Ч.ОЛДОХ
Оюутолгой, Тавантолгойн үр шимийг бүрэн хүртэхийг хүссэн иргэдийн хүлээлт гурван жил гаруй дуншиж байна. Тоймтой бүтсэн ажил ховор хэвээрээ ажээ. Сүүлийн үед Оюутолгойн гэрээ ашиггүй гэсэн шуугиан ч дэгдэв. Тиймээс энэ гэрээний төсөлд ажиллаж байсан Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн, доктор Х.Владимиртай ярилцлаа.
-Оюутолгойн гэрээний анхны төсөл дээр ажиллаж байсан гэсэн. Гэрээний төсөлд зөрчил их гарч байжээ. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тиймээ, би анхны төсөл дээр нь ажиллаж байлаа. Тэр үед Монголын талын ашиг 74 хувь, нөгөө тал нь 24 хувьтай төслийг ажлын хэсгээс УИХ-д танилцуулж байсан. Хөрөнгө оруулалт нь зургаан тэрбум гаруй ам.доллар байлаа. Ингээд маргаан үүссэн. Маргааны гол нь хөрөнгө оруулалт 2,7 тэрбум байснаа гэнэтхэн зургаан тэрбум болж өссөнөөс болсон юм. Яахаараа ингэж огцом өсөв. Зэсийн үнэ өсөөд байхад Монголын талын ашиг хаана байна. Манайд гадныхан 125 сая ам.долларыг урьдчилгаа байдлаар өглөө. Хүү нь өндөр, 12-13 хувь. Энэ бүхнээс болоод манайх гурван тэрбум орчим ам.доллар төлөх болсон. Иймээс анхны төслийг ЭЗБХ-ноос томилогдсон ажлын хэсэг хоёр сар гаруй хугацаанд хэлэлцээд 13 зүйл бүхий дүгнэлт санал гаргаж ажлын хэсгэт буцаасан юм.
-Дараагийн төсөл дээр нь яасан бэ?
-Хоёр дахь Оюутолгойн гэрээний төсөл нь 2009 оны долдугаар сарын эхээр орж ирсэн. Эхний төсөл дээр нь хоёр сар шахам ажилласан юм шүү дээ. Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтүүдийг нэгтгэсэн байлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос арав гаруй зүйлтэй санал дүгнэлт гаргаж өгсөн. Оюутолгойн гэрээг хийхэд юуны өмнө эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байлаа. Засгийн газар “Айвенхоу”-гоос тусдаа, бие даасан техникийн эскперт гаргаж ажиллуулсан. Ингэхдээ Америкийн “Голдман сакс” банкны загварчлалаар төслөө хийсэн юм билээ.
-Манай Засгийн газар “Голдман сакс”-ыг урьж ажиллуулсан гэсэн үг үү?
-Засгийн газар “Голдман сакс”-ыг шалгаруулж авсан гэдэг юм. Гэхдээ энэ компани “Айвенхоумайнз” компаний хувьцаа эзэмшигч ашиг сонирхлын зөрчилтэй компани зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа тухай Засгийн газарт Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс шаардлага, сануулга хүргүүлж байсан боловч энэ компани Хонгконгид бүртгэлтэй “Голдмансакс азиаменежмент” гэдэг бие даасан охин компани учраас толгой компаний хувьцаа эзэмшилд ямар ч хамааралгүй гэдэг тайлбарыг Засгийн газрын ажлын хэсгээс ирүүлж байсан.
-Ямар хөлсөөр ажиллуулсан юм бэ?
