Ж.ЦОГЗОЛМАА
Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Элэг хөшөөм тоглолтууд энд тэнд болж, ажлын тасалгаанд ч элдэв шоглол мундахгүй. Бас төрийн байгуулсан гэрээ хэлцэл паян болж хувирах нь бий. Хувь хишиг тараахаар Тавантолгойгоор наймаалцсан сонгуулийн амлалт дашин шог болоод, сүүлдээ байгуулсан компани нь дампуурахын даваанд байна. Зээлсэн мөнгөөрөө хишиг тарааж төрийн бодлогын дүнд “Эрдэнэс Тавантолгой” модоо барихад ойрхон байгаа. Бүтээн байгуулалт хийнэ “Чингис” бондоосоо “Чалко”-гийн өрийг төлөхөөр боллоо. Энэ тухай Ерөнхий сайд хоёр сарын өмнө мэдэгдсэн. Өнгөрсөн сарын 13-нд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлснээр ийм шийдвэр гараагүй гэсэн. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд энэ өрийг бэлнээр төлнө хэмээжээ. Хятадын хамгийн том олборлогч энэ компанид үлдсэн өрөө төлөх өдөр өнөөдөр.
Өнгөрсөн пүрэв гаригт Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзахдаа “Чалко”-д өрөө төлөх тухайгаа мэдэгдсэн. “Гэрээгээ цуцалж болно. Гэхдээ цуцалбал 186 сая ам.доллар төлөөд, дээр нь торгууль тавигдана. Харин нүүрсээ гаргавал алдагдалд орно. 186 сая ам.доллараа төлсөн ч дахиад таван жил нүүрснийхээ 80 хувийг гаргана гэсэн гэрээтэй. Монголын хувьд “Чалко”-гоос өөр сонголт үлдээгүй хэмээн тэрээр хэлсэн. Тиймээс гэрээгээ цаашдаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа тухайгаа ч цухалзуулаад авсан. Нэгдүгээрт, мөнгө төлөхөө энэ уулзалтаараа тод томруунаар илэрхийлсэн хэрэг байлаа.
“Sina.com” цахим хуудаст мэдээлснээр “Чалко”-гийн өнгөрсөн оны алдагдал нэлээд хувийг эзэлж байгаа бололтой. “Шарх”-аа нөхөхөөр энэ онд нийлүүлэх нүүрсний худалдаагаа эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. “Anbound Consulting” зөвлөх үйлчилгээний компанийн нүүрс, эрчим хүчний шинжээч Ли Чаолин “Өнгөрсөн онд “Чалко” хэдэн арван сая “ногоон”-ы алдагдал хүлээсэн” гэжээ. Түүний хэлснээр Хятад дахь коксжсих нүүрсний үнэ нэг тонн нь 1300 юань буюу 209 ам.доллар хүрэх төлөвтэй. Харин Монголоос авч буй коксжих нүүрсний үнэ үүнээс дөрөв дахин хямд. Гэтэл элдэв ид шидгүй энгийн нүүрс нь Хятадад 630 юань буюу Тавантолгойн нүүрсээс харьцангуй үнэтэй байна.
“Чалко”-гийн алдагдлаа нөхөхөд Монголтой байгуулсан төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсээр барьцаалсан зээлээс ихээхэн хамаарахаар байгааг Ли онцолсон байна. Харин манай тал энэ ашиггүй гэрээг цуцлах, үгүйдээ тулчихаад байгаа. Сонгууль дагаж хуймгай хийсэн гэрээгээ одоо өөрчлөх гээд хятадуудын араас чаргууцалдаж буй нь энэ. Тус компани “Глобал Таймс” сонинд өгсөн мэдэгдэлдээ “Монголын тал гэрээгээ зөрчвөл бид хуулийн арга хэмжээ авна” гэж онцолсон байна. “Хөрөнгө оруулагчийг буруутгахаасаа өмнө өөрсдөөсөө алдаагаа эрэх хэрэгтэй. Хэн ч Монголыг заавал гүйж очоод ийм алдагдалтай гэрээ хийгээдэх гээгүй шүү дээ” хэмээн эдийн засагчид ярьж байна. Нөгөө талаас “Эрдэнэс Тавантолгой”-г анхнаас нь дампууруулах бодлого энэ гэрээтэй хамт эхэлсэн байж мэдэхийг ч эх сурвалж үгүйсгэсэнгүй.