Ж.ЦОГЗОЛМАА

“Чалко” “Рио тинто”-гийн 19,5 тэрбум ам.долларын гэрээ дуу­лиан тарьсан 2009 оныг уншигчид мартаагүй байх. Тэдний олборлолтыг Австралийн сөрөг хүчин хүчтэй эсэргүүцэж, хууль тогтоогчид нь хөрөнгө оруу­лалтын хуулиа дахин хэлэлцэхэд хүргэж байсан билээ. Олон нийтийн хараа хяналтыг үлэмж сайжруулж, үндэсний эрх ашгийг дээдлэх учиртайг сануулсан нь энэ бүхний шалтгаан байлаа.

Харин монголчуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалт гэж юусан билээ. Ард түмний зөвшөөрлөөр асуудлаа шийдэх уриатай шинэ Засгийн газар маань зорилгоо биелүүлж чадаж байгаа болов уу. Гадаад хүн гэхээр ам.доллар шиг харагддаг байсан үе саяхан. Банкны эзэн эс­вэл пүүсийн захирал гэж эндүү ойлгож, гадаадын хөрөнгө оруулалт гэхээр баахан хөөрцөглөдөг байсан нь тэр. Орчин цагийн даяарсан эдийн засаг тив алгассан мөнгөн урсгалын  эх ундаргыг тодруулж бодит байдлыг монголчууд шилний цаанаас харахаа больж байна.

 

ГАДААДААС ХАМААРАЛТАЙ БАЙХ СОНИРХОЛ

 

Ардчилалтай золгос­ноос хойш зах зээлийн эдийн засагт шилжсэн монголчуудад тогтвортой хөгжил хэмээх хоёр үг бас л шинэ ойлголт. Угтаа хөрөнгө оруулалт оновчтой байж гэмээнэ тогтвортой хөгжил ч бүрэн утгаараа хангагдах учиртай юм. Яг л бизнесийн эргэлтийн мөнгө байнга урсан орж ирж чадвал данс нь улай­чихалгүй ашгийн эрэлд гарч болохтой адил. Монгол дахь үйлдвэр­лэгчдийн дийлэнхийг аж­вал арай ядан хөл дээрээ тогтож байгаа. Яагаад гэхээр бизнесийг дэмж­сэн хууль тогтоомж, төрийн бодлого гэхээр олигтой зүйлгүй, татварын дээрэнгүй бодлоготой, харин га­даадын хөрөнгө оруулалт бараг тэр чигтээ уул уур­хайд урсчихдаг. Манай­хаас гаргадаг цөөхөн нэр төрлийн экспортын 80 хувийг нүүрс бүрдүүлдэг, тэр нь төсвийнхөө амин зуулга болдог. Өнгөр­сөн хэдхэн хоногт Хятадын хил дээр манай нүүрс хэрхэн “хог” болж байгаагаас ганц “морьтой” эдийн засгийн гамшгийг харж болно. Монголын ашиг сонирхол Орос, Хятадынхаас давж боло­хооргүй гинжин хэлхээ бий болчихсон бо­ло­хоор төмөр замын бод­лого нь хөгөө чирж, үн­дэсний бүтээн байгуулалт гэгддэг алдарт “Энержи ресурс” хүртэл алдагдалд “хүлэг­дээд” байна. Оро­сууд шата­хууны үнээр дарам­талж, Бээжин нүүрсний үнээр “шог­лоод” ирэхээр л Монгол ийнхүү хөсөр хаягдаж байгаа юм. Гадаад ертөн­цөөс ийнхүү хэ­тэрхий хамааралтай байх эрх ашиг үндэсний аюулгүй байдлаас дээр тавигдаж байгаад л хамаг учир бий. Аль ч пар­ла­ментын үед энэ тухай ярьдаг, бичдэг байсаар ирсэн. Гэхдээ өөрчлөлт ирээгүй. Ингэ­хээр яах аргагүй үндэсний үйлд­вэрлэл маань даргын илтгэлд үлдээд, Монгол гадаад эздийн харцаар хөдлөхөд хүрээд байна.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОЁР ТУЙЛ

 

