруулах бодлого барьж эхэлжээ.

 

ХУУЛИЙН ОРЧИНДОО ТЭНГЭР ХОЛДОЖ, ГАЗАР ХАТУУДСАН ДОТООДЫН ТҮҮХИЙ ЭДИЙН ХАМГАМЖ

 

Ийнхүү Монгол Ул­сын Засгийн газартай БХГ байгуулан газрын тосны салбарт хөрөнгө оруулж буй гадаад, до­тоодын хөрөнгө оруу­лалттай компанийнхан­тай уулзаж боловсруулах үйлд­вэрийг түүхий эдээр хангах бололцоог судлах зуур манай хууль, эрхзүйн тогтворгүй байдал тэд­ний сэтгэлийг ихэд түгшээж байгаа талаар салбарын­хан ярьж бай­сан. Тэд сэтгэл түгших болсны учир нь үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд импортоор оруулж ирдэг тоног, төхөөрөмжинд нь олгож байсан татварын хөнгө­лөлт цуцлагдсан. Одоо хэлэлцэж буй “Газрын тосны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Газрын тухай багц хууль”-ийн төсөл нь бүх эрсдэлээ хүлээж, баахан мөнгөө зарлагадан байж эхлүүлсэн ажлаа цаашид үргэлжлүүлэн явуу­лахад нэн бэрх бо­ло­хоор байгаа ажээ. Товч­хондоо гэрээлэгчийнхээ эрх аш­гийг боомилсон агууллага­тай хуулийн төсөл хэлэл­цэгдэж байгаа талаар дурьдацгааж бай­лаа. Нээрээ л гадна, дот­нын хэн ч бай, зардал, эрсдэлээ үүрч, бор зүр­хээрээ зүтгэж буй тэдэнд “газар хатуу, тэнгэр хол” гээч л болжээ. Нэг л өдөр ямар ч ашиг байтугай бөөн алдагдал хүлээж боло­хуйц, өөрөө хүлээн зөв­шөөрсөн эрс­дэлээс нь илүү давсан эрсдэлтэй хуулийн орчин тогтохоор болчихвол тэд ажлаа үргэлжлүүлэх, эсвэл зо­гсоох болно. Зогсоовол оруулсан хөрөнгөө хэрхэх билээ. Ирээдүйн эдийн засгийн үр ашиг, орлого гэж ярих нь утгагүй болж байгаа бололтой.     

Уг нь БХГ-ний зарч­маар газрын тосны хайгуул хийж буй гадаад дотоодын хөрөнгө оруулалттай ком­паниудын хайгуулын аж­лыг жигд эрчимжүүлэн, зохих дэмжлэг, туслалцаа үзүүлж улсынхаа газрын тосны нөөцийг бүрэн хэмжээнд тогтоох нь туйлын чухал бөгөөд  улмаар үйлдвэрлэлийн олборлолтод шилжвэл газрын тос боловсруулах үйлдвэр маань түүхий эдээр найдвартай, тогт­вортой хангагдах ирээдүй харагдаж байхсан. 

