Ц.МЯГМАРБАЯР

Монголын 500 гаруй геологич салбарынхаа тулгамдсан асуудлыг ярилцаж цаашдын бодлогоо тодорхойллоо. “Монголын геологи хайгуул 2013”сэдэвт энэхүү чуулганы үр дүнг төр, засагт уламжилахаар тогтлоо. Ерөнхий сайдын зөвлөх, Монголын үйлдвэрлэлийн геологийн холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, “Магма майнз” компанийн захирал Э.Мөнхбат нарын саналыг сонслоо.

-Лиценз олголтыг зогсоосон нь геологийн хайгуулыг багасгасан гэж үзэх хүмүүс байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-1997 оноос хойш хайгуулын 4000 лиценз олгосноос одоо 2000 болж хумигджээ. Ерөнхийдөө 17 жил задгай байлаа. Төрийн бодлогоор зохи­цуу­лах нь зүйтэй. Засгийн газраас геологи, ашиг­лалтын ажлыг бодлогоор хумьж байна. Нөгөө талаар Голланд өвчин үүсч эхэллээ. Ийм учраас гео­логийн ажлыг хумьсан. Гэхдээ мэргэшсэн, сан­хүүгийн чадвартай, ха­риуц­лага хүлээдэг компа­ниудыг дэмжих хэрэгтэй байна. Тайлан бичиж өгсөн хэрнээ газар дээр нь шалгалт хийхэд геологийн ажил хийж буй ул мөр байхгүй, эзэн нь олдохгүй, хуурамч тайлан бичих нь олширлоо. Нэг нэгнээ мэхлэх, гадны компанид хуурамч орд зарсан то­хиолдол ч их гарч байсан. Энэ нь хүмүүсийн гарт олон лиценз тарж ча­наргүй олон компани үүссэнээс үүдэлтэй. Үүнийг зогсоох цаг нь болсон. Юуг, хэнтэй, яаж хайхаа улс өөрөө мэддэг болох нь хамгийн чухал. 

-Геологичдод хан­галттай ажлын байр байна уу?

-Улсын төсвөөр хийх ажил эрс нэмэгдэж байна. Харин геологичдыг дахин сургах мэргэшүүлэх ажил дутагдаж байна. Мөн га­даадын уул уурхайн компа­нид ажиллаж, туршлага судлах хэрэгтэй. Монголд геологичид олширсон. Гадаадын компа­ниудад хээр ажил­лах геологичид дутмаг байдаг. Тэгэхээр сайн гео­ло­гичдоо тийш нь явуулах талаар анхны алхмуудаа хийсэн.

-Эдийн засгийн чадавхтай, хайгуулын ажил нь амжилттай хэдэн компани байна вэ?

-Геологийн ихэнх компани үйлчилгээний байгууллагууд. Өөрөөр хэлбэл, лицензтэй компанийн ажилд туслан гүйцэтгэдэг. Санхүүгийн чадвартай, өөрийн гэсэн баазтай 30 гаруй компани тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бусад нь хоёр гуравхан  хүнтэй, зөвхөн тайлан бичдэг. Лиценз олширсон учраас компаниуд ажлаа мэ­дэхгүй, ачааллаа даахгүй­гээс тайлангаа сайн гео­ло­гичоор хөлсөлж би­чүүлдэг. 2000 лицензид тийм хэмжээний тайлан бичих хэрэгцээ байгаа.

-Энэ жил долоон тэрбум төгрөгийг зөвхөн зураглалын ажилд зориу­лахаар боллоо. Хайгуулын ажилд төсөв баталаагүйг юу гэж ойлгох вэ?

-Хайгуулын ажилд төсөв батлаагүй. Долоон тэрбум төгрөгийг улсын төс­вөөр хийгдэх зураг­лалын ажилд зориулна. Зураг­лалын ажлын явцад орд олдох магадлалтай бол түүнд хөрөнгө оруулж хай­гуулыг гүн хийх шаард­лагатай. Томоохон орд  болохын цагт хувь эзэм­ших боломжтой болно. Хуулийн төсөлд шинээр заалт оруулж байгаа. Энэ бол бусад улс оронд байдаг түгээмэл заалт.

