Ж.ЦОГЗОЛМАА
“Чалко”-гийн хориод тэрбум “ногоон”-оор өрийн сүлжээгээ нимгэлсэн “Рио тинто” Оюутолгойн тэргүүн фронтын үүрэг гүйцэтгэх болоод удаж байна. “Айвенхоу майнз”-ын дуу улам бүдгэрсээр, одоо бүгдийг “Рио”-чуудын үзэгний үзүүр шийдэж байгаа. Шинэ удирдлага томилогдсонтой зэрэгцээд хөрөнгө оруулалтын дүн хэтэрсэн шуугиан өнгөрсөн хэдэн сар тэднийг ээрсэн юм. Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах эсэх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн ч дорвитой шийд гаргаж чадаагүй. Иймд Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, МХЕГ, “Эрдэнэс Оюутолгой” компаниас томилогдсон ажлын хэсэг “Рио Тинто” компанийнхантай хамтран “Оюутолгой” компанийг шалгахаар болжээ.
Алт, зэсийн эх ундарга болсон энэ ордыг ашиглах хөрөнгө оруулалтын дүнг анх нэг тэрбум ам.долларт багтана гэж анх үзэж байсныг иргэний хөдөлгөөний төлөөллүүд хэлдэг. Харин өдгөө энэ тоо даруй 30 тэрбумд дөхөөд байгаа. Уг нь гэрээ байгуулах үед анхны хөрөнгө оруулалтыг таван тэрбум гэж байгаад, дараа нь 14.6 тэрбум гэсээр өсчихсөнд учир байгаа юм. 2009 онд тэд Австралид шалгагдаж байсан бол жилийн дараа Хятадад авлигын хэрэгт холбогдсон. Мөн Монголд хийж буй хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон элдэв яриа олны дунд тарсаар удаж байгаа. Тиймээс Монголын тал шалгалаа гээд “Рио тинто”-гоос ямар нэг “но” илрүүлж, илрүүлснээ олон нийтэд зарлан, улмаар хариуцлага тооцож чадах уу гэдэг маш том эргэлзээ бий.
Харин одоо хэрхэн шийдвэрлэхийг нь харах л үлдэж байна.