Налайхын уурхайг тойрсон бичил уурхай олноор бий болсон нь осол эндэгдэл гарах нөхцөл болсон юм. Уурхайчдын дунд мэргэжлээс шалтгаалах өвчлөл өндөр байдаг аж. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Манарбектэй ярилцлаа.
-Танай дүүрэгт хувиараа нүүрс олборлогчид бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах явдал гарсаар байна. Үүнийг хэрхэн цэгцлэх вэ?
-Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоёрдугаар чуулганаар энэ асуудлыг авч хэлэлцсэн. Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийсэн. Налайхын уурхайд жил бүр осол гардаг. Уг нь бичил уурхай ажиллуулах Засгийн газрын 89 дүгээр тогтоол гарсан. Энэ нь амьдралд хэр нийцтэй вэ, яаж ажиллавал бичил уурхайн хэлбэрээр ажиллаж болох вэ гэдгийг судалж үзсэн. Судалгаагаар бичил уурхайн хэлбэрээр ашиглах боломжгүйг тогтоосон. Жишээ нь, нэг хүн цооног ухаад орлоо гэхэд хувь хүний хөдөлмөр хамгааллын хувцас, аюулгүй ажиллагааны бэхэлгээ, агааржуулалт зэрэг амин чухал асуудлууд орхигдсон байна. Тухайн хүн ухсан цооногийнхоо ашгийг бодохоос биш, өөрийн амь нас, эрүүл мэнд, цаашилбал нийтийн эрх ашгийг тоодоггүй болох нь олон жилийн үйл ажиллагаагаар батлагдсан.
-Тэгвэл одоо яавал зохих вэ?
-Бичил уурхайн 89 дүгээр тогтоол хүчингүй болсон. Мөн Засгийн газрын комисс ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 67 цооногийг хаасан. Өнгөрсөн аравдугаар сард тооллого хийхэд 136 ам цооногт 1200 орчим иргэд ажиллаж байна гэсэн үзүүлэлт гарсан. Эдгээр хүмүүсийн 10 гаруй нь амь насаа алдсан эмгэнэлтэй тоо бий. Тэгэхлээр энэ асуудлыг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллах болно.
-Эдгээр ам цооногуудын эзэн нь ямар хүмүүс байна вэ. Судалж үзсэн үү?
-Налайхын уурхайд кадастрын зураглалаараа ашиглалтын болон хайгуулын лиценз авсан 36 аж ахуй нэгж байдаг. Үүнээс зарим нь өөрийн эдэлбэр газраа гурвалсан гэрээгээр хэд хэдэн хүнд хуваарилж өгсөн байгаа юм. Харамсалтай нь тухайн гэрээндээ “Ажилтан хүн өөрөө аюулгүй ажиллагаагаа хангана” гээд заачихдаг. Өөрөөр хэлбэл, цаад хүмүүс нь ямар нөхцөлд, яаж ажиллаж байгааг анхаарч тоодоггүй.
-Хөдөлмөр хамгаалал алдагдсанаас хүн бэртэж гэмтэхэд тухайн байгууллагад ямар хариуцлага тооцдог вэ. Ийм туршлага байна уу?
-89 дүгээр тогтоолын дагуу гурвалсан гэрээгээр ажиллах заалттай байдаг. Газар эзэмшиж байгаа эзэд болон талбай дээр ажиллаж байгаа иргэд дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ хийдэг. Гэрээг нөгөө хоёр тал байгуулж, Засаг дарга аюулгүй ажиллагааг хэн нь хангах талд хяналт тавьдаг. Ингээд ирэхээр тухайн лиценз эзэмшигч ямар ч хариуцлага үүрдэггүй. Харин гэрээ байгуулсан ажилтан бүх харицлагаа өөрөө үүрэхээр болдог. Шинэ гэрээгээр тухайн лиценз эзэмшигч нь бүх үйл ажиллагааг өөрөө хариуцахаар болсон. Энэ асуудалд прокурорын байгууллага хяналт тавьсан. Эхний ээлжинд 2-3 лиценз эзэмшигчийг гэрээгээ зөрчсөн асуудалд холбогдуулан шалгаж байна.
-Тоосгоны үйлдвэр хэд байдаг вэ. Энэ талд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Налайх дүүрэгт тоосгоны 17 үйлдвэр, газрын лиценз эзэмшигч 36 иргэн, аж ахуйн нэгж бий. Тус үйлдвэр нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй нөхцөлд ажилладаг. Бид үүнд анхаарч ажиллаж байна. Энэ жилийн хувьд тоосго үйлдвэрлэгчид ирэх сард ажиллах зөвшөөрлийн гэрээгээ байгуулах ёстой. Энэ хүрээнд хамгийн түрүүнд Хүний эрүүл мэндийг дээдэл, Эрүүл мэндийн даатгалд хамруул, Цалин хөлсийг тодорхой хэмжээнд дээшлүүл гэсэн шаардлагыг тавьж ажиллана. Хэрэв дээрх шаардлагыг биелүүлж чадахгүй бол цаашид хамтран ажиллахгүй.