 

Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт:

Үнэлгээ ӨгӨх судалгааг 2016 он гэхэд 40 хувьд хҮргэнэ

-Геологи хайгуулын зураглал хийхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт геологи хай­гуулын салбарт 1:50000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг 40 хувьд хүргэж геологийн алба байгуулж, бэхжүүлэх зэргээр хэд хэдэн бод­логын чанартай  асуудлыг хэрэгжүүлэхээр болсон. 1:50000 масш­табтай эрлийн ажил зураглал хийнэ гэдэг нь зөвхөн гадаргуугаас хэдэн чулуу дээжилж үзэх биш ерөнхий эрлийг давхар хийдэг. Тухайн талбайд байгаа ашигт малтмалыг судалж үнэлгээ өгч хэтийн төлөвтэй, тодорхой илрэл байх магадлалтай тохиол­долд өрөм тавьж, гео­физик, геохимийн су­далгаа бүгдийг хама­руулна. Өнөөдөр ийм төрлийн судалгааны ажил Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь нь бүрхэгдсэн байна. 200 мянганы масштабтай зураглал бол маш тойм зураг. Геологийн салбар 70 гаруй жил хөгжиж байхад ашигт малтмалд үнэлгээ өгөх судалгаа 30 хувьд хийсэн гэдэг хангалтгүй. 2016 он гэхэд  40 хувьд хүргэх зорилт тавьж байна. Арван хувьд хүргэнэ гэдэг маш том ажил.

-Тэгвэл томоохон орд илрүүлэх боломж хэр байна вэ?

-Нөөц боломж байгаа. Өмнө нь эрэл судалгааны ажилд төсөв хуваар­илдаг байсан.Ирэх жилүүдэд орд болох ашигт малтмалын хайгуульд төсөв зарцуулах төлөвлөгөө бий. Мөн геологийн судалгааг дагнан хийж мэдээлэл боловсруулдаг алба байгуулахаар болж байна. Боловсруулсан мэдээлэл дээр тулгуурлан хэтийн төлөв бүхий талбайг шинж­лэх ухааны үн­дэстэй ялгаж тогтооно. Тогтоосон талбай дээр хөрөнгө зарж орд бий бол­гож улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулах зо­рилготой. Геологийн албыг шинжлэх ухааны ака­демийн эрдэмтдээс бүр­дүүлнэ. Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлд тэднийг татан оролцуулж байна. Эрдэс, баялгийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.

-Эрх зүйн шинэчлэл хийж чадаж байна уу?

-Ашигт малтмалын ордын нөөцийн ангиллыг олон улсын жишигт дүйцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд олон улсын нөөцийн хороонд ги­шүүнчлэлтэй болох зорилт тавьсан. Ингэснээр монгол хүний хийсэн ажил дэлхийд хүлээн зөв­шөөрөгдөх бололцоо нээг­дэнэ гэсэн үг. Монгол хүн нөөцийн тай­ланг  Авст­рали, Канадын хэмжээнд хүлээн зөв­шөөрүүлнэ. Нөгөө талаас гадаадын компанийн хийж байгаа ажил Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөж дүйцэх бололцоо нээгднэ. Хоёр талдаа урсгал бий бол­госноор Монголын гео­логичид дэлхийн төвшинд үнэлэгдэнэ.

 

“Магма майнз” компанийн захирал Мөнхбат: 

ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ТУСДАА ХУУЛЬТАЙ БОЛМООР БАЙНА

 

-Чуулганд ямар асуу­дал түлхүү яригдаж  байна вэ?

-Геологийн холбооноос геологи хай­гуулын бод­логыг тодорхой болгож, геологийн судал­гааны тухай хуулийг тусад нь гаргах хэрэгтэй байна. Чуулганд оролцогчид үзэл бодлоо хуваалцаж нэгдсэн нэг зүйл дээр тогтох хэрэгтэй.

-Геологийн суурь су­дал­гааны боловсруулсан хуулийн төсөл бий юу?

-Боловсруулсан хуулийн төсөлд геологийн талаар тусгасан зүйл бага байдаг. Нэр  томъёон дээр гардаг. Судалгааны хэсэгт товч дурдаад өнгөрдөг. Ихэнх нь уул уурхай, кадас­тарийн асуудлыг тус­гадаг. Уул уурхай, кадас­тарын, геологийн хай­гуулын тусдаа хуультай байх шаардлагатай. Гео­логи гэхээр эрж хайж орд ол­дог мэтээр ойлгодог. Геологи орчны болоод палентолги, бүх салбарыг хамарсан судалгаа хийдэг. Тэгэхээр бие даасан тусдаа хуултай болох зайлшгүй шаард­лагатай. Чуулган болгон уриалга гаргаж эсвэл ажлын төлөвлөгөө ярьдаг. Харин бодлогоо тодор­хойл­доггүй.  Мон­голын геологийн холбоо эрх зүйн орчин, төрийн зохи­цуу­лалт, боловсон хүчний бодлого, техник технологи, арга аргачлал, хариуцлага зэрэг үндсэн асуудлыг тодорхой болгох байр суурьтай байна. Бай­галь орчин, орон нутгийн оролцоо геологийн сал­барын бүтэц зохион бай­гуу­лалт, боловсон хүчнээ яаж чанаржуулах зэрэг үндсэн зарчмуудыг то­дорхой болгосон урт, дунд хугацааны хөтөлбө­рүүд хэрэгтэй байна.