Э.СОЛОНГО
Шинэчлэлийн Засгийн газар сайдуудаа долоо хоног бүрийн лхагва гаригт олон нийтэд ажлаа тайлагнахыг даалгасан. Өчигдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав сэтгүүлчидтэй уулзлаа. Түүнээс зарим асуултад хариулт авсан юм.
-Хөдөлмөрийн бирж дэх ажил хайж байгаа хүний тоо буурахгүй юм. Энэ талаар тодруулж өгөөч?
-Хөдөлмөрийн биржид өнөөдрийн байдлаар 28 ажлын байрны захилга, 30 гаруй ажил хайж байгаа хүний мэдээлэл байна. Энэ хоёр тоо ойролцоо ч иргэд ажлын байрны захиалга өгсөн компанийн шалгуурт тэнцэхгүй байгаа юм. Ажилгүйдлийг бууруулахад ажил хайж байгаа иргэдийн чадвар сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа. Үүнийг цэгцлэхийн тулд яам Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй нягт ажиллаж байна. Энэ жил төвүүд 5000 гаруй суралцагч төгсгөнө. Үүний 70 хувийнх нь ажлын байр бэлэн. Үүнд яамны зүгээс болон ажлын байрны захиалгачид анхаарч байгаа. Эрэлттэй ажлын байрт шаардлага хангасан мэргэжилтэн гаргахад энэ онд төрөөс 12 тэрбум төгрөг төсөвлөсөн. Манай яам дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьсан. Энэ ажил шат дараалалтай явна.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө очих ёстой газартаа хүрэхээс өмнө сумдын дарга нарын хувийн бизнес, танил талд хуваарилагддаг тал бий. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Орон нутгийн сангуудад олгох санхүүжилт 50 хувьтай байна. Жижиг, дунд үйлдвэрлэлд нэг суманд нэг тэрбум төгрөгөөс дээшгүй хөрөнгө оруулна. Үүнээс нэг аж ахуйн нэгж, иргэнд 10 сая төгрөг хүртэл хөнгөлөлттэй зээл олгох юм. Мөн ганц удаа олгох таван сая хүртэл төгрөгийн буцалтгүй тусламж байгаа. Олон хүний төслөөс нэлээд өндөр шаардлага хангасан нь үүнд тэнцэнэ гэсэн үг. Төслийг шалгаруулах, хянах тусгай ажлын хэсэг ажиллана. Ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн сан өнгөрсөн хугацаанд 340 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон юм билээ. Үүний эргэн төлөлтийн ажил эхэлсэн. Эхний ээлжинд орж ирсэн 13.5 тэрбум төгрөгийг аймгуудад хуваарилсан. Сангийн мөнгөө ашигтай зарцуулсан, ямар нэг зөрчилгүй аймгуудад түрүүлж мөнгө шилжүүлж байна. Сум хөгжүүлэх санд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт бий. Үүнийг цөөн хүн амтай бага суманд 50, аймгийн төвд 600 орчим сая төгрөгөөр хуваарилахаар болсон.
-Цалингийн доод хэмжээг нэмэх талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо танайд санал хүргүүлсэн. Тэр юу болсон?
-Хуулийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд өөрчилдөг. Манай улс хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд нэмсэн байдаг. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос манайд санал ирүүлсэн. Цалингийн доод хэмжээг нэмэх талаар тус холбоо, Ажил олгогч эздийн холбоотой хамтран судалж байгаа. Одоогоор төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээ 320 мянган төгрөг, дундаж цалин 600 мянгад хэлбэлзэж байгаа. Цалингийн доод хэмжээг нэмэхээр эргээд ажлын байр хумигдах сөрөг тал байна. Тухайлбал, 3-5 ажилчинтай аж ахуйн нэгжүүд цалингийн өсөлтийг дагаад ажилчдынхаа цалин нэмнэ. Ингэхийн тулд тэд 140 мянган төгрөгөөр таван хүн ажиллуулж байсан бол 200 мянгаар гурван хүн цалинжуулна гэсэн үг.
-Гадаадад ажил эрхэлж байгаа иргэдийг Монгол руу татахад танай яамнаас ямар бодлого баримталж байна?
-Шинээр бий болох 150 мянган ажлын байранд зөвхөн монгол иргэдийг хамруулахыг зорьж байна. Гэхдээ энэ богино хугацаанд шийдэгдэх асуудал биш. Солонгос улсад манай 9000 гаруй иргэн ажиллаж байгаа. Тэднийг Монголдоо ирж ажил хийх нөхцлийг бүрдүүлэх талаар ярилцаж байгаа. Тэдний гаднаас сурсан туршлага, мэдлэгийг томоохон компаниудтай холбож өгнө.