Ж.ЦОГЗОЛМАА
“Япон улс өнгөрсөн сард далайн гүнээс ихээхэн хэмжээний нөөцтэй ховор элементийн нөөц олсон нь Хятадын хувьд муу мэдээ болоод байна. Хятад бол энэ салбартаа гол нийлүүлэгч, монополь тоглогч нь. Наран улсын олсон нөөц нь агууламжаараа Хятадынхаас хэд дахин өндөр байгаа юм” хэмээн Филл Манчестер “theregister.co.uk” сайтад тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар цаашдаа энэ салбар дахь Бээжингийн эрх мэдлийг сулруулж мэдэх аж. Японууд Хятадаас ховор элементийнхээ 60 хувийг хангадаг нь шууд хамааралтай болгож байгаа хэрэг. Гэвч өнгөрсөн 2011 онд хятадууд энэ ашигт малтмалынхаа нийлүүлэлтийг танасан нь үнийг хоёр дахин өсгөхөд хүргэж байсан юм.
Японы эдийн засаг “үнэ хямдрах” хэмээх хүнд өвчинд нэрвэгдээд удаж байна. Лангуун дээрх барааны ханш өдрөөс өдөрт буурсаар сүүлдээ худалдан авагчид ч тэдгээрийг тоохоо больдог тул энэ өвчнийг эдийн засаг дахь “ханиад” ч гэж нэрлэж болох. Инфляц тэр чигтээ унтаа байдалд шилжиж, хүмүүс бараа авах сонирхолгүй болдог учраас тэр. Японд жижиглэн худалдааны үнэ урьдилан тааварласнаас илүү уналаа хэмээн ВВС өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Шинэ Засгийн газар нь инфляцийг тогтворжуулж, эрэлтийг нэмэгдүүлэх хүндхэн гэрийн даалгавартайгаар эдийн засгийн сорилтын өмнө ирээд байна. Жилийн эхнээс өнөөдрийг хүртэл худалдаа 2,3 хувиар буурсныг тус улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас мэдээлсэн байна. Харин үүнийг олонх шинжээч 1,2 хувиар буурна хэмээн тааварласан билээ. Өнгөрсөн хэдэн жилийн турш тус улсад үнэ хямдрах үзэгдэл газар авсан энэ эдийн засаг дахь гол эмчилгээ нь дотоодын эрэлтийг бий болгох явдал юм. Европын хямрал туйлдаа хүрэхэд ганц хуруу дутаад байгаа энэ үед Японы экспорт гацаанд ороод байгаа юм. Тэгэхээр гадна ертөнцөөс биш дотоодын эрэлтээсээ эдийн засгаа дахин босгох шаардлага тулгарсан гэсэн үг. Тиймээс эдийн засгаа хөл дахин босгох шаардлагатай болсон тул Ерөнхий сайд Ш.Абэгийн Монголд хийж байгаа айлчлал ч үнэ цэнэтэй томоохон зүйл болж хувирлаа.
Тэрээр манай улсад хийж байгаа энэ айлчлалаа. “Бидэнд их хэмжээний газрын баялаг байхгүй. Харин технологи бий. Тиймээс бидний хамтын ажиллагаа маш их үр ашигтай” хэмээн тодорхойлсон юм. Ерөнхий сайд Ш.Абэгийн товчхон намтрыг дурдъя гэвэл, тэрээр наран улсад эдийн засгийн эрх чөлөөг авчирсан нэгэн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд дефляц буюу үнэ буурах “гамшиг” нүүрлээд байгаа нь Японд халуун сэдэв болоод байгаа. Ингэснээр брэндүүдийнх нь зохиогчийн эрх, технологи, ноу хау гээд бүх зүйл нь “sale” зарласан хэрэг юм. Олон улсын тоймч Ш.Гантулгын үзэж буйгаар энэ бүхэн нь Монголд илүү их боломжийг бий болгох юм. “Одоо бид түүнээс чухам юу гуйхаа л сайн тохирох хэрэгтэй” хэмээн тэрээр хэллээ. “Тэр нэгэнт Японы эдийн засгийг эргэж хөл дээр нь босгох гэж байгаа учраас шинэ зах зээл хайж Монголд ирсэн” гэж олон улсын тоймч мөн нэмж тэмдэглэлээ.
“Монгол Японы хамтын ажиллагаанд шинэ хуудас нээхийг би хүсч байна” хэмээн Ш.Абэ хэлснийг “Уолл Стрийт” сэтгүүлийн сайтад онцолжээ. Япон улс 1970 оноос хойш эрчим хүчний “өлсгөлөн”-д нэрвэгдээд байгаа билээ. Цахилгааны тогтвортой хангамжтай болох зорилтыг түүнээс хойш идэвхтэй эрж байгаа. Гэвч 2011 онд Фукушимагийн цөмийн цахилгаан станц дэлбэрснээс ураныг эрчим хүчний эх сурвалж хэмээн үзэхээс татгалзсан юм. “Монгол Улс уран болоод газрын ховор элементийн арвин нөөцтэй улс. Гэвч энэ удаагийн айлчлалаар хоёр тал Тавантолгой төсөл дээр онцгойлон ярих төлөвтэй байна” хэмээн “Уолл Стрийт” тэмдэглэв.