-За даа, 300 орчим мянган доллараар төслийг нь хийж өгсөн юм гэдэг. Энэ банкны мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор гол нь ашгаа яриад байсан. Жишээ нь, Монголын талын нэрлэсэн үнийн ашиг 53-55 хувь байна гэх мэтээр. Энэ нь өнөөгийн үнээр жаран хэдэн хувь ч гэх шиг, иймэрхүү хэдэн тоо л ярьдаг байлаа. “Рио Тинто”-гийн мэргэжилтнүүдтэй тэр үед бид уулзаж тодруулж байсан.. Мөн иргэний хөдөлгөөнийхөнтэй уулзаж, технологи, ялангуяа далд уурхайн нурааж ашиглах технологийн тухай ярьж байсан. Бид тэднээс төслийн нийт зардлын талаар тодруулга хийж байлаа. Тэгээд ямар зүйл дээр тогтож, анхаарч байсан бэ гэвэл “Рио Тинто”-гийн тооцоо нь “Голманд сакс”-ынхаас зөрүүтэй гарч байсан. “Рио тинто” гийхэн бид тооцоогоо хариуцна, харин танай Засгийн газрын зөвлөх компаний хийсэн тооцоог бид харьцахгүй, чухам тэд ямар нөөц дээр үндэслэж хийснийг бид мэдэхгүй гэж ярьж байв.
-Зардлын зөрүүний талаар “Рио Тинто”-гийнхон ямар тайлбар өгч байв?
-Зөрүүтэй тооцооны талаар бид асууж байсан. Тэгэхэд тэд, бид өөрсдийнхөө хийсэн тооцоог ашигласан, бусдад Засгийн газрын зөвлөх компанид ямар нэг тооцоо хийхэд нь туслалцаа үзүүлээгүй гэсэн. Харин сүүлийн төсөл нь орж ирэхэд хоёр хувийн роялтийн асуудал яригдсан. Хуулиараа бол роялти таван хувь шүү дээ. Засгийн газрын төсөл дээр ч хоёр хувийн нэмэгдэл роялти нь тусгагдсан байсан. Тиймээс би ажлын хэсгийнхнээс асуусан, “Яагаад ийм хоёр хувийн роялти нэмээд байгаа юм бэ” гэж. Гэтэл “Айвенхоу”-гийн нэг нөхөр хэлэхдээ, “Ингэж хоёр хувийн роялтиг бид гэрээндээ оруулж явахгүй бол болохгүй. Яагаад гэвэл анх лиценз худалдаж авахдаа хоёр хувийн роялти төлөх нөхцөлтэй байсан юм” гэсэн. Өөрөөр хэлбэл, тэд ирээдүйд олох ашгаасаа хоёр хувийн роялти төлөх тул гэрээнд үүнийгээ оруулах ёстой байж л дээ. Өөр нэг асуудал бий. Энэ бол усны нөөц. Гүний усны нөөцийг яаж ашиглах зэргийг бид асууж байсан. Тэгэхэд тэд Австралийн нэг компаниар усны нөөцийг судлуулсан, 15-20 жилийн нөөцтэй гэж тайлбарлаж байв. Гэхдээ цаашдаа ордын хэмжээнд ашиглах усны нөөцийн баталгаа гаргаж чадахгүй, нарийвчилсан хайгуул хийнэ гэсэн юм.
-“Айвенхоу Майнз” компани “Рио Тинто”-д 51 хувиа өгсөн нь олны анхаарал татаж эхэллээ?
-“Айвенхоу майнз” бол Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани шүү дээ. Нэг онцлог нь бол геологийн анхны өрөмдлөг тавиад, баялгийн мэдээлэл дээр үндэслэж хувьцаа гаргадаг. Нэрэлсэн үнэ байхгүй. Үүнийг бирж нь тодорхойлдог. Тиймээс тус компани өрөмдлөг хийгээд, ямар баялаг байна тэрийгээ биржийн стандартын дагуу мэдээлж, үнэлүүлээд л явдаг. Р.Фрийдландын манайд хийсэн гол ажил бол ердөө энэ. Монголд ирж өрөмдлөг хийгээд баялгийг маань дэлхий дахинд зарлан хувьцаагаа гаргаж хөрөнгө оруулагчдийг Оюутолгой төсөлд урьж оруулсан байгаа юм. Зэс, алтны үнэ өсөхөд түүний зарласан үнэ өсдөг байлаа. Тэр ийм л зарчмаар явж ирсэн. Манайд хувьцаа эзэмшигчдийн мөнгөөр хайгуул хийсэн нь үнэн, энэ нь нотлогддог. Хайгуулын ажилдаа 288 сая доллар зарцуулсан. Ер нь ихэнх баялгийнхаа 80-аад хувийг тогтоосон. Нийтдээ 30-аад сая тонн зэс, 1500 гаруй тонн алтны нөөц олсныхоо дараа харин “Рио Тинто”-той хамтран ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан.
