Э.ӨНӨР

Манай улс шата­хууныхаа 98 хувийг урд хөршөөс авч байна. Өөрөөр хэлбэл, тэр чигтээ бид оросуудаас энэ салбартаа хамааралтай. Өнгөрсөн сард “Роснефть” Монголд ний­лүүлэх шатахууныхаа хэм­жээг бууруулсан нь багагүй шуугиан тарьсан. “Шунхлай” компани үнээ нэмээд авсан нь гадаадаас хамааралтай манай эдийн засгийн эмзэг байдлыг улам тодруулсан юм.

Энэ удаад Кремль газрын тосны экспортын татвараа бууруулахаар болжээ. Мэдээж, бараг 100 хувь тэднээс хамаа­рал~тай манай эдийн засагт энэ нааштай мэдээ. Гэлээ гээд шатахууны үнэ хям­дарсан нь ч бусад барааны ханшид нөлөөлдөггүй хөшүүн тог­толцоо манай зах зээлд бий. Оросын Газрын тосны монито­рингийн мэ­дээллээр өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 14-нд тэдний Urals маркийн газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 104.7 ам.доллар байв. ОХУ-ын тат­варын журмын дагуу ирэх сарын 1-нээс газрын тосны экспортын татвар тонн тутамд 23.1 ам.доллараар буурч 378.4 ам.доллар болохоор болжээ. Харин шатахууны экспортын татвар одоогийн 361.4 ам.доллараас буурч, 340 болох юм байна. ОХУ-ын  газрын тосны экспортын татварын үнэ энэ сард 4.5 хувиар буурч, 401.5 ам.доллар болсон билээ. Тус улсын газрын тосны экспортын татвар “хар алт”-ны үнэд шууд нө­лөөлдөг. Тиймээс газрын тосны үнэ буурч байгаа нь дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгааг илэрхийлж байна хэмээн шинжээчид онцоллоо.  

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Монгол Улс 2012 онд нийт 1.2 сая тонн газрын тосны бү­тээгдэхүүн импортлосон. “Роснефть” компани нийлүүлэлтийн 65 хувийг эзлэж байна. Мөн “Роснефть” компанийн хувьд Онгоцны түлшний хувьд манай улсын болон бусад улсын онгоцууд ТС-1-ийн өндөр үнээс болоод Чингис хаан онгоцны буудалд түлш авдаггүй, харин Москва, Сөүл, Бээжингээс цэнэглэдэг. Сөүл, Бээжинд онгоц цэнэг­лэх үнэ 1100 ам.доллар, Москвад 1350 ам.доллар байхад Монголд 1740 ам.доллар байна” гэсэн юм. Түүний хэлж буйгаар манай онгоцууд хэрэглээнийхээ 60 хувийг гадаадаас авч байгаа аж.