Э.ӨНӨР

Барилгынхан салбарын сайдтайгаа зөвлөлдлөө. Тэд барилгын материалын үйлдвэрийн хөгжил, орон сууцны үнэ, чанар, стандартын талаар ярилцсан юм. Энэ үеэр компанийн удирдлагуудаас орон сууцны үнэ буурах боломж хэр байгааг тодрууллаа.

 

“Дэлгэр констракшн” компанийн захирал Т.Норов:

АМ МЕТРИЙН ҮНЭ 200-300 МЯНГААР БУУРАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

 

-Өнөөдрийн зөвлөгөөнөөс үнэд таатай нөхцөл бүрдэх бололцоог харж байна. Гэхдээ төрийн ажил хэлсэн шиг хэрэгж­дэггүй тохиолдол бий. Төр хэлж байгаа шиг ажиллаж чадвал үнэд нөлөөлнө гэдгийг хэлье. Дотооддоо материалаа үйлдвэрлээд импортын үнэтэй барааг халж, барилгын дэд бүтэц, газрыг төрөөс дэмжээд явбал ам метрийн үнэ 200-300 мянгаар буурах боломж харагдаж байна. Иргэдэд урт хугацааны зээлээр орон сууц өгөх тухай ярьж байна. Гэхдээ хүмүүс 100 мянган айлын орон сууц хөтөлбөр шиг болчих вий гэхээс эмээж байна. Моргейжийн зээлийн хувьд хамтарч ажиллах сонирхолтой компани цөөнгүй байгаа. 

 

 “Дөрвөн очирт” компанийн захирал Б.Гантөмөр:

ГАЗРЫН АСУУДАЛ ХҮНД БАЙНА.

 

-Гол нь төр цаасан дээрх хөтөлбөрийг хөрсөнд нь булгавал ам метрийн үнэ доошлох боломж бий. Хямд барилгын материал нийлүүлж, газар, сан­хүүгийн хувьд дэмжвэл бид бүтээгдэхүүнээ өсгөөд байх шаардлага алга. Орон сууцны үнэд төрийн хэ­рэг­жүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөрүүд нөлөөлнө гэдэгт барилгын салбарын удирдлагууд санал нийлж байгаа. Зах зээлийн зарчмаар үнэ өөрчлөгдөх үзэгдэл байх л биз. Шу­дарга өрсөлдөөн хэрэг­лэгчийн төлөө газраас ам метрийг нэг сая төгрөгт хүргэх боломжтой гэсэн мэдэгдэл хийсэн. Үүнээс ч хямдрах гарц байгаа ч юм бил үү. Гол нь төр, компанийн уялдаа холбоо, төрийн төсөл хө­төл­бөрөө зөв хэрэжүү­лэхээс үнэ хэрхэх нь шалт­гаална. Барилгын салбарт сүүлийн хоёр жилд гарсан шиг огцом үнийн өсөлт бо­лохгүй.

 

 Хувийн орон сууцны хөгжлийн төвийн захирал Ж.Дэлгэрмэнд:

ТӨРИЙН ЗӨВ ЧИГЛЭЛ ХЭРЭГТЭЙ

Манай төв барилгын компаниудыг төрийн бодлоготой холбож өгдөг. Өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байгаа асууд­лаас орон сууцны үнэ буурах гарц байгааг харж байна. Төр зөв чиг­лүүлбэл орон сууцны үнэ буурна гэдэгт манай гишүүн компаниуд санал нэг байгаа. Гол нь шинээр барилгын материалын үйлдвэрүүд хэзээ үүдээ нээх нь тодорхойгүй байна. Ажиллаж байгаа үйлдвэрүүдийг дэмжих санхүүгийн асуудлыг шийдсэн нь энэ хаврын бүтээн байгуулалтад нөлөөлөх байх.    

 

”Улаан шороон гол” компанийн гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг:

БИТГИЙ УЛСТӨРЖҮҮЛЭЭРЭЙ

 

Манай улс төрчид орон сууцны асуудлыг шийдэж, ажил болгохоос илүү шоудах нь их болсон. Ойрын жишээ гэхэд 100 мянган айлын орон сууц хөтөлбөр байна. Зах зээлийн нөхцөлд ямар ч боломжгүй зүйлийг сон­гуулиар амалсан шүү дээ. Дараа нь тэд боломжгүй зүйл амалснаа хүлээн зөв­шөөрсөн шүү дээ. Улс­төрчид иргэдийн орон сууцтай болох хүсэлд тул­гуурлаад судалгаагүй тоог дураараа хэлсэн. Тэгэхээр энд ярьж байгаа орон сууцны үнийг зохицуулах төрийн бодлого, хөтөл­бөрүүд улстөрийн шоу битгий байгаасай гэж хүсч байна. Дархан-Уул аймгийн сумдад гэхэд 1-2 өрөө байр 30-40 сая төгрөгийн үнэтэй байна. Хоёр жилийн өмнө тэнд хоёр өрөө байр таван сая төгрөг байсан.   

Барилгын компанийн эзэд төрийн ажил цаас­наас бидний амьдралд хэрэгжвэл орон сууцны үнэ дахин өсөхгүй, буурах ч боломж байгааг он­цоллоо. Цемент дуусахад очоод авчихдаг дотоодын компантай, тоосго дутахад олон хоногоор хүлээлгэ­дэггүй үндэсний үйлд­вэртэй болчихвол хүн бүр байртай болох боломж ойрхон байгааг тэд хэллээ.