Д.ОЮУНЧИМЭГ
Засгийн газар орон сууцны шинэ хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрт зааснаар зээлийн хүү 8-9 хувьтай, урт хугацаатай байх аж. Ингэснээр ам метрийн үнэ ч харьцангуй тогтворжино хэмээн тооцжээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.
-Орон сууцны ам.метрийн үнэ нэг сая төгрөгөөс хэтрэхгүй гэж Засгийн газар мэдэгдлээ. Та ямар дүгнэлт хийж байна вэ?
-Уг нь орон сууцны үнийг хямд байлгах бололцоо бий. Тухайлбал, газрын зөвшөөрлийг хямд эх үүсвэрээр авах боломж бүрдэж байна. Энэ нь орон сууцны үнийг хэт хөөрөгдөх нэг шалтгаан болж байсан. Мөн барилгын материалын үнийг хөнгөлөх эсвэл дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Энэ бас нэг шалтгаан болж байдаг. Шат шатны татвар авч байгаа нь ч бас нөлөөлдөг гэж хардаг. Гадны компаниудын хувьд үйлдвэрлэлд хэрэгцээтэй бараа материал худалдаж авахдаа НӨАТ төлсөн байх тохиолдолд тэр мөнгийг нь эргүүлээд тодорхой хэсгийг хямдруулдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүний үнэд ч эергээр нөлөөлдөг. Манайд ийм механизмыг зохистойгоор хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна.
-Яг одоогийн байдлаар барилгын материал үнэд ордог цаг. Энэ нь үнэд нөлөөлдөг. Ийм байхад байр хямдрах уу?
-Мэдээж нэг талаас
Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбож ойлгож байгаа байх. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Ер нь эрэлт, нийлүүлэлт нь хоорондоо таарахгүй байгаа. Одоогийн байдлаар нийслэлд тулгамдаж буй нэг асуудал нь агаарын бохирдол. Тиймээс гэр хорооллын төвлөрлийг сааруулж утаагаа багасгах хэрэгтэй. Аль болох хямд өртөгтэй орон сууц барьвал иргэд орон сууц худалдаж авах байх.
-Барилгын бизнест мөнгө их түгжигддэг гэдэг. Тиймээс орон сууцжуулах хөтөлбөрийг шоу гэж тайлбарлаад байна?
-Барилгын компаниудын тухайд ашигтай болоод л борооны дараах мөөг шиг олноороо бий болж байгаа байх гэж бодож байна. Хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн ашигтай л байгаа.
-ОССК-иас ам.метрийн үнийг нэг сая төгрөгт барина гэж байхад барилгын компаниуд илүү өндөр үнэ хэлээд байна?
-Нэг сая төгрөг гэдэг бол боломжийн үнэ. Ийм байх боломж ч бас бий. Мэдээж өртгөө дагасан үнэ байдаг. Тэгэхээр компаниудын тухайд ч ийм өртгөөр барья гэдэг сэтгэл байвал болохгүй юм үгүй.
-Орон сууцны зээлийн хүү 8-9 хувьд байх боломж байгаа тухай яригдаж байна. Гэтэл өмнө нь зээлийн хүү зургаан хувь гэж зарлаад иргэдийг хохироосон. Та шинэ хөтөлбөрийг хэрхэн харж байна?
-Зээлийн хүүгийн хувьд багасах боломж бий. Ихэнхдээ арилжааны банкууд гаднаас хямд эх үүсвэр олж байгаа. Тэгэхээр банк тодорхой хэмжээгээр хямд эх үүсвэр олж түүнээ зээл хэлбэрээр гаргаж дундаас нь ашиг олдог. Нөгөө талаас манай улсад зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан нь эрсдэл ихтэй. Орон сууцны зээлийн хүүг найман хувьд барих боломж бүрдүүлэхийн тулд санхүүгийн зах зээлд нэлээд дэмжлэг, татаас хэрэгтэй. Ингэж чадвал боломж бий. Гэхдээ эдийн засаг ийм хүнд байгаа үед орон сууцны зээлийн хүү найман хувьтай байна гэдэг энэ жилийн тухайд арай биелэгдэхгүй гэж харж байна.