Ж.ЦОГЗОЛМАА

Өнөөдрийн байдлаар манай улсад хайгуулын тусгай зөвшөөрөл 4000 гаруй олгожээ. Зөвхөн 2008 онд гэхэд геологийн ажлын зардалд 168,8 тэрбум төгрөг компаниуд зарсан бол 2009 онд тэдний өгсөн төлөвлөгөөнд 503 тэрбум төгрөг зарцуу­ла­хаар байсан тооцоо бий. Гэтэл өнөөдөр ч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй хэрнээ олборлолт хийж буй компаниудын асуудал хариултаа нэхсэн хэвээр байна. Бүр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй хэрнээ олборлолт хийж, ашигт малтмал экспор­толсон тохиолдол гарсан. Өмнөговь аймаг хайгуул хийж байсан компани ийм зөрчил гаргах нь элбэг байдаг аж. Гэтэл тэдгээрт хэрхэн хариуцлага хүлээл­гэдэг вэ гэдэг нь тэр бүр тодорхой байдаггүй. Учир нь ашигт малтмал хариуц­сан газар нь хөдөө явдаг машин тэрэг цөөн, гэтэл 5000 тусгай зөвшөөрлийн 4000 гаруй нь хайгуулынх. 1000 гаруй ашиглалтын ли­цензийн 250 гаруй уурхай ажиллаж байна. Тэгэхээр тэр бүх уурхай, тусгай лицензүүдтэй та­нил­цахад төрийн алба хү­рэл­цэж байна уу гэвэл эргэл­зээтэй. Уурхайн ажил 5-11 дүгээр сарын хооронд үр­гэл­жилдэг боло­хоор ху­гацаа, хөрөнгө мөн­гөний хомсдолоос бо­лоод хангалттай шалгалт хийж чадахгүй байгаа нь хэний ч өмнө тодхон байна.

 

ЛИЦЕНЗҮҮД ЮУ БОЛОВ?

 

Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэдэг бас нэг ойлголт байна. Үүний нарийн цаад учрыг тэр бүр тодорхой гаргаад тайл­барласан нь уул уурхайн салбарт бас үгүй. Учир нь энэ тухайгаа компа­ниуд эрхээ шилжүүлж байгаа гэж тайлбарлаад байдаг. Тэгээд ч лицензийг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болно гэж хуульд заачихсан болохоор тэр бүхнийг илрүүлэх боломж байдаггүйг салбарынхан нь хэлдэг. Ашиглалтын 1000 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон нь Монгол Улсад 1000 уурхай ажиллаж байна л гэсэн үг.  Уг нь энэ тоогоор бол бид хэдийнэ бүгдээрээ орон сууцтай, унах унаатай, цалингаараа ядах юмгүй амьдардаг баймаар. Яг л Катар шиг. Иргэд нь ажил хийхгүй ч уул уурхайн баялгийнхаа тэгш хуваарилалтын дор эдийн засгийн эрх чөлөөгөөр хангагдаж буй жишээ бий. Гэтэл Монгол Улсад өнөөх 1000 уурхайн зөвхөн 300 хүрэхтэй үгүй нь ажиллаж байна гэсэн тооцоо байэа. Нөөц нь тодорхой бус 280 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал ч өнгөрсөн 2009 онд яриг­даад Оюутолгой, Таван­толгойн дуулиан дунд таг чиг болоод байгаа. Түүнч­лэн 1086 ашиглалтын тусгай зөвшөөрлийн 918 нь нөөцтэй, үлдсэн нь нөөцгүй гэж бас тогтоогдсон. Гэтэл нөөцтэй гэж тогтоогдсон талбайн зөвхөн 366-д нь ашиглалт хийж байна. Хуулийн дагуу ашиг­лалтын өмнөх гэрээ гэдэг нь зөвхөн уурхай байгуулах ажил үлдсэнийг л хэлж байгаа юм. Гэтэл нөөцөө батлуулаагүй, тэр бүү хэл хайгуул хийгээгүй аж ахуйбн нэгжүүдтэй ашиглалтын өмнөх гэрээ байгуулчихсан тохиолдол ч бий. Тэдгээрийг шал­гасны үндсэн дээр  өнгөрсөн хугацаанд 88 лицензийг хүчингүй болгосон билээ. Учир нь 2006-2007 онд ашиг­лалтын өмнөх гэрээг нэлээд олноор байгуулсан аж. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь эдгээр гэрээг яагаад хийсэн, үүний цаана юу байгааг бас л өнөөх дуулиан дунд монголчууд мартчихжээ.