Ж.ЦОГЗОЛМАА
Загварын диваажин Италид ноолуурын эрэлт хэрэгцээг тодорхойлов. Ингэхдээ алдарт загвар зохион бүтээгч Б.Кучинеллигийн хэлснээр энэ төрлийн хувцасны худалдаа 15 хувиар өсч, 279 сая евро буюу 364 сая “ногоон”-д хүрэх гэнэ. Азийн шинэ баячуудын сонирхолд хөгшин тивийн хямрал нөлөөлөхөөргүй байгаа учир ноолууран бүтээгдэхүүний худалдаа уруудахгүй хэмээн тэрээр хэллээ.
Гадаадынхны хэлдгээр зөөлөн алт хэмээх энэ түүхий эдийн баялаг эх ундарга нь Монгол. Парламент нь ямаа бүрт хаягласан мөнгө тараасан болохоор ВВС агентлаг “Ямаанаас ямаанд” гэсэн нийтлэл ч бичсэн харагдана лээ. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд жижигхэн улс маань Бээжингийн бэлтгэлийн бааз болоод байсан юм. Олон засгийг царайчилж хэрэгжилтээ хүлээсэн хөдөө аж ахуйн бирж саяхнаас үүдээ нээж, манайхан ч дээр дооргүй баяртай байгаа. Урд хөршийн “урт гартнууд”-аас зах зээлээ хамгаалах хана хэрэм ийн бослоо хэмээн зарим хүн дүгнэж байгаа. Нью-Йоркийн барааны биржид тариа будаанаас авахуулаад мал, амьтныг дуудлага худалдаагаар ганц цагийн дотор бодит үнийг худалдагч, худалдан авагчийн саналаар шударгаар тогтоох дуу шуугиант орчин тэнд бүрэлдэх юм. Дамын наймаачдын хувьд дардан зам төгсгөл болох нэг шалтгаан нь бас энэ. Үндэсний үйлдвэрлэгчид болоод малчид маань хөдөө аж ахуйн биржид ам сайтай байгаа нь үүнтэй холбоотой. Мэдээллээс хоцрогддог гэж баалуулдаг хөдөөгийнхөн одоо биржийн арилжаанд шууд оролцож, нийслэлчүүдээс дутахааргүй арилжааны системд хөл тавьж байна.
2010 оны өдийд нэг кг ноолуур 40 мянган төгрөгөөс эхэлж байсантай харьцуулахад хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар энэ ханш 70 мянга шахаад байна. Санасныг бодоход ахиу үнээс эхэлж байгаа нь олзуурхууштай ч сорилт хэвээр байгааг зах зээл харуулж байна. Ноолуур самнах үе эхлэх болохоор л хятадууд янз бүрийн мэдээлэл тараадаг жишиг хэзээнээсээ Монголд тогтчихсон. Элдэв явган яриа үндэсний үйлдвэрлэгчдэд бус харин урд хөршийн ченжүүдэд ноолуураа худалдах гарц болох тохиолдол олон гэдгийг Төв аймгийн малчин О.Өлзийт хэлсэн юм.
2008 оны хар зургадугаар сарыг уншигчид мартаагүй. Тухайн үед кг ноолуурын үнэ юун 67 мянга битгий хэл 10-20 мянган төгрөгөөр ганц сарын дотор унаж, сүүлдээ 20-25 мянган төгрөгөөр арилжигдсан юм. Хятад худалдаачид үндэсний үйлдвэрлэгчдээс өндөр үнэ хэлдэг болохоор малчид тэдэнд битүүхэндээ найдаж өнөөх далд эдийн засаг гээчийг цогцоор нь “хөгжүүлсэн”. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан гэж байгуулж тухайн үед малчдын ноолуурыг үндэсний компаниудын 30-32 мянган төгрөгөөр худалдан авч байсан удаатай. Манай улсад ноолуурын боловсруулалтын 50 гаруй үйлдвэр байдгаас 18 нь ээрмэлийнх, үлдсэн нь угаах чиглэлээр ажилладаг байна. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн үйлдвэрийн бодлого, алхам хэрэгтэй байгааг бизнесийнхэн хэлдэг юм.
