Ж.ЦОГЗОЛМАА
Филлипиний Ерөнхийлөгчийн охины нууц дансан дахь таван тэрбум “ногоон” дэлхий даяар шуугиан тарьж байтал, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогчийн гэргий, түүний дараа “Газпром”-ын захирлуудын мөнгөний далд сүлжээ илчэгдээд байна. Эдэн дунд С.Баярцогтын нэг сая ам.доллар “тууж” явсныг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо илрүүлэв. Дэлхий даяар энэ битгий хэл олон баримтыг ил болгоод байгаа.
2,5 САЯ БАРИМТ БА ОРОС, ХЯТАД, ТАЙВАНЬ
Татвараас зайлсхийхдээ нууцаар мөнгө хураасан дансны 2,5 сая баримт байгааг “Вашингтон пост” өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн юм. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос Монголын топ парламентчийн оффшор компанийн нууц дансны нэг сая ам.долларыг ил болгосны дараа хаа сайгүй үргэлжилж буй дуулианы нэг хэсэг нь энэ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос эх сурвалжаа нууцалж байгаа билээ. Энэ жагсаалтад тэргүүлж буй хүмүүс бол Филлипиний Ерөнхийлөгчийн охин, Монголын УИХ-ын дэд дарга, Канадын сенаторын нөхөр, мөн Азербайжений тэргүүн гэр бүл болоод дэлхийн урлагийн шилдэг цуглуулагч нар юм. Ер нь оффшор компани байгуулах таатай хөрс нь Хятад, Хонгконг, Тайвань, Оросод бий болоод удаж байна. Тиймээс ч Кремлийн эзэн В.Путин ийнхүү нууцаар данс ашиглахаа болихыг улстөрчдөд сануулаад байна. “Эдгээр илрүүлсэн баримт нь дэлхий даяар бидний мэдэхгүй хэчнээн их мөнгөний сүлжээ эргэлддэг хийгээд, улстөрчид хэрхэн амар хялбар аргаар тэрбумтны сэнтийд заларч буйг харуулж байна. Ингэснээрээ татвараас бултаж, авлигын эх уурхай болох юм. Хамгийн сүүлийн үеийн баримтаар гэхэд 170 улсад ийм нууц данс илчлэгдээд байна” гэж “Before its news” сайтад дурдсан байна. “Би ийм зүйл огт үзээгүй. Нууцлагдмал дэлхий эцэстээ илчлэгдэж байна” хэмээн Канад дахь Квийнийн их сургуулийн хуулийн профессор, татварын мэргэжилтэн Артур Кокфиелд хэлжээ. Олон улсын судлаачдын дүгнэлтээр манай гариг дээр санхүүгийн гэмт хэргийн мөнгөн дүн жилд 1-1,6 их наяд ам.доллар болоод байгаа юм.
МӨНГӨНИЙ УРСГАЛ ХААШАА ЧИГЛЭЭД БАЙНА ВЭ?
Мэдээж, мөнгөний нууц урсгал Азийг чиглэн айсуй. Учир нь Ази тив мөнгө ургах шимт хөрс нь болоод байгаа. Ялангуяа, Хонгконг, Сингапур энэ жагсаалтыг тэргүүлдэг. Учир нь чөлөөт зах зээл нэрийн доор хөрөнгийн гадагшлах урсгалыг чөлөөтэй болгодог нь эдийн засагт эрсдэл бий болгодгийг судлаачид хэлж байна. Энэ нь гадаадын хөрөнгө тухайн улс оронд чөлөөтэй нэвтэрч дотоодын зах зээлийг нь эзлэн авах замаар үндэстний аж ахуйн нэгжүүд өсч өндийх боломжийг нь хязгаарладаг. Нэг суваг нь өнөөх оффшор компаниуд. Тэд оффшор бүсэд бүртгэлтэй, тэнд татвараа төлдөг гэдэг ч үнэндээ бол татвар бараг огт төлдөггүй аж. “Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх гаднын хөрөнгө оруулагчид оффшор бүсэд бүртгэлтэй, тэд хаана ч янз бүрийн татвараас зугтах залилангийн схемүүд хэрэглэж багахан татвараа ч олигтой төлдөггүй. Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас ийм аргаар хулгайлж зувчуулсан 11 тэрбум ам.доллар оффшор бүсүүдэд хуримтлагдсан байгаа ажээ” хэмээн “Далд эдийн засагтай тэмцэх нь” хэмээх илтгэлдээ эдийн засаг, улс төр судлаач Х.Болорболд бичжээ.
Монголчуудын хувьд шинэ сэдэв болсон оффшор компаниудын цаад сонирхлыг өнгөц сөхөхөд ийм байна.