Э.ӨНӨР
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд олон тооны мал хорогдсон нь ураны хайгуул хийж байгаа “Арева” компанитай холбоотойг нутгийн иргэд хэлж буй. Энэ талаар тус компани мэдээлэл хийлээ. “Арева” компанийн Геологийн албаны захирал Эрик Жакаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Байгаль орчны иргэний зөвлөл болон нутгийн иргэд танай компанийг олон тооны мал хорогдсонд буруутгаж байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Манай компани одоогоор геологийн хайгуул явуулж байгаа. Үйлдвэрлэлийн ямар нэг ажил эхлээгүй байна. Бид ураны агуулга бага газар үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн хайгуул хийхдээ өрөмдлөг хийж байгаа учраас мал хордох боломжгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хоёр өөр гарч байгаад бид ч гэсэн гайхаж байна. Компанийн бүх ажил хууль, журмын дагуу явдаг. Одоогоор мал олноор үхсэн шалтгаан тодорхой болоогүй байна. Энэ сарын 10-нд тодорхой болох Ерөнхий сайдын шалгалтын дүн зөв гарна гэдэгт итгэлтэй байна. Цөмийн энергийн газраас хийсэн судалгаа, шинжилгээний хариуд “Арева” компанийн үйл ажиллагаанаас болоогүй гэсэн дүгнэлт гарсан шүү дээ. Манай компани аюулгүй хайгуул хийж байгаа гэдгээ хариуцлагатайгаар хэлье.
-Хяналтын байгууллагууд танай компанитай хэр холбоотой ажилладаг вэ?
-Компанийн хайгуул хийж байгаа газруудад компанийн дотоод хяалт тогтмол хийдэг. Үүгээр гүнийн усны цацраг, химийн үзүүлэлт зэргийг хянадаг. Мөн хөндлөнгийн байгууллагуудын хяналт шалгалт байнга явдаг. Монгол Улсын хяналт тавьдаг эрх бүхий төрийн байгууллага бидэнтэй холбоотой ажилладаг.
-Монголын ураны салбарт хөрөнгө оруулах орчин хэр бүрдсэн гэж та боддог вэ?
-Манай компани Монголын ураны салбарт олон жил ажиллаж байна. Энэ хугацаанд хууль, эрхзүйн хувьд олон өөрчлөлт гарсан. Үүнд зохицож бид ажлаа явуулдаг. Өнөөдрийн энэ орчинд ураны салбарт ажил хийх боломжтой гэж үзсний үндсэн дээр бид талуудтай хамтран шинэ төслийг хэрэгжүүлж байна.
-Ураны ханш дэлхийн зах зээлд ямар байна вэ?
-Нэг кг уран 20 ам.долларын үнэтэй бол шар нунтаг 100 орчим ам.долларт хэлбэлздэг.
-Танай боловсон хүчнүүдийн тухай асуумаар байна. Монгол ажилчин хэр олон байдаг юм бэ?
-Өнөөдөр манайд 140 гаруй хүн ажиллаж байгаагаас 90 хувь нь монголчууд байна. Ингэхдээ тогтвор суурьшилтай ажилласан хүмүүс бий. Манай байгууллага 15 жилийн турш геологи хайгуул хийж ирлээ. 15 жилийн ажлын үр дүнд орд илрүүлсэн. Энэ ордынхоо олборлолтод шилжихээс өмнө бид хийх ажил их байна. 15 жилийн хугацаанд бид өнгөрсөн жилийн санхүүгийн баримтаар бол үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 125 сая ам.долларыг Монгол Улсад зарцуулсан байна. олборлох эцсийн шийдвэр гартал дахиад олон арван сая ам.долларын ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэ бүх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн компанитай хамтран хийж хамтран шийдвэрээ гаргана. Шийдвэр гартал ямартай ч 3-4 жилийн хугацаа байна. Энэ хооронд бид нарийвчилсан судалгаагаа хийх ёстой.