Б.БАРС
Мөнгө нь алтны адил байгальд хүдэр хэлбэрээс гадна бэлнээр тохиолдох нь элбэг тул хүн төрөлхтөн энэ металлыг эрт дээр үеэс хэрэглэж иржээ. Ассири, Вавилоны эртний гүрнүүдэд мөнгийг ариун металл гэж өргөмжлөн Сарны бэлгэдэл хэмээн үзэж ихээр олборлодог байсан гэдэг. МЭӨ VI-V зуунд эртний Грек Лаврий дахь мөнгөний баялаг уурхайнуудаа ашиглаж эхэлснээр дэлхийд олборлолтоороо тэргүүлж эхэлжээ. Үүний дараа МЭӨ I зуун хүртэл Карфаген, Испани энэ үнэт металлын олборлолтоор тэргүүлж байсан түүхийн эх сурвалж бий.
Олон улсын хооронд худалдаа арилжаа эрчимжиж, Монголын эзэнт гүрний үед өрнө дорныг холбосон торгоны зам ажиллаж эхлэхэд алт, нэн ялангуяа мөнгөн зоосыг арилжааны гол хэлбэр болон дэлхий даяар түгжээ.
Хамгийн том цул мөнгийг Германы Шнеебергийн уурхайгаас 1477 онд олсон бөгөөд даруй 20 тонн жинтэй байсан гэдэг.
Цахилгаан, дулаан дамжуулах чадвартай, хайлуулахад амар энэ металл орчин үеийн электроникийн аж үйлдвэрт хамгийн их эрэлттэйгээс гадна аж үйлдвэрийн альч салбарт их бага хэмжээгээр ашиглагддаг байна. Сүүлийн үед орчин үеийн анагаах ухаанд ч мөнгийг хэрэглэх нь эрс нэмэгджээ.
Дэлхийн мөнгөний нөөцийг нийтдээ 570 мянган тонн гэж тооцдог бөгөөд энэ нь ойрын 22 жилд л хүрэлцээтэй гэх. Дэлхийн мөнгөний нөөцийн 23 хувь нь Перу улсад ногддог бөгөөд энэ металлын нөөцөөр Чили (14 хувь), Австрали (13 хувь), Польш(12 хувь), Хятад ( 8 хувь), Мексик (7 хувь), АНУ(5 хувь) удаалдаг байна.
Мөнгөний эрэлт хэрэгцээ жилээс жилд өсч, нөөц нь тэр хэмжээгээр багасах болсон тул үнэ нь тогтмол өсч байгаа ажээ. Одоогоор дэлхий даяар жил тутам 25 гаруй мянган тонн мөнгө олборлодог. Олборлолтын хэмжээгээр Мексик тэргүүлдэг бөгөөд тус улсын мөнгөний уурхайнууд 4500 тонн мөнгө буюу дэлхийн нийт олборлолтын 20 шахам хувийг дангаараа хангажээ.Харин энэ металлыг олборлогч хамгийн том компанид Мексикийн “INDUSTRIAS PENOLES” болон дэлхийн уул уурхайн мангас “BHP” хоёр ордог байна. Эл хоёр компани дэлхийн нийт олборлолтын 20 шахам хувийг хангадаг ажээ.
Манай орны хувьд эрдэнэс баялгийн сандаа 2200 тонн мөнгөний нөөцтэй гэдэг. Гэхдээ нарийвчилсан судалгаа хийвэл уг нөөц 6000 тоннд хүрэх боломжтой гэж үздэг юм билээ. Манай оронд Асгат, Мөнгөн өндөр, Хар толгойн мөнгөний томоохон орд газрууд бий. Баян-Өлгийн аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын орд нэг хүдэрт агуулагдах мөнгөний гарц өндөрт тооцогддог ч уулын алслагдсан газар байрладаг тул олборлолт явуулахад бэрхшээл ихтэй юм. Ингээд, мөнгөний олборлолтоор дэлхийд тэргүүлдэг ТОП-5 орныг жагсаалаа.
1.Мексик-4500 тонн
2.Перу-4000 тонн
3.Хятад-3950 тонн
4.Австрали-1900 тонн
5.Чили-1400 тонн