Э.СОЛОНГО
Монголын Нефть, хийн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Миеэгомботой ярилцлаа.
-”Роснефть” шатахууны нийлүүлэлтээ бууруулчихлаа. Үүнийг дагаад зарим компанийн үнэд өөрчлөлт орсон. Ер нь шатахууны хангамжийн талаарх асуудал танай холбоонд хэр хамааралтай вэ?
-Манай ассоциаци гишүүддээ үйлчилдэг Төрийн бус байгууллага. Төрийн бодлогод компаниудын эрх ашиг сонирхлыг хамгаалах, тусгах тэдний хоорондын хамтын ажиллагаа, харилцааг “газардуулж”, “зөөлрүүлж” ажилладаг гэх үү дээ. Шатахууны хангамж Монгол Улсын газар зүйн байршил, хөрш орон, манай эдийн засгийн чадавхи гээд олон хүчин зүйлээс хамаатай асуудал. Монголд нефтийн хайгуул өнгөрсөн зууны дундуур эхэлсэн. Одоо ашиглаж, олборлож байгаа ганц, хоёрхон орд байна. Дахиад нэмж хайж байна. Ирээдүйд үр өгөөжтэй нь гарцаагүй. Нефтийн салбарыг 70 гаруй жилийн хугацаанд төр удирдаж ОХУ-аас хамааралтайгаар оршиж ирсэн. 1990-ээд оны дунд үеэс энэ салбарт хувийн хэвшлийн анхны хөрөнгө оруулалт хийснээр олон зүйл өөрчлөгдсөн. НИК-ийг хувьчилснаар нефтийн импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт хувийн хэвшилд бүрэн шилжсэн. Тэгэхээр бид өөрийн гишүүдийн өмнө хүлээсэн үүргийн хүрээнд, төрийн бодлого чиглэлд оролдог. Ер нь шатахуун төрийн мэдэлд байх үеийн зарим дүр зургийг хүмүүс мартаагүй байх. Хүмүүс тэр үед гудманд сав бариад шатахуун сураглаад явж байсан.
-Гэхдээ төр үнийн зохицуулалт зэрэг зарим зүйлд оролцдог шүү дээ. Энэ компаниудад хэр нөлөөлдөг вэ?
-Нефтийн бүтээгдэхүүн бол стратегийн бараа, ялангуяа Монголд чухал бүтээгдэхүүн. Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Улсын нөөцийн тухай хууль, Өрсөлдөөний тухай зэрэг хуулиар төрөөс шатахууны үнийг зохицуулахад оролцох эрхийг баталгаажуулсан байдаг. Төр ихэвчлэн хангамж, стандарт, нөөц, үнэд зохицуулалт хийж байна. Тухайлбал, шатахууныг хэдийгээр хувийн хэвшлийн хөрөнгөөр импортолсон ч бай үүнийг улсын нөөцөд бүртгэж хэмжээг нь төр хянадаг байх жишээтэй. Үнийг тогтооход төр оролцсоор ирсэн. Учир нь эдийн засагт, ард түмний амьдралд чухал нөлөөтэй, шууд уялдаатай учраас, тэр
-Шатахууны импортын гуравдагч эх үүсвэрийн талаар олон жил ярьсан. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй. “Роснефть”-ээс ганц тоо өөрчлөхөд энд үнэ өссөөр л байна?
-Оросоос өөр импортын эх үүсвэрүүд нэмэгдэж байна. Солонгосоос гэхэд өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор дамжуулж нэлээд шатахуун импортоллоо. Гэхдээ үүнд хэд хэдэн бэрхшээл байна. Төмөр замын царигийн ялгаанаас болж шилжүүлэхэд асуудал тулгардаг. Хятадын далайн боомтуудаас Монгол Улс руу шатахууныг тээвэрлэх хурдыг нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтод шингэн ачаа шилжүүлэн ачих, хадгалах, түгээх томоохон байгууламжуудыг барих хэрэгтэй байгаа юм. Энэ талаар Уул уурхайн сайд, Газрын тосны газартай хамтран ажиллаж байгаа. Гуравдагч эх үүсвэрт Хятад, Малайз, Индонез, Сингапур, Солонгос хэн ч байж болно. Хамгийн гол нь шатахууныг дамжуулахад гол асуудал нь байгаа юм. “Саалиа бэлдэхээр Саваа бэлд” гэгчээр эдгээр асуудлаа шийдэж чадвал нэг улсаас хамааралтай байдлыг халахад нэг алхам болно.
-Компаниудад ногдуулсан 17 тэрбум төгрөгийн асуудал юу болж байна. Тэр үед ер нь яг юу болсон юм бэ?
-Шүүх шийдвэрлэх шатанд явж байна. Шатахууны үнийн хэвийн бус өсөлтөөс эдийн засаг, нийгэмд “цохилт” өгөхөөс сэргийлж төрөөс хийсэн зохицуулалтын үеэр бий болсон. Өнгөрсөн оны нэгдүгээр сард төр үнийн зохицуулалтыг хийх гэж компаниудыг цуглуулсан. Энэ хуралд шатахууны үнэ 300 төгрөгөөр өсөх талаар ярилцсан байдаг. Гэтэл энэ компаниуд үгсэн хуйвалдсан хэрэг болж хувирсан.