Хятадууд шинэ автомашины шилдэг брэнд гаргахаар төлөвлөж байна гэнэ. Төмөр хөлгөөр хахаж ядсан дэлхийд дугуйг шинээр бүтээхгүйгээс хойш ийм санаа ямар хэрэгтэйг лавласан сэтгүүлчийн асуултад зохион бүтээгч нь “Самсунг-ийн Галакси ганц жилийн дотор гар утасны зах зээлийг эзэлчихлээ. Үүнээс ялгаагүй, бид ч тэднээс дутахгүй” гэж хариулсан гэдэг. Үүн шиг л ноолуурын салбарт цахиур хагалах боломж уг нь монголчуудад бий л дээ. Итали, Шотланд, Австри, Хонгконг, Сингапур гээд энэ “зөөлөн алт”-ны голлох зах зээлд шилмэл тоглогчийн байрнаас оролцоход дутах юм юу байхав. Гэлээ гээд ямаагаа самнаад, самнасан ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй бол мянга яриад бүтэх биш. Харин ч хятад ченжүүдийн аманд ороод үнэ бууруулах зөөлөн “чихэр” болчихдог тал бий. Үүнийг баталж “2010 оны тавдугаар сард ноолуурын ханш ихээр өссөн. Кг ноолуурын ханш дунджаар 280-320 юань буюу 41 ам.долларын ханштай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 80-100 юаниар нэмэгдсэн үзүүлэлт юм” гэж Ордос хот дахь Газар тариалан, мал аж ахуйн товчооны мэргэжилтэн Qu Qingming хэлсэн нь бий.
Хэдийгээр бирж ажиллаад эхэлсэн ч гадаад, дотоодын ченжүүд сүүдэрт нуугдаад ээлжээ хүлээж байгаа. Тэд ноолуур угаах нэрээр аманд орсон үнээрээ худалдан авалт хийж хил гаргахгүй гэсэн газар бас алга. Зөв бодлого хэрэгжүүлээд хамгаалж чадвал монгол ноолуур “амь” орж, ашиг шимээ өгөх учиртайг албаны хүмүүс онцолсон. ГЕГ-аас ч биржээр арилжаалаагүй л бол хил давуулахгүй байхаар шийдсэн нь энэ боломжийг олгоно хэмээн олон хүн найдаж байна.
Хөдөө аж ахуйн бирж байгуулаад бүх ажил дуусчихгүй. Боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээл дээр хүргэх их нүүдэл биднийг хүлээж байгаа. Хэдэн жилийн өмнөөс л яригдсан энэ төслийг хэрэгжүүлэхэд 30 тэрбум төгрөг уг нь хангалттай юм билээ. 2007 онд УИХ ямаанд тараасан мөнгөний дайтай хөрөнгө гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр нэг кг алт 53 мянган ам.доллар, нэг тонн зэс 7000 ам.доллар, нэг тонн цайр 195 мянган ам.доллар, нүүрс 150 ам.доллар байна. Гэтэл нэг тонн ноолуур 110 мянган ам.доллар байгаа. Өөрөөр хэлбэл, ноолуур зэснээс 13 дахин өндөр үнэтэй байна. Цайраас 564 дахин илүү үнэтэй. Харин төмрийн хүдрээс 932 дахин үнэтэй. Дэлхий дээр Өвөрмонгол болон манайх гэсэн хоёрхон улсад ноолуур бий. Тиймээс хятадууд автомашины шинэ брэнд бий болгох бол бид ноолуурын шилмэл бүтээгдэхүүнүүдийг “амилуулж” яагаад болохгүй гэж.