Эдийн засаг энгийнээр
Ж.ЦОГЗОЛМАА
Уругвайн Ерөнхийлөгч дэлхийд хамгийн ядуу нь. 12500 “ногоон”-ы цалинтай тэрээр үүнийхээ дөнгөж арван хувийг халааслаад бусдыг нь хүмүүнлэгийн үйлсэд үрчихдэг учраас зиндаа нэгт андуудынхаа дунд ийн тооцогддог. “Ард түмний минь орлого үүнээс бага байхад надад энэ их мөнгө хэрэггүй” хэмээн хачин зуршлаа тайлбарласан нь бий. Бразил, Аргентиний дунд хавчуулагдсан энэ жижигхэн улсаас Азийн Монгол нэг их ялгаагүй. Мөнхийн хоёр хөршийнхөө голд экспортлогч биш импортлогчийн үүрэг гүйцэтгэж байгаагаараа ч онцлогтой. Ер нь Уругвай улс хөгжлөөрөө Латин Америкдаа дээгүүр жагсдаг. Өвөрмөц Ерөнхийлөгч нь харин тансаг харшид биш хотын захын жижиг фермд эхнэртэйгээ амьдардаг. Манайхаар бол Дэнжийн мянгад хашаа байшин хөлслөөд амьдарч байгаагаас ялгаагүй хэрэг л дээ. Төсөөлөөд үзэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд муу нэртэй луу данстай хорооллуудад амьдрах уу. Харин ч хоолонд орохоор гарахдаа хүртэл замын хөдөлгөөнийг хэдэн цагаар хязгаарлаж, жолооч, иргэдийн цагийг юман чинээ тоодоггүй зуршилтай. Дархалж тахисан газартаа тэд сүрлэг хаусуудыг “төрүүлдэг” хэрнээ суурьшлын бус газарт буусан гэр хорооллынхныг том машинаар дайрах нь холгүй хөөж туудаг гэмтэй шүү. Өнгөрсөн сонгуулиар хоёр нам нь гоол оруулах төсөл хэрэгжүүлсэн нь орон сууцны зургаан хувийн хүүтэй зээл. Арилжааны банкууд хоёр оронтой тоонд хүүгээ бодож байхад энэ мэдээж сайхан мэдээ. Зохиосон хөтөлбөр нь хэрэгжих үндэс Монголын битгий хэл дэлхийн эдийн засагт байхгүй онол дэвшүүлснийг дээр дооргүй гайхаад өнгөрч байна. Өрийн сүлжээ үүсгэн байж урьдчилгаа төлсөн иргэд хадгаламж, зээлийн хоршоодод мөнгөө алдсан хохирогчдоос ялгаагүй байдалд орохын даваанд ирлээ. Сурсан занг сураар боож болохгүй учир өнөөх паянтай хөтөлбөрөө өөр өнгөөр “будаад” дахиад зүтгүүлэхээр болжээ. Энэ удаад зургаа биш харин, найм, ес, эсвэл хоёр оронтой тооноос орон сууцжуулах зээлийн хүү эхэлнэ гэнэ. Хэдхэн сарын дараа дахиад л буруу тооцоо байсан гээд ондоо хүү зарлавал энэ Засгийн газарт гайхах хэрэггүй.
Манай улсын иргэдийн өрхийн дундаж орлого 700 гаруй мянган төгрөг буюу ганц мянган ам.доллар ч хүрэхгүй байгааг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард зарласан. Яаж ч бодсон ийм бага орлоготой айлд 70 саяыг зээлчихээд дампуурах банк Монголд байхгүй. Харин тэднийг орон сууцтай болгох хөрөнгө төрд бий. Төрд ч гэж дээ, тэр бүх мөнгө чинь иргэд та, бидний төлсөн татвар, бид бүгдийн баялаг. Уругвайн Төрийн тэргүүн хамгаалалтгүйгээр хотоор зорчиж, нийтийн тээврээр ажилдаа явдаг юм билээ. Яагаад гэвэл төсвийн хөрөнгө түүнийх биш учраас тэр. Бусдын хөрөнгийг залилчихаад бурхнаар биш харшаар “бөөлждөг” Монголын төрөөс хариугаа нэхэх цаг болсон ч юм билүү.