Ашигт малтмалын хуулийг өөрчлөх тухай яриа “сэдрэхээр” л га­даадын хөрөнгө оруу­лагчдын хаврын синд­ром хөдөл­чих­дөг. Монголоос нүүнэ, явна, дахиад эргэж ирэхгүй гэж ааштай эх­нэрийн дүрд тоглодог бо­лоод удаж байна. Өөрс­дийгөө чин­гэлэг дүүрэн мөнгө ачаад ирсэн юм шиг баашилна. “Энэ хөрөнгө оруулагч гээд байгаа хүмүүс чинь Монголын нэрийг барьж л мөнгө босгосон шүү дээ. Түүнээс биш ганц ам.доллар ав­чир­сан юм байхгүй” гэж Байгаль орчны иргэний зөвлөлийн ги­шүүн Ч.Мөнхбаяр хэл­сэн юм. Өнгөр­сөн рүү эргэж хар­вал, 2008 онд дөнгөж хоёр ам.дол­ларын ханштай бай­сан “Айвенхоу Майнз”-ийн хувьцааны ханш Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бай­гуулагдсаны дараа 16 ам.доллар болтлоо өссөн жишээ байна. Оюутолгойн “тархи”-ны үүрэг гүйцэтгэх болсон “Рио тинто”-д л гэхэд гэрээ батлагдахаас жилийн өмнө “Чалко” 20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруу­лалт хийсэн юм. Хөрөнгө оруулагчийн талаар ир­гэдийн байр суурь хоёр туйлд хуваагдчихаад бай­гаагийн цаад учир энд байна. Өнгөрсөн мягмар гаригт “Блүүмберг”-ийн мэдээг үзэж суутал “Монгол Улсын эдийн засаг 2019 он хүртэл эрчимтэй өснө, шалтгаан нь зөвхөн Оюутолгой” гэсэн утгатай мэдээ ур­саад өнгөрөв. Энэ мэссэж бол Оюутолгойн гэрээг өөрчлөх юм бол мон­голчууд хоосон хононо шүү гэснээс ялгаагүй сэ­рэмжлүүлэг болоод байна. Харин цаадуул нь өөрс­дийгөө Америк тивийг нээсэн Колумбтай зүйр­лэцгээж “бид л байгаагүй бол Монголыг хэн ч мэ­дэхгүй байсан” ухааны юм яриад сууж байна. Ийм л хоёр туйлд хүрээд байгаа болохоор Монгол дахь га­даадын хөрөнгө оруу­лалтын ашиг шим, үр дага­вар, хэтийн төлөв нь өөрөө асуултын тэмдэг болчихлоо.

 

ЦАГААН ХЭРМИЙГ ДАВСАН БОДЛОГО ХААНА БАЙНА?

 

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бод­логыг хянан үзэх” тайланд дурд­са­наар Монголыг хоёр салаа зам хүлээж бай­на. Нэг нь тогтвортой хөгжил, нөгөө нь баялгийн хараал. Эхний­хэд нь хүрэх хө­шүүрэг бол эдийн засгаа олон морьтой болгох зөв бодлого, да­раагийнхад нь “хальтарч” болох эсрдэл нь авлига, хээл хахууль. Өнөөдрийн байдлаар манай эдийн засагт Хятадын нөлөө хамгийн өндөр байгаа бөгөөд тэр нь нэг цул болоод зөвхөн уул уурхай тийш хандлагатай байгаа юм. “Үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарт га­даадын хөрөнгө оруулалт маш бага байна. Бодлогын төвшинд эрс шийдэмгий яаралтай арга хэмжээ авахгүй бол энэхүү тэнц­вэргүй байдал нь нэмэгдэх хандлагатай байна” гэж тус тайланд дурдсан байлаа. Тиймээс НҮБ-аас бидэнд гурван зөвлөмж хүргүүлсэн нь, бусад салбарыг гадаадынхны анхааралд хүргэх, газар зүйн төрөлжүүлэлт хийж гадаадынхныг тэдгээрт татан авчрах, хамгийн гол зүйл нь хөрөнгө оруулагчдыг тө­рөл­жүүлэх хэмээн он­цолсон байх юм. Өөрөөр хэлбэл, Цагаан хэрмийн цаана гарч сэтгэхийг тэд бидэнд сануулаад байна.

Уул уурхайн эх орон гэгддэг Австрали улс нийт­лэлийн эхэнд дурд­санаар ч тэр томоохон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бүртээ хөрөнгө оруулалтын хуулиа эргэн хардаг жишигтэй. Үн­дэсний эрх ашиг хэмээх гурван үгэнд эдийн засгийн төрөлжилт, баялгийн хараалын “вак­цин” агуулагддагаас ийн ханддаг байж мэдэх. Ха­рин манай улсын хувьд хөрөнгө оруулалтын стра­теги гэхээр барьцтай бод­лого одоо хэр нь үгүй бай­гааг НҮБ-ын эл судал­гаанд тэмдэглэсэн байна лээ. Тэгэхээр Цагаан хэрмээс цаадахыг харахгүй л бол шинэ ертөнц Монголыг таван ханатад амьдарч, мориор ажилдаа явдаг гэсэн “тасарсан” ойлгол­тоосоо салахгүй нь. Эцэст нь монгол хүн цалингаараа амьдарч, хүссэн бизнесээ эрхлэх эдийн засгийн эрх чөлөө сэдвийн гадна үлдэх гээд байна.