Ж.ЦОГЗОЛМАА
“Манай гаригийн хүчирхэг үнэт цаасны хаанчлал нуран унахад ойрхон байна”. Энэ өгүүлбэрийг өнгөрсөн дөрөв, таван жил дэлхий даяараа л ярьж байна. Еврог жагсаалтаас гаргах гэнэ, евро л бүх хямралын шалтгаан боллоо гэхчлэн барууныхан шуугисан. Харин энэ удаагийн мэдэгдэл нь хэр бодитойг харах л үлдэж байна. Ингэхдээ бас учиртай, Монгол болоод Ази тив энэ дуулианы дунд хэрхэн ганхалгүй үлдэх тухайд шийдлээ боловсруулах даалгавартай.
АЗИ ДАХЬ “ХАЛДВАР”
2008 онд АНУ-ын хөрөнгө оруулалтын банкууд шил шилээ даран дампуурлаа зарласнаас хойш өнөөдрийг хүртэл хөгшин тивийн валют хэргийн эзэн хэнгэргийн дохиур болоод байгаа. Еврогийн ам.доллартай харьцах ханш “Ройтерс”-ийн мэдээлж буйгаар 1,28 боллоо. Өнгөрсөн 2-3 жилд энэ ханш 1,40-д хадгалагдсан ч ийнхүү уруудаад байна. Цаашид ч еврод худалдан авагчдын итгэл “саажна” хэмээн судлаачид дүгнэж байгаа аж. Итали, Герман тэгээд Испаниас эхтэй ажилгүйдэл Кипрээр үргэлжилж, хөгшин тивд дампуурал нүүрлээд байна. Хамгийн том үйлдвэрлэгч нь азиуд, хариун худалдан авагч шар толгойтнууд болон хувирсан өнөөдрийн эдийн засгийн тогтолцоо Япон, Хятад зэрэг экспортлогчдыг бүтцээ өөрчлөх хүртэл томхон нүүдэлд уриалсан юм. Иений хэт “даруу” араншин, юанийн хатуу байр суурийг тэр чигт нь өөрчлөх шийдэл шинэ сонголтыг тодорхойлж байна. Ш.Абэгийн Засгийн газар еврогийн хамаарлаас зах зээлээ салгаж, дотоодын хэрэглэгчдийнхээ хэтэвчинд найдахаар болсон бол Бээжин үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсийг арилгахаар тэмцэж байгаа. Эдгээр ашиг сонирхол нэг цэгт огтлолцож байгаа нь юу гэвэл, евро валютын урсгалыг “атгахаа” больсон явдал юм. Учир нь сүүлийн 19 жилийн хугацаанд анх удаа юанийн ам.доллартай харьцах ханш 6,21 болж өссөн байлаа. Луунууд мөнгөн тэмдэгтээ Вашингтоны зиндаанд хүргэхээр шийдсэн нь Ази дэлхийгээс биш харин өөрсдөөсөө хамаардаг болох бүтцийн “үндэс” гэж судлаачид таамаглаж байна.
ТУРШЛАГАЖИЖ БУЙ МОНГОЛ
Манай улс олон улсын санхүүгийн туршлагатай тоглогчийн нэг болсныг ОУВС, Дэлхийн банкны тайлангууд харуулж байна. “Чингис” бондын анхны арилжаа хөрөнгө оруулагчдын хандлагыг тодорхойлсон. Евро бүсэд ажилгүйдэл анх удаа 12 хувьд хүрээд, Европын олонх орнууд еврогоос татгалзах байр сууриа илэрхийлээд байгаа энэ нөхцөлд бид оноо авсан хэрэг. Тэгээд ч Монгол, Хятадын Төвбанк валют солилцооны хэмжээгээ нэмэгдүүлэхээр болсон нь худалдааны хамгийн том түнштэйгээ хийж буй оносон шийдвэр хэмээн эдийн засагчид хүлээж авсан. Анх удаа Худалдаа хөгжлийн банк олон улсад бонд гаргасан бол Засгийн газар өрийн бичиг гарлаа. Тэгэхээр гадаад санхүүгийн зах зээл манай хувийн хэвшлийнхнийг энэ тоглоомд дахин оролцохыг хүлээж байгаа. Туршлагажиж буй Монголоос хүлээх зүйл тэдэнд олон бий. Хэрэв Хятад дэлхийгээс хамаараагүй, харин Азийг тоглоомын талбараа болговол Монголд нөлөө бий гээд “Бээжингийн эрэлт манай өсөлтийг тодорхойлно” гэсэн судлаачдын асуултад хариулт болж байна.