Ж.ЦОГЗОЛМАА

Олборлох үйлдвэр­лэлийн ил тод байдлын санаачилгын хүсэлтээр “Крейн Вайт” аудитын компани 2006 онд Монголын томоохон 25 компанийн Засгийн газарт төлсөн татварт нэгдсэн аудит хийжээ. Тэднээс 22 компанийн төлбөрөөс 25 тэрбум төгрөг дутсан нь илэрсэн ч тэгсгээд нам гүм болсон юм. Уг нь “Крейн Вайт” аудитын компани аж ахуйн нэгжүүдийн зөвхөн 2006 оны төлбөр тооцоонд шалгалт хийсэн нь тэр. Компаниудын тушаасан мөнгөний дүн 64,4 тэрбум төгрөг гэж гарсан ч тооцоо нийлэхээр өнөөх нь 38,9 тэрбум болоод байсанд учир байв. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Сангийн яамнаас энэ мөн­гөний учрыг тайлсан ч одоо дахиад дөрвөн тэрбум төгрөг чухам хэнд, ямар зориулалтаар зарцуу­лагдсан нь “манантай” хэвээр байгаа юм. Энэ тухайд Олборлох үйлд­вэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон “Сангийн яам­наас мэдээ, тайлангийн үл ойлголцлоос 21 тэрбумын асуудал үүссэн байна гэж үзсэн. Харин үлдсэн дөрвөн тэрбум төгрөгийн асуудал тодорхойгүй байгаа. Бид энэ талаар холбогдох байгуул­лагуудад нь танилцуулсан. Энэ бол компаниудаас төрийн байгууллагуудад өгсөн хандив юм. Компаниуд хаана хаана хандив өгснөө нотолсон. Харин хүлээн авсан газ­рууд нь нотлоогүй байна” гэсэн юм. Аудитын байгууллагууд нь ч төр хариу өгөхгүй болохоор нь үүнийг зөрүү хэмээн тооцоод өнгөрсөн байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ сэдвийг сөхөх завтай хүн ховор байна. Ямар ч гэсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын төс­лийнхөн дөрвөн тэр­бумын хандивын эздийг тодруулах ажлаа орхихгүй гэдгээ мэдэгдэж байна.

Ядуурал 40 хувьд “өгсч” яваа Монгол Улсад дөрвөн тэрбум төгрөг их мөнгө. Энэ хөрөнгөөр ядахад цэ­цэр­лэг, сургууль бай­гуулахад багадахгүй. Орон нутагт хөгжил дорой болохоор нийслэлийг гэсэн нүүдэл тасрахгүй байгаа нь нийслэлийнхний ярианы сэдэв. Гэтэл уул уур­хайнхны тухайн орон нутагтаа өгсөн олон тэрбум төгрөг хаашаа урсчихдаг нь асуултын тэмдэгтэй үлдэж байна. Улс төржиж, лоозон өргөхдөө сайн боловч өөрсдийнх нь хөгжлийн төлөө зарцуулагдсан хө­рөнгө хэнд зориу­лагдсаныг эрэх зав бидэнд олддоггүй нь хачирхалтай.