Ж.ЦОГЗОЛМАА

Энэ сарын 31-нд нийс­лэлчүүд төмөр хөлгөө “чөдөрлөж”, төв зам цэлийх амралт тохионо. Хөдөлгүүрийн чимээ хэ­сэгхэн холдох энэ өдрийн хүндтэй зочин нь Японы Ерөнхий сайд Ш.Абэ байх юм. Улаанбаатарын “нойрон” дунд туучаад өнгөрөх энэ айлчлалыг угтсан мэдээллүүд дэлхийн хэвлэлийн хуу­даснаа хэдийнэ шуугиу­лаад эхэлжээ. Эзэн хааны ордон үе, үеийн Ази дахь айлчлалаа Бээжингээс эхлүүлдэг бичигдээгүй хууль тогтоод байсан ч энэ удаа Монголыг тэргүүн ээлжиндээ тавьсан нь учиртай хэмээн тал бүрийн шинжээчид ан­хаарлаа хандуулаад байна. “Жи жи пресс” агент­лагийн дамжуулснаар хоёр орон ховор металлын олборлолтод хамтрахад саналаа илэрхийлэх нь энэ айлчлалын үр дүнг тодорхойлох аж. Энэ зуур наран улсын судлаачид Номхон далайн ёроолоос ховор металлын томоохон орд илрүүлснийг “Ройтерс” мэдээлэв. 5800 метрийн гүнээс олдсон энэхүү үүц нь Хятадын­хаас 30 дахин өндөр агуу­ламжтай байсан нь шинэ мэдээ болоод байна. Энэ ашигт малтмалын 90 хувийг дангаараа Бээжин хангадаг нь нэг ёсондоо ганц тоглогчтой зах зээлийг бий болгоод байгаа. Хэн хүнгүй энэ ашигт малтмалд ийн хошуураад байгаагийн шалтгаан нь өндөр технологи үйлдвэрлэхэд гол түүхий эд нь болдгоос тэр. 

Мартагдах шахсан Дорноговийн Лугийн гол хийгээд Өмнөговийн Хотгорын ордын сэдэв дахиад сөхөгдөх нь. Учир нь энэ ордууд дэлхийн шинжлэх уха­анд ч гүйцэд суд­лагдаагүй энэ ме­таллыг агуулж буйгаараа содон. Лугийн голын хувьд солонгосууд ирж судалсан судлаа­гүйгээс эхлээд хаанахын ямар компани ашиглах талаар маргаан урт настай үргэлжилж байна. Иймд энэ удаад японууд Лугийн голын асуудлыг нэг тийш болгоход нэмэртэй шийд гаргана хэмээн судлаачид найдаж байна. Анх энэ ордыг 1998 онд судалж эхэлсэн ч лиценз нь хаана, хэнд байгаа нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Энэ ордын тухайд Геологи уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц “Тэр үед Монголын янз бүрийн нэртэй компани үүсэн гарч, Монгол Улсын геологийн санд байсан онц нууц материалыг өөрсдөөр нь судлуулж, өөрсдөөр нь лиценз бичүүлээд,  халааслаад, өнөөдөр зараад сууж байгаа хүмүүс ч бий” хэ­мээсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл газрын ховор металлыг биш харин алт, зэс, нүүрсний тухай яриа төр, засгийн хүрээнд өрнөж байна. Лугийн гол болоод бусад байршилд байгаа энэхүү нэн ховор ашигт малт­мал ярианы сэдвээс гадуур өнгөрөөд байгаа нь нууц биш. Зориглон араас нь хөөцөлдөлгүй хашилтанд үлдээсэн энэ сэдэвт салхи оруулах эзэд нь энэ удаа тодорно хэмээн үзэх хүн олон байна.

 

МАНАЙ УЛСАД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН 246 ОРЧИМ ИЛЭРЦ БИЙ

 

Өнөөдрийн байдлаар манай улсад ховор шо­рооны элементийн орд бүхий таван томоохон орд бий. Нийт 246 орчим ховор элементийн илэрц манай улсад бий гэсэн тооцоо байдаг. Хүдэр дэх газрын ховор шорооны элемент нь агуул­гаараа дэлхийд өн­дөрт тооцогдох баян эр­дэсжилттэй. Газрын ховор шорооны элементэд лан­танийн бүлгийн 20 гаруй, церийн бүлгийн 10-аад элемент хамаарах бөгөөд тэдгээрийн мөн чанар, ашигтай сайн талуудыг нь хүн төрөлхтөн бүрэн дүүрэн нээж илрүүлээгүй аливаа хэрэгцээ, хэрэг­лээний түүхий эд болгон ашиглах технологи нууц хэвээр байгаа юм. Тийм учраас сансрын техно­логи, электрон-техникийн үйлдвэрлэл, плазмын металлургийн технологи гүнзгий нэвтэрч, шинэ өвөрмөц шинж чанарыг агуулсан металлын хайлш, түрхэц бэлдмэл, нийлэг бүтээгдэхүүн бий болгох боломжид XXI зууны гэгдэх эдгээр металлыг ашиглах юм. Стронци, европи хэмээх эле­ментийн хайлш, түр­хэцийг ашиглан өнгөт телевизорын дэлгэцээс ялгарах рентген соронзон хэлбэлзлийн туяанаас хүний нүд болон эд эсийн хордлогоос хамгаалж байна. Ниоби ба церийн хайлшаар галд тэсвэртэй ган үйлдвэрлэн сансрын хөлгийн гадаргуу бүр­хэвчийг үйлдвэрлэж байна. Ниоби элемент зөвхөн 30 гр-ыг нэг тонн ганд нэмэлт болгон хийхэд мөсөн далайн гүнд шумбах атомын хөдөлгүүрт хөлгийн гадаргуу бүр­хэвчийг хий­хэд тэнд мөсдөлт үүсдэггүй орчин болох жишээтэй.

