Э.ӨНӨР

Энэ сард Швейцарьт болох Олон улсын сорьцийн шинжилгээний хуралд Стандартчилал, хэмжил зүйн газрынхан бэлтгэж байгаа аж. Мөн олон улсын төвшинд зарласан сорьцийн хоёр төрлийн шинжилгээнд тус газрын лаборатори оролцохоор болжээ. Энэ талаар Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн дарга Х.Мягмаржавтай ярилцлаа.

 

-Танайх олон улсын сорьцийн хуралд хэрхэн бэлдэж байна вэ?

-Эхний ээлжинд Олон улсын сорьцийн хяналтын байгууллагын холбооноос явуулсан үнэт металлын дээжийг хүлээн авч үл эвдэх сорилын аргаар сорьцын шинжилгээ хийж байна. Мөн  бусад лабораториар шинжлүүлж харьцуулж үзнэ. Дараагийн шинжилгээг Женевт болох хурлын үеэр тараах дээжинд жингийн аргаар хийхээр төлөвлөж байна.

-Олон улсын сорьцын хяналтын байгууллагын холбоонд манай улс хэзээ нэгдсэн бэ?

-Олон улсын сорьцын хяналтын холбоо 1935 онд байгуулагдсан. 1971 оноос олон улсын хэмжээнд сорьцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, баталгааны тэмдэгтэй гаргадаг болсон. Энэ холбоонд 42 орны 51 байгууллага нэгдсэн байдаг. Манай улс Олон улсын сорьцийн хяналтын холбоонд элсэхийн тулд өнгөрсөн жилээс эхлээд нэлээд хөөцөлдсөн. Саяхан энэ асуудлыг шийдэж олон улсын төвшинд хийх анхны туршилтын дээжийг хүлээж аваад байна.

-Тус холбооноос манайд ямар шалгуур тавьсан юм бэ?

-Манай улс жингийн аргаар шинжилгээ хийдэг. Гэтэл үүнийг хоцрогдсон технологи ашиглалаа гэж хүмүүс шүүмжлэлттэй ханддаг. Харин энэ арга сорьц тогтооход эрсдэл бага гаргадаг. Өөрөөр хэлбэл, алдааны магадлал 002 хувь байдаг. Энэ шинжилгээний аргыг дэлхийд хүлээн зөвшөөрсөн. Бид чулуун дээр сорьц тогтоох аргыг 1980-аад оноос эхлэн ашигласан. Энэ нь металл байгаа эсэхийг шалгадаг арга юм. Нэг аргачлалаар ижил төвшинд хийж байгаа учраас зөрүү гарахгүй. Олон улсын холбооноос бидэнд хоёр ч удаа хоёр аргачлалаар шинжилгээ хийж өгөхийг хүссэн дээж ирсэн.

-Энэ холбоонд элссэнээр ямар ач холбогдолтой вэ?

-Манай улсын сорьцын баталгааны тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг Олон улсын сорьцын хяналтын байгууллагын холбоонд элссэн орнуудад хүлээн зөвшөөрнө. Мөн бараагаа экпортлох боломжийг нээнэ. Одоо манайд импортоор орж ирж байгаа үнэт эдлэлүүд  албан ёсных биш. Ганзгын наймаачид энгийн бараа авчирч байгаатай адилхан гэсэн үг.

-Ер нь нэг ээмгэн дээр сорьцийн баталгааны хэдэн тэмдэглэгээ байдаг юм?

-3-4 тэмдэглэгээ байх шаардлагатай. Эхнийх нь тухайн эдлэлийн үйлдвэрлэгчийн тэмдэг, дараагийнх нь үйлдвэрлэсэн орны лабораторийн сорьцын баталгааны тэмдэг байх ёстой. Гэтэл манайд гаднаас ирж байгаа бүтээгдэхүүнүүд зөвхөн 925 гэсэн тоонуудыг дарсан байдаг. Энэ бол баталгааны тэмдэг биш.

a