Ж.ЦОГЗОЛМАА
Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн зохицуулагч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.
-“Энтри гоулд”-ийн гэрээний талаар ярилцлагаа эхэлмээр байна. Оюутолгойтой холбогдож буй энэ компанийн цаана чухам хэн байна вэ?
-”Энтри гоулд”-ийн гэрээ бол бүрэн нууцлагдмал. Эхэндээ “Айвенхоу Майнз”-ийн охин компани гэж байтал биш “Айвенхоу”-гийн халхавч маягаар Оюутолгойд ажиллаад байх юм. Хамгийн ноцтой нь Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас 21 хоногийн дараа сэм гэрээ байгуулсан явдал. Оюутолгойг хуваах ёсгүй байхад хуваагаад, 20-30 хувийг нь “Энтри”-д эзэмшүүлсэн. Ингэхдээ Оюутолгойн хэсэг талбай болон талбайд байгаа нөөцийг эзэмшиж байгаа гэсэн томъёолол гаргаж ирсэн. Монголын төр Оюутолгойг 100 хувь өмчилдөг гэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд ашигт малтмал ард түмний мэдэлд байна, төр хамгаална гэж, Ашигт малтмалын хуульд төрийн өмч байна гээд заачихсан. Гэвч төр тийнхүү өмчилж байгаа байдал байдаггүй. “Рио тинто” болон “Айвенхоу Майнз”, энэ хоёр компани Оюутолгойг ашиглаж байна гэж яриад байна. Далдуур бас “Рио тинто”-гийн хувьцааг эзэмшдэг Хятадын “Чалко” ашиглаж байна гэсэн үг шүү дээ.
-Тэгэхээр тэр талбайн хувьд нэг нь ашигладаг, нөгөө нь эзэмшдэг гэж томъёолсон юм байна. Энэ нь ойлгомжгүй байдал үүсгээд байна уу?
-Ингэж толгой эргүүлээд “Энтри гоулд”-ийг Оюутолгойгоос 20-30 хувийн ашгийг нь авч байх нөхцлийг бүрдүүлсэн. Энэ асуудлыг манай Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч мэддэггүй. “Айвенхоу”, “Энтри”-гийн талбайн нөөцөөс олборлосны ашгийг бараг бүгдийг нь авах юм шиг байгаа юм. Ингэхээр, “Айвенхоу” Оюутолгойгоос олох ашгийн хувиа гэрээнд зааснаас илүү болгож нэмэгдүүлэхийн тулд, ордыг хувааж, 20-30 хувь болох талбайг “Энтри”-гийн мэдэлд нууцаар шилжүүлсэн гэх ойлголт төрж байна. Өөрөөр хэлбэл, бид Оюутолгойн ордынхоо 24-27 хувийг нь л эзэмшиж байгаа болж таарч байна.
Салбар хариуцсан сайд Д.Ганхуяг “Энтри гоулд”-ийн асуудлыг өмнөх Засгийн газар хариуцаж ийм зүйл хийсэн. Тиймээс хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэж хэлж байна.
-Хуулийн хүрээнд шийднэ гэдгийг юу гэж ойлгох вэ. Та үүнийг юу гэж харж байна?
-Хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэвэл, Оюутолгойг хуваахгүй болгох байх. Тэгэхээр “Энтри гоулд”-ын Оюутолгой дахь үйл ажиллагааг хууль бус гэж үзээд, эзэмшиж байгаа талбайг нь болиулж цуцална гэж ойлгож байна. Энэ компани эзэмших эрхээ хулгайлаагүй, харин манай Засгийн газраас албан ёсоор авсан шүү дээ. Тэгэхээр энэ нь асуудал үүсгэх нь дамжиггүй. Гадаадын компаниуд манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн жишээнүүд олон байна. Гэтэл манайхан чадваргүй байдаг юм уу, эсвэл үнэхээр шийдвэрлүүлэхийг хүсдэггүй юм уу, өнөөх шүүх дээрээ очихоороо тал бүрээр гологдоод бараг л хөөгдөөд ирдэг.
-Хуулиар ингэж зохицуулалт хийж, “Энтри”-гээс Оюутолгойн талбайг буцааж авах боломжтой юм уу?
-Ингэж “Энтри гоулд” орж ирэх боломж уг нь байхгүй. Гэрээ хийхдээ Оюутолгойн бүлэг орд гэж юуг үзэж байна, төсөлд оролцогч талууд гэж хэнийг хэлж байна, эдгээрийг л хамруулна. Өөрөөр хэлбэл, “Рио тинто”, “Айвенхоу Майнз” л энэ асуудалд оролцохоос биш, “Энтри гоулд” орж ирэх ёсгүй. Ийм байтал өөр талаас мушгиад ороод ирчихсэн байна л даа.
-Ер нь “Энтри гоулд”-ийн гэрээ хэнээр дамжиж батлагдчихав. Танд нэрлэх хүн хэн байна?
