Ж.ЦОГЗОЛМАА

ХЯМРАЛ ГҮНЗГИЙРЧ БУЙ ДОХИО

 

Алтны үнэ өчигдөр Улаанбаатарын 10.31 цагийн байдлаар нэг унци нь 1350 ам.доллар болсон нь өмнөх долоо хоно­гийн­хоос 200-250 ам.доллараар буурсан байв. Энэ нь сүүлийн 33 жилийн түү­хэнд байгаагүй уналтад тооцогдож байна. “Алтны үнэ ингэж унасан нь энэ жилдээ Монгол Улсад нөлөөлөхгүй байх. Оюутолгой, Гацуурт зэрэг томоохон орд ашиглалтад ороогүй байгаа учраас тэр. Харин эдгээр нь ажиллаад эхэлвэл мэдээж цохилт өгнө” гэж Олон улсын хөрөнгө оруулалтын кор­порацийн захирал Ч.Ачит-Эрдэнэ хэлсэн юм. Түүний тайлбарласнаар АНУ дотоод дахь ам.долларын нийлүүлэлтээ хязгаарлаж эхэлсэн нь “ногоон”-ы ханшийг чангаруулсантай алтны үнийн уналт хол­боотой аж. Цаашид шар металлын ханш тогтвортой байна хэмээн Ч.Ачит-Эрдэнэ таамаглаж байна.

Урд хөршийн ДНБ-ий өсөлт эдийн за­сагчдын урьдчилан дүг­нэснээс доогуур гарсан нь ашигт малтмалын үнэ уна­хад нөлөөлсөн гэж за­рим шинжээч үзэж байна.  “Яг одоогоор алтны зах зээлд эсрэг үзүүлэлт бий болоод байна” гэж дилер Ли Чеонг хэлжээ. Алт бол уламжлалт худалдааны хэрэгсэл бөгөөд хямралын “халууны шил” гэгдэх нь ч бий. Учир нь хямрал гүнзгийрэх тусам үнэ нь тогтворгүй болдгоороо онц­логтой. 2008 оны байд­лаар дэлхийн Төв­банкуудын нөөцөд 26.469 тонн алт байсныг Монголын олон улсын санхүүгийн зах зээлийн холбооноос мэ­дээлэв. Үүний 8000 тонн нь АНУ, 4000 тонн нь Германы Төвбанкинд байр­шиж байлаа. Монгол­банкны мэдээлснээр өн­гөрсөн хоёрдугаар сард худалдан авсан алтны хэмжээ 138.6 кг буюу оны эхнээс 679 кг болсон байв.

 

ВАЛЮТЫН НӨӨЦӨӨР ЗАХ ЗЭЭЛЭЭ ТЭТГЭВЭЛ ЯАСАН ЮМ?

 

2002-2010 онд Монголбанк нийт 84.8 тонн алт худалдан авсны 52 хувь нь банкуудаар дамжжээ. Үнэ буурч бай­гаатай зэрэгцээд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ ч уруудсан байдаг. Гурван үсгээс бүрддэг энэ метал­лаар валютын нөөцийг бүрдүүлэхдээ Монголоос гадаадад цэвэр­шүүлэн, стандарт хэм­жээнд оруулсны дараа үнийг нь дахин нэмэг­дүүлдэг аж. Манай гариг дээр 2007 оны байдлаар 3450 тонн алт нийлүү­лэгдсэний 90 хувийг нь олборлосон бол үлдсэн нь дахин боловс­руу­­лалтаас гарсан байв. Энэ онд уул уурхайн бү­тээг­­дэхүүний олбор­лолт, бор­луулалтаас төсөвт нийт 1257.12 тэрбум төгрөг цут­­гах төлөвлөгөөтэй байгаа. Ингэхдээ 19.7 тонн алт­наас татварт 121.5 тэрбум төгрөг оруулах аж. Олонх шинжээчийн дүгнэснээр энэ онд эл металлын үнэ 1650-2200 ам.долларт хэлбэлзэх нь. Харин уул уурхайн компаниудын дийлэнх нь үнийг 1900 ам.доллараас нэг их уруудахгүй гэж найдлага тавьсан юм билээ. Гэтэл өчигдрөөс эхлээд ханш “биш” болчихлоо. Шин­жээчдийн таамагласан хэмжээнд “шүргэх” нь битгий хэл Монгол Улсын төсвийг улайлгахгүй гэсэн баталгаагүй болтлоо үнэ уруудчихав. Тэгээд ч га­даад ертөнц хямралын сүүдэрт өдөр ирэх бүр авт­саар байгаа энэ үед зөвхөн алтны үнэ, түүний экспортыг яри­хаас цаадахыг сэтгэх цаг ирээд байгааг эдийн за­сагчид цухал­зуу­лаад удаж байна. “Монголбанк ху­дал­дан авсан алтаараа валютын нөөц бүрдүүлж, тэр нь тэрбум ам.долларт хү­рэх үед зарим улстөрч тэнд шүлэнхийтэж, луйврын бизнес сэтгэх сэдэл санаа төрнө. Үүний оронд Төвбанк энэ мөнгөө зах зээлд жил бүр цутгаад байж болно” хэмээн Сангийн сайд асан Я.Очирсүх бичсэн нь бий. Яг л 2008 оны хямралын үед Хятад улс үйлдвэрлэгчдэдээ дөрвөн их наяд юаниар урамшуулж, жижиг, дунд үйлдвэрлэлээрээ эдийн засгаа хөл дээр нь авч үлдсэнтэй адил зүйл энэ байж болох. Я.Очирсүхийн дүгнэснээр үнэхээр Төвбанк алтны бизнесээс “гарвал” өнөөх инфляцтай дайтах шаардлагагүй болоход нэмэртэй гэжээ.  Үүнтэй зэрэгцээд өмнөд Солонгос жижиг дунд үйлдвэрлэлдээ 15 тэрбум “ногоон” зарахаар боллоо. Энэ бас нэг дохио өгөөд байна.

 

ЗЭСИЙН ҮНЭ 6000 “НОГООН”-ООС БУУРВАЛ ЯАХ ВЭ? 

 

“Оюутолгой” компани 2013 онд 382 мянган тонн зэсийн баяжмал, 424 мянган унци алт, 802 мянган унци мөнгө олборлож, тус компаниас төсөвт нийт 151.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлө­рүүлэхээр тооцсон” хэмээн энэ оны төсвийн танилцуулгад дурджээ. Түүнчлэн дэлхийн зах зээлийн нөх­цөл байдал, орчноос хамаарч алт, зэс, нүүрсний үнэ, экспортын хэмжээ таамагласан түвш­нээс буурсан тохиолдолд төсвийн орлогод шууд нө­лөөлж, төлөв­лөсөн урсгал болон хө­рөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх бо­ломжгүй болгох томоохон эрсдлийг бий болгоно хэ­мээн онцгойлон тэмдэг­лэсэн байв. Харин нэг тонн зэсийн үнийг 8152 ам.доллараар тооцсон бол тэнцвэржүүлсэн үнийг 6328.9 “ногоон” байхаар тооцсон байна. Өчигдөр Лондоны металлын биржид нэг тонн зэс 7218 ам.долларын ханштай байлаа. Эндээс Тогтвор­жуу­лалтын санд зэсээс нийт 103,7 тэрбум төгрөг төв­лөрнө гэж байгаа ч бодит байдал дээр энэ үнэ 6300 ам.доллараас буурвал мөнгө үүцэлнэ гэж саналтгүй болох юм. Металлын “хэтэвч”-ээ үнэд даатгасан энэ бодлого хаа хүртэл үргэлжлэх бол.