Манай улс газрын тосны салбараа хөгжүүлс­нээр гадаадаас хараат бусаар шатахууныхаа хэ­рэгцээг дотооддоо ханга­даг болбол үнэхээр сайн­сан. Үүнийг монголчууд бүгд л хүсч байгаа. Гэхдээ ийм зорилт тавьж ажил­лахдаа асуудлыг шийд­вэр­лэх гол хүчин зүйл нь боловсруулах үйлдвэр барихад орших мэтээр энэ талруу олон нийт хэт их анхаарч түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн  асуудлыг орхигдуулаад байх шиг. Барихаар тө­лөвлөж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоод эх үүсвэр болох одоо тог­тоогоод байгаа гурван талбайн багахан нөөцөд буюу олборлолт хийж буй хоёрхон компанид найдах нь дэндүү гоомой санаг­дана. Гэтэл олборлолт явуулж буй энэ гурван талбай нь газрын тос илрэх магадлал бүхий нийт талбайн дөнгөж л арван хувийг эзлэж байх юм. Түүнчлэн тогтоосон ашиглалтын нөөцийг хүмүүс бүрэн, дүүрэн олборлох хэмжээ гэж ташаа ойлгодог юм байна. Дэлхийн жишгээр бол геологийн тогтоц, га­зарзүйн байрлал, цаг уур, ашиглаж буй техник, технологи, газрын тосны өөрийнх нь бүтэц найрлага зэргээс хамаараад тог­тоосон ашиглалтын нөөцийн 10-30 хувийг нь олборлодог ажээ. Гэтэл энэ хоёр компанийн дийлэнх олборлолтыг хийж буй нэг нь зам  харилцаа хөгжөөгүй алс хязгаарт байгаа нь бүр ч гачлантай. Учир нь Тамсагийн сав газраас олборлосон газрын тосыг Дарханд баригдах боловс­руулах үйлдвэрт нийлүү­лэхэд даруй 1200 орчим км зам туулна. Үүнээс 220 км-г шороон замаар, 600-г хатуу хучилттай авто замаар үлдсэнийг нь төмөр замаар тээвэрлэх юм байна. Нэгэнт ийм урт замыг жилийн туршид туулах тул тусгай зо­риулалтын, халаалт бүхий шилжүүлэн ачилт хийдэг станцууд барих учиртай юм байна. За тэгээд тээ­вэр­лэлтийн аюулгүй байд­лыг хангах гээд олон л асуудал цааш хөврөх байх шүү.

Газрын тосны хай­гуу­лыг улсын хэмжээнд бүрэн дүүрэн хийж тос илрүүлэх, цаашлаад ол­борлолт явуулснаар л боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн найдвартай хангамжийн эх суурь тодорхой болох биш үү. Гэтэл “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр газрын тосны салбарт БХГ-ний зарчмаар эхэлсэн ажил, олсон ололтоо сүйтгэсэн, хөрөнгө оруулагчийнхаа итгэлийг эвдсэн хууль эрхзүйн тогтолцоо үйл­чилж эхэлснээр газрын тос хайх, цаашлаад олборлох ажил гацаанд орно. Гэ­рээлэгчид оруулсан хө­рөн­гө оруулалтаа эргүүлэн татах зэрэг ноцтой асуудал үүсч болзошгүйд хүрвэл бидний зорьж, хүсэн хү­лээж байсан түлш, шата­хууны хувьд хараат бус байх асуудал хаашаа эргэх вэ? Уул нь газрын тосны салбараа бусдын хөрөн­гөөр буюу улсаас зардал гаргалгүйгээр хөгжүүлэх боломжоо ашиглаад үйлд­вэрлэлийн түвшинд хүргэх юм бол үүнийг дагаад орон нутгийн хөгжил, тэр дун­даа дэд бүтэц, ир­гэдийн ажлын байрны асуудлыг ч хамтаар нь шийдвэрлээд явахад Мон­гол Улсын маань хөгжилд үнэтэй хувь нэмэр болохсон.

 

СААЛИЙН ГАНЦ ҮНЭЭНД ФЕРМ БАРИХ УУ?

 

Манай улс 2012 онд нийтдээ 489.000 тонн газрын тос олборложээ.  Энэ тоог өсөн нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар газрын тосны салбараа тогтвортой хөгжүүлэх үүднээс хө­рөнгө оруулагч ком­паниудыг дэмжих цаг болсон. Хай­гуулын үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлж, газрын тосны нөөцийг илрүүлэн, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх замаар түү­хий эдийн найдвартай хангамжийг бий болгох бодлогыг тууштай барим­талбал хэсэг хугацааны дараа мон­голынхоо хар алтаар боловсруулсан түлшээ хэрэглэх бидний хүсэн хүлээсэн мөрөөдөл биеллээ олох боломжтой санагдана. Газрын тосны салбарт хайгуул хийж буй компаниудтай хийсэн ярилцлагаа эргэцүүлэн ийм л дүгнэлтэд хүрч байна.