Ж.ЦОГЗОЛМАА
Олон нийтийн дунд сайн, саараар хэлэгдэж буй Оюутолгойн гэрээг өөрчлөх эсэхэд нэгдсэн шийдэлд төр, хувийн хэвшил хүрээгүй байна. “Роснефть”, Налайхын уурхай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ гээд ярианы гол сэдвүүдэд хариулт өгөхөөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр сэтгүүлчдэд хандлаа.
-Манай улс “Роснефть”-тэй үнийн хэлэлцээ хийж байгаа гэсэн. Тус компаниас авч байгаа үнэ цаашид буурах болов уу?
-Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь амьдрал дээр нотлогдож байна. Хамгийн ойрхон учраас авахаас аргагүй. Хоёрдугаарт, стандарт нь тийм өндөр биш. Үнийн хэлэлцээр явагдаж байна. Хэлэлцээрээс бүх зүйл хамаарах учраас тийм болно гэж хэлэхэд хэцүү байна. Энэ бүхэн хэлэлцээрийн үр дүнгээр тодорхойлогдоно. Бодит жишээ нь Хятад руу гаргаж байгаа манай газрын тосны үнэ бирж дээр ойлгомжтой байна. Газрын тосны бүтээгдэхүүн гаргахад ямар хэмжээний зардал гаргах, хилийн үнэ зэрэг үнэлгээ нь ямар болох вэ гэдгийг Хятадын талтайгаа ил тод яриад гэрээ байгуулна. Энэ гэрээг байгуулчихвал асуудалгүй.
-Ерөнхий сайд “Манайхан өөрсдөө “Роснефть” рүү очоод үнээ нэмье гэсэн” гэж мэдэгдсэн. Цаашдаа үнэ зөвхөн биржийн үнэд тогтох уу. Манай талаас үнэхээр үнэ нэмэхийг хүсээд байдаг юм бол түүнийг нь бууруулах хүчин зүйлс нь юу юм бэ?
-Одоо бүх зүйл ойлгомжтой болсон. Компанийн ч бай, төрийн ч бай сайн засаглал бүх зүйл ил тод байх ёстой. Тэгсэн тохиолдолд гуравдагч ашиг сонирхол дунд нь орох боломжгүй шүү дээ. Үнийн хувьд биржийн үнэд суурилсан ойлгомжтой тогтолцоогоор явъя гэж байгаа. ОХУ-ын тухайд дотоодынх нь үнэ Санкт Петербургийн бирж дээр байна. Олон улсын бирж дээр “Роснефть”-ийн үнээр борлуулж байгаа юу гэдэг нь ойлгомжгүй байгаа.
-Оюутолгойд үүсээд байгаа хөрөнгө оруулалт хэтэрсэн тухай асуудалд Сангийн яам, Татварын газар, Оюутолгой нийлээд хамтарсан мэдэгдэл хийнэ гэсэн. Хэзээ хийх вэ?
-Ор үндэслэлгүй зүйл бол байхгүй. Татвар гэдгээ юу гэж ойлгох вэ гэдгээс эхлээд асуудал байна. Манай аж ахуйн нэгжүүдийн хуулиар бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмүү өртгийн албан татвар, хүн амын орлогын албан татвар гэсэн гурван татварыг ойлгодог. Нөгөө талд нийгмийн даатгалын шимтгэлийг хүн бүрийн цалингаас авдаг. Үүнд бас нэлээд том дүн эзэлсэн нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд худалдан авалт хийж байгаа. Худалдан авалт хийхээр нэмүү өртгийн албан татвар нэмж өгдөг, түүнийгээ оруулчихсан байгаа. Бараа бүтээгдэхүүний зардал орчихсон учраас зардал нь 80-гаад сая ам.доллар болчихсон. Татвар гэдгээ юу гэж ойлгох вэ гэдгээ яриад шийдчих ёстой.
-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах уу. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр л гэхэд энэ гэрээ муу болсон юм бол хариуцлагыг нь би хүлээнэ гээд байна шүү дээ?
-Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын зардал хэтэрчихсэн байгааг ил тод болгоё гэж хоёр тал тохирсон. Бид УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хөрөнгө оруулагчтай ярьж тохиролцсоны үндсэн дээр гэрээнд өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоол гарсан. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд, энэ сайн гэрээ биш.