 

ХЯТАД ДҮРЭМТЭЙ ТОГЛООМ

 

Дээр дурдсанчлан Цагаан хэрмийн эзэд манай гаригийн ховор эле­ментийн нийлүү­лэлтийн 90 хувийг хангаж байгаа. Анх 1800-гаад онд шинжлэх ухаанд та­нигдсан энэхүү эле­ментийн тоонд 17 металл багтаж байна. Хаа сайгүй илрэл нь гарсаар байгаа газрын ховор элементийн нийт нөөцийн тэн хага­саас илүү нь Хятадын хилийн гадна байгааг сүүлийн үеийн судал­гаанууд харуулаад байгаа. Тэгсэн хэр нь Бээжин энэ зах зээлийн гол тоглогч хэвээр байгаа нь Лондон, Сидней, Вашингтоны толгойн өв­чин болоод байна. “Хятадад үйлд­вэрлэв” номд дурд­санаар бол бизнес эрхлэх, шилдэг бүтээгдэхүүн гар­гахын тулд гадаадын компа­ниуд хаана ч ам­сахааргүй хүнд бэрхийг Бээжинд л туулдаг. Ажил­лах хүчний хий­гээд их мөнгөний илүүдэлд орчихоод байгаа болохоор юуг л бол юуг ухаж, угсарч чаддаг нь энэ тоглоомынх нь боломж болдог биз. Дэлхий нийтэд энэ металлын экспортоо гэнэт хязгаарласан Хятадын бодлого 2010 оны гол шуу­гиан байлаа. “Дал­ласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орно” гэгчээр гадаад зах зээл луунуудын эрхшээлд байж, аргадах зөөллөхийг хослуулж байгаа нь энэ.

 

ЯАГААД МОНГОЛ ГЭЖ?

 

Ерөнхий сайд Ш.Абэ Хятадыг алгасч Монголд буудаллана гэсэн мэдээ гарсан нь тэгтлээ гайха­хаар зүйл биш хэмээн тайлбарлах хүмүүс ч бий. Өндөр технологийн өлгий болсон энэ нутгийн эзэд Хятадаас ховор металлын хэрэгцээгээ бараг л бүрэн хангадаг гэхэд болно. Энэ сарын дундуур “Ройтерс”-ийн мэдээлснээр тэд Филлипинд газрын ховор элемент гаргаж авах үйлд­вэр байгуулахаар болжээ. Ирэх жил үүдээ нээх энэ үйлдвэр нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг нь хангахад нэмэртэй. Хөгшин тивд хямрал нойтон хамуу шиг “наалд­чихаад”, хэрэг­лэгч­дийнх нь хэтэвч улам бүр ним­гэрсээр байгаа нь экс­пор­тод эдийн засгаа даат­гасан Япон улсын хувьд сорилт болоод байгаа. Авто­машин, электрон хэ­рэглэл гээд хамаг л өндөр технологийн бүтээг­дэ­хүүнийг сорчлон бүтээдэг тэд Вьетнам, Энэтхэг, тэгээд одоо Филлипинд түүхий эдийнхээ үүцийг зэхэж байна. Харин манай улсын хувьд Японтой энэ салбарт хамтарсан турш­лага арвин. Өнгөрсөн 2010 оны сүүлчээр тус улсын өмнөх Засгийн газрын тэргүүн Наота Кан манай Ерөнхий сайдтай Нью-Йоркт уулзах үеэрээ ашигт малтмал, дэд бүтэц болон бусад салбарт хө­рөнгө оруулалт хийх, газрын ховор элементийг ашиглах чиглэлд хамтран ажиллахаар ярилцсан нь бий. Энэ хүрээнд наран улсын судалгааны баг Монголд ирсэн. Бас ажиг­лалтын хиймэл дагуулаа манай улсад худалдаж, шинэ орд илрүүлэхэд ханцуй шамлан дэм­жи­хээр болсон удаатай.

Тэгэхээр энэ удаагийн Ш.Абэгийн айлчлал эхэл­сэн ажлаа дуусгах алхам нь байхыг үгүйсгэх га­заргүй. Өөрөөр хэлбэл, удтал унтаа бай­далд бай­сан Дорноговийн Лугийн гол хийгээд Өмнө­говийн Хотгорын ордыг “сэрээх” илгээмжийг Токио илгээ­с­эн нь энэ байж мэдэх.