Ж.ЦОГЗОЛМАА

“У.Чавес гэж хэн байлаа. Тийм том хүн байсан юм уу” гэж хоёр оюутан ярилцаад зөрж одов. Номын ширээнээс эрдэм өвөрлөх хэдэн жилд дэлхийд цуутай удир­дагчийн дуулианы хаагуур өнгөрчихсөн нь ха­чирхмаар. Ер нь манай нийгэмд энэ битгий хэл мэдлэггүйтэх “өвчин” газар аваад байгаа. Улс төр гэж хоосон халаглахдаа халаасан дахь хэд нь хаашаа урсаад байгааг анзаарах сөхөөгүй болтлоо энэ өвчинд нэрвэгдсэн. Яагаав, Оюутолгой, Таван­толгойгоор парла­мент баахан шоудахад да­гаж намирахдаа зээлийн хүү яагаад өсдөг, “Атар” талхны “араншин” өөрч­лөгдөөд байгаагийн учрыг олоогүй л явна.

Ажаад байхад, хү­мүүсийн цалингийн хэм­жээнд ялгаа байдаггүй бололтой. Үрэхээ хүрвэл бүгдийг нь, үүцлэхээ бод­вол хэдийг нь ч хожмын өдөрт зориулан хадгалж чаддагийг эдийн засгийн хар ухаан харуулаад байна. Барууны ямар ч бага цалинтай хүн ху­римтлалаараа дэлхийг тойроод ирдэг бол монголчуудын хувьд энэ нь бүтэшгүй мөрөөдөл. Дэлгүүр рүү харайлгаж, кассанд тушаахаас илүүг сэтгэхгүй байгаад л хамаг учир байна. Ийнхүү шууд хэрэглээнд гарсан мөнгө инфляц өсгөхөөс өөр ид шидгүйг захын эдийн за­сагч хэлнэ. Үйлд­вэрлэл гэхээр юмгүй Монголд Эрээний барааг өөг­шүүлээд байгаа болохоор  төгрөг “даралт ихсэх өвчин”-өөр удаан шаналж байгаа юм. Харин сүүлийн үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн нь үндэсний мөнгөн тэмдэгтэд маань эм болоод байна. Оодроод байдаг үнийг тогтоох эхний эмчилгээнүүд нь үр дүнгээ өгч өнөөдөр төгрөг тэнхлүүн байна.

Импортлогчид шата­хууныхаа үнийг дураараа өсгөдөг дуулгаваргүй жишигтэй байсан. Үнэ өснө үү гэхээс биш, буурах тохиолдол манай эдийн засагт шинэ үзэгдэл. Шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож, хямд үнээр бензин борлуулах боломж олгосон юм. Ингэхдээ жижиг­лэнгийн газрын тосны бүтээгдэхүүний импортыг Монголбанкнаас тог­тоо­сон хүүгээр санхүү­жүү­лэх, валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарах нө­лөөллийг бууруулах за­маар шатахууны жижиг­лэнгийн худал­дааны үнийг тогтвортой байл­гахаар төлөвлөжээ. “Валютын ханш шата­хууны үнэд нөлөөлж байна” гэж Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хэлсэн нь бий. Үнийн өсөлтийг өрд­дөг гол бүтээгдэхүүн болсон шатахууны үнийг “хазаарласан” энэ бод­логын дүн бага багаар гарсаар байна. “Шунхлай”-гийнхан гэ­нэт­хэн үнээ өсгөхөд Засгийн газар “хариу цохилт”-оо тэр дор нь өгч, одоо үнэ тогтвортой байна.  Төмөр хөлгийн гол “хүнс” нь үнэд орчихоор бусад бараанд шууд халдвар­ладаг бичигдээгүй хуультай манай улсад энэ бодлого жаахан эртхэн хэрэгжихгүй яав гэх хүн ч бий. Улстөржиж явсан болохоос урдах, хойдохоо харах сөхөөгүй байлаа шүү дээ, бид чинь. Үнийн өсөлтийн гол бурууг Төв­банкиндаа тохчихоод өөрсдөө баахан улс­төрждөг дэлхийн эдийн засгийн чиг хандлагаас тэс хөндлөн тогтолцоо манайд амь бөхтэй тогтож байгаа нь нууц биш.

Төгрөгийн нэрийг төө хэртэй доош чангаасан бас нэг зүйл бол нөөцийн мах. Муу л бол хойд хар овоохой гэг­­чээр ха­­маг муугийн жишээ нь бо­лоод байсан. Бэлт­гэгч компа­ниудад нь сан­хүүгийн хувьд тогт­вортой бо­лолцоо ду­тагддаг, урам­шуулал гэхээр олигтой зүйл байгаагүй нь нэг ёсондоо зах зээлийн хөшүүрэггүй болоод байсан хэрэг. Үнэ тогтворжуулах курс “эмчилгээ”-ний нэг хэсэг энд хэрэгжиж одоо нөөцийн мах ховрын бас чанаргүй барааны тоонд дээгүүр жагсдаг цаг өнгөрч байна. Бэлтгэгч компаниуд нь цэнхэр дэлгэцээр суртал­чилгаагаа хүргэж, хэрэг­лэгч түмэндээ хөтөч хийгээд явж байна.

“Хүн мэддэггүй юмнаасаа л айдаг” гэсэн үг бий. Тэгвэл энэ мэтээр эдийн засгийг “мэдлэг­жүүлэх” аян өрнөөд байвал үнэ хөөсрөх нь юу л бол.