Э.СОЛОНГО
Өнгө өнгийн ажлын хувцсаар жигдэрсэн газар газрын хүмүүс төв талбайд цугларлаа. Тэд сургуулиа төгсөөд ажлын байртай болсноо тэмдэглэж байгаа нь энэ. Таван сар суралцаад л талхныхаа захад хүрлээ хэмээн тэд хөөрцөглөнө. Мэргэжлийн үнэмлэхээ өвөртлөөд очиход “Манай ажилтан” гээд тосоод авах ажил олгогч бэлэн гэнэ. Тэдний 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт очих аж. Энэ салбарт хуваарилагдсан нь “Их мөнгөтэй, гадаадын том компанид ажиллана. Дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрүүдээс өндөр цалинтай гэсэн” хэмээн баярхана. “Ажилтай, орлоготой монгол иргэд”-ийн олонхи нь өндөр цалинтай, том компани руу чиглэж байгаа нь олзуурхууштай. Гэхдээ энэ салбараас дайжиж байгаа гадны хөрөнгө оруулагчид тэдний энэ баярхалд хэр нөлөөлөх бол. Манай улс уул уурхайн салбартаа зуу зуугаар нь ажилчин бэлтгээд байдаг. Гэтэл олон улсын зах зээлд голлон тоглогч нүүрснийх нь үнэ унасаар байна.
Монголын уул уурхай руу чиглэх мөнгөний урсгал татарч байгаа. Энэ бүхэн уул уурхайн салбарт бэлтгэгдэж буй боловсон хүчинд яаж мэдрэгдэх бол гэдэг нь бас сонин. Хөрөнгө оруулалт буурч, гол бүтээгдэхүүнийх нь үнэ унаснаар ажилчдынх нь авдаг хэдэд хэрхэн харшлах бол. Тэр цагт Хөдөлмөрийн яам “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т 10 гаруй тэрбум төгрөгийг хэр онож зарцуулсандаа дүгнэлт хийж таарах нь. Уг хөтөлбөрийн эхний ээлжийн 4800 гаруй суралцагч онолын хичээлээ дуусаад дадлагад гарахад бэлэн болжээ. Мэргэжилтэй ажилтнуудын эхний ээлжийн төгсөлт, хоёрдугаар ээлжийн хичээлийн нээлтийг Хөдөлмөрийн яамнаас зохион байгууллаа. Хот, хөдөөгийн 50 гаруй Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа бүх суралцагчид өнгөрсөн баасан гаригт нийслэлд чуулсан юм. Тэд үндэсний томоохон үйлдвэр, компанийн ажлын байр, технологи, цалингийн байдалтай танилцлаа. Мөн тэд “Буянт-Ухаа” цогцолборт цуглаж Ерөнхий сайд болон Хөдөлмөрийн сайдад сурсан мэдсэнээ хуваалцсан юм. Энэ үеэр төрийн түшээд Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд нэлээд анхаарч байгаа. Монгол орны бүтээн байгуулалтын гол хүч нь монгол хүн өөрөө байх болно. Үүнийг мэргэжилтэй ажилтан та бүхэн бүрдүүлнэ гэдгийг онцолсон юм. “Баялгийг бид бүтээнэ” уриатай мэргэжилтэй ажилчдын чуулганы үеэр тэдний байр суурийг сонслоо.
Төв аймгийн иргэн Д.Хүрэлсүх:
БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ ГЭДЭГТЭЭ ИТГЭДЭГ
-Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 7000 гаруй хүн ажилтай болох юм билээ. Би эхний 5000 төгсөгчийн нэг. Ах нь 52 насандаа гагнуурын чиглэлээр сурч байна. Төгсөөд аймагтаа ажиллахаар “Өндөрлөг” компанитай гэрээ байгуулсан. Дараагийн сургалтад 2000 гаруй хүнийг элсүүлэх юм билээ. Бид таван сарын хугацаанд мэргэжилтэй болж шууд ажлын байранд гарна. Манай ангид 18-58 насныхан суралцаж байгаа. 18 настай залуустай зэрэгцэн Монголд баялаг бий болгохоор суралцаж байгаа манай үеийнхэн үүнийг том завшаан гэж бодож байна. Ажилчны захиалга өгсөн үйлдвэр, компанийн байранд бид дадлагаа хийнэ. Монголын залуус нэг хэсэг Солонгос улс руу явах гэж дугаарладаг байсан бол одоо өөрийнхөө орны бүтээн байгуулалтад гар бие оролцохоор шамдаж байна. Бид мэргэжлээ эзэмших явцдаа цалин авч, нийгмийн даатгалаа төлсөн. Энэ жил 4000 гаруй суралцагч сард 190 мянга 400 төгрөгийн цалин авахаар болсныг Ерөнхий сайд дуулгалаа.
Өвөрхангай аймгийн иргэн Л.Гантөмөр:
“ОЮУТОЛГОЙ”-Н ЗАХИАЛГААР МАНАЙД 300 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭН СУРЧ БАЙНА
Өвөрхангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд “Оюутолгой” компани 200 гаруй мэргэжилтэй ажилтны захилга өгсөн. Тус компани тогооч, гагнуур, барилгын засал чимэглэл, цахилгаанчин зэрэг чиглэлээр ажилчны захилга өгсөн юм билээ. Би гагнуурчины ангийг сонгосон. Төгсөөд шууд Өмнөговь явна. Бид ажиллах газрынхаа цалингийн талаар тодорхой хэмжээний мэдээлэл авдаг. “Оюутолгой”-н цалин ажилчдын эзэмшсэн боловсрол, мэргэжлээс шалтгаалаад өөр өөр юм билээ. Манай ангид ажиллаж байгаад мэргэжилээ дээшлүүлэхээр ирсэн хүмүүс ч бий. Нийслэл болон бусад газраас ирсэн суралцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дотуур байранд байрладаг. Би энэ сургалтад хамрагдахдаа аймгийнхаа хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж орсон.
Хэнтий аймгийн иргэн Ц.Уранчимэг:
54 НАСАНДАА БАРИЛГЫН МЭРГЭЖИЛТЭН БОЛЛОО
-“Оч манлай” компанийн захиалгаар барилгын засал чимэглэлийн чиглэлээр сурч байна. Ихэнх газар 25-40 хүртэл насныхныг ажилд авна гээд насны ялгаа тогтоочихдог. Үүнээс болж бидний насныхан өөрийгөө ажлын ур чадваргүй гэж ойлгодог. Үнэндээ бид сурсан зүйлээ хийх чадвартай байдаг. Манай аймагт миний үеийн 20 гаруй хүн мэргэжилтэй ажилтан болохоор сурч байна. Миний хувьд барилгын салбарт ажиллаж байгаад хүнд нөхцөлд ажилласан гэдэг үндэслэлээр тэтгэвэр өндөр тогтоогдоно. Эгч нь өмнө нь хувиар хөдөлмөр эрхэлдэг байсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хагас жилийн хугацаанд 7000 гаруй хүн мэргэжил эзэмшиж, ажилтай ажилтай болох юм билээ.