-Өмнөх Засгийн газрын салбарын сайд байсан Д.Зоригт болов уу. Тэр Канадад улс төрийн орогнол хүсээд, оршин суух эрх авсан гэж яригдаж байгаа. Бас С.Баяр байна. Тэр төрийн албан хаагч байсан хэрнээ АНУ-д тансаг сууцуудтай болсон гэж байгаа. Тэгэхээр С.Баяр авлига авсан байх магадлалтай л байгаа биз дээ. “Энтри гоулд”-ийн гэрээг хамгийн гол шийдсэн хүн нь тэд, тиймээс хариуцлага хүлээх ёстой.
-С.Баяр сонинд нүүр дүүрэн ярилцлага өгөөд, би Оюутолгойн гэрээг батлуулсан, миний гавьяа ухааны юм яриад яваад байна шүү дээ?
-Үүгээрээ харин ч өөрийнхөө хариуцлага хүлээх ёстой гэдгээ батлаад байгаа юм биш үү. Би Оюутолгойн гэрээг батлуулсан гэдэг чинь л хамгийн гол мессеж биз дээ. Үүгээрээ “Хамгийн түрүүнд би хариуцлага хүлээх ёстой” гэж хэлээд байна.
-”Энтри гоулд”-ийн алдааг давтахгүйн тулд хуульдаа ямар өөрчлөлт оруулах ёстой юм бэ?
-Ордыг хуваах, хууль, гэрээг мушгин гуйвуулах боломжийг үгүй хийх шаардлагатай. Ойлгомжгүй зүйлийг нь бүгдийг хасах ёстой. Дээрээс нь техникийн журмуудыг хасах ёстой. Бараг л экскаватор яаж ашиглах вэ гэдэг тухайг хуульдаа оруулчихдаг. Тэгэхээр өнөөх хууль нь айхтар том болгочихдог, тэр дундаа гол нууц юмаа сэм шургуулчихна. УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүд нь залхаад, сүүлдээ намын томчууд нь ч шахамдуулаад батлуулчихдаг. Тэгээд л сүүлдээ ингэж зөрчил гараад байдаг. Олон нийтийн хяналтыг тусгаж өгөх хэрэгтэй. Иргэдээс баялгаа хэрхэн ашиглахад хэлэлцүүлэг явуулж, иргэдээсээ асууна гэснээ ч хуульдаа тусгах ёстой. Ард түмэн эзэн нь гэдгийг сайн тусгах хэрэгтэй.
-Тэгвэл “Энтри гоулд”-оос Оюутолгойн хэсгийг буцааж авъя гээд Арбитрын шүүхэд хандаж болдоггүй юм уу?
-Болно. Олон улсын маргаантай асуудал юм чинь бид ч олон улсын Арбитрын шүүхэд, мөн Монгол Улсын шүүхэд, Үндсэн хуулийн цэцэд, Авлигатай тэмцэх газарт ч хандаж болохоор байна. “Айвенхоу Майнз” ч хэргийн гол эзэн байж болно. Цаад тал буруутай нь нотлогдох юм бол бидэнд алдах юм байхгүй, харин хожно. Харин төр дийлэх хүсэлгүй, эсвэл чадваргүй хүн явуулаад ялагдчихвал эрсдэлтэй. Паушокийн асуудал дээр манайхаас ямар ч чадваргүй хүмүүс очсон. Арын хаалгаар ч гэдэг юм уу, зугаалах гэсэн ч юм уу, дээрээс нь хэл мэдэхгүй хүмүүс очсон. Наашаа цаашаа орчуулсаар байтал арбитрийн ажил явцгүйдээд манайх хүнээ татаж байсан шүү дээ.
-Сүүлийн үед оффшор компаниудын тухай яригдаж байна. “Рио Тинто” болоод “Айвенхоу Майнз” бусад олон компани Монголд үйл ажиллагаа явуулаад гадаадад мөнгө хадгалж байхыг олон хүн үгүйсгэхгүй байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Монголд байгаа гадаадын компаниуд орлого ашгаа нууцлан, гадаадад байдаг оффшор компаниудад мөнгөө нуудаг байхыг үгүйсгэхгүй. Монголд ямар ч ашиг олохгүй шахам байгаа зүйлийг гадаадын хөрөнгө оруулагчид ч, манай дарга нар ч мэдэгддэг. Тэгэхээр ашиг хаачихав. Гадаад дахь оффшор компаниудад нууж, мөнгө угааж бололгүй яахав. Оффшор компаниуд бүх муу муухай, хууль бус зүйлийг хэрэгжүүлж байдаг. Бичил улсуудад их төлөв байна. Тэдгээр бичил улсуудын амь зогоох арга нь оффшор компаниудаас татвар эс аван тэдэнд үйлчилж хэдэн зоос олох, эсвэл өчүүхэн бага татвар авах явдал байдаг. Нэг жижигхэн арал, арал дээр нь нэг том хад л байж байдаг улсынхан өөр яаж амьдрах юм. Тийм улсуудад бүртгэлтэй компаниудтай хамтран ажиллахаас хэвийн улсууд зайлсхийдэг. Манайд бол үй түмээрээ ороод ирсэн. Түүнээс гадна, дэлхийн хамгийн баян Монгол Улс бүхлээрээ тэр бичил, ядуу улсууд шиг оффшор бүс болчихсон шүү дээ.