-Энэ гэрээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Энэ гэрээгээр Оюутолгойг цаашдаа “Рио Тинто” санхүүжүүлнэ гэсэн. Ийм тохиролцооны дагуу “Рио Тинто” нь “Айвенхоу”-гийн хувьцаа эзэмших замаар ажиллах болсон юм. Торонтогийн бирж дээр хувьцааны арилжаа хийхдээ энэхүү урьдчилсан тохиролцоогоор хувь эзэмшлээ шийдсэн байлаа. Стратегийн орд дээр хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэл хувийг төр эзэмшихээр хуульчилсан. Үүнээс гадна Монголын хөрөнгийн бирж дээр бас 10 хувийг гаргахаар заасан байгаа. Ингээд нийтдээ Монголын талд ногдох хувьцаа 44 хувьтай байх ёстой байхгүй юу. Гэхдээ тухайн үед хуулийг хийхдээ алдаа гаргажээ. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хувь, улсын хөрөнгөөр бол 50 хувь гэдэг нь том алдаа юм шүү дээ. Баялаг маань нэгэнт ард түмний мэдэлд байгаа болохоор давуу эрхтэй байх учиртай. Өнөөдөртөө бидэнд мөнгө байхгүй байж болно. Зарцуулсан мөнгөө энэ орд хэдий хугацаанд төлнө тэр үеэс эхлээд 50 болон түүнээс дээш хувийг эзэмшихээр Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмаар гэрээ хийгдсэн байх ёстой байлаа. Гэвч ингэж чадаагүй. Энэ алдааг засахын тулд С.Баярын Засгийн газрын үед буюу 2007 оноос ажлын хэсэг гаргасан. Би тэнд нь орж ажилласан. 2007 оны хууль дээр ч Засгийн газраас журам гаргаж зохицууулах боломжтой байв. Харамсалтай нь Засгийн газар энэ ажлаа хийсэнгүй. Тэгж байтал 2008 оны сонгууль болсон. Дараа нь юу боллоо доо, бүгд мэдэж байгаа.
-Гэрээг сайжруулахын тулд юуны өмнө хуулиудаа чанаржуулахгүй бол бүтэхгүй юм шиг байна, тийм үү?
-Ер нь тийм л дээ, хуульд юун түрүүнд өөрчлөлт оруулах ёстой. Нөгөө талаар, Оюутолгойн гэрээнд ноцтой таван алдаа бий. Эдгээрийг засах нь чухал байгаа юм.
-Таван алдааг тодруулахгүй юу?
-Тухайлбал, төрийн эзэмшлийн хувь хэмжээ байна. Гэхдээ УИХ-ын 57 дугаар тогтоолоор заагаад өгчихсөн, 50 хүртэл хувь нь төрийн эзэмшилд байна гээд. Харамсалтай нь тухайн үед техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн гараагүй болохоор чадаагүй юм шиг байгаа юм. Хоёрдугаарт, зэсийн нөөцтэй холбоотой асуудлууд байна. Дэлхий дээр зэсийн нөөц ховордож байгаа. Тиймээс зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Чили улс 2006 оноос роялтигаа 10 хувь болгосон. Манайд таван хувьтай. Энэ нь Оюутолгой дээр 30 жил ийм хэвээр үргэлжлэх болж байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараа тэглээд, өсөн нэмэгдэх роялтийн хуулийг санаачлан, үүнийг Оюутолгойн гэрээнд тусгана шүү гэж УИХ-ын 2009 оны ээлжит бус чуулганы хуралдааны протоколд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлж тэмдэглүүлж байсан. Гэтэл Засгийн газар анхаараагүй, гэрээний төслийг хуучнаар нь явуулсан. Гуравдугаарт, хамгийн үнэ цэнтэй зүйлийн нэг нь Оюутолгойн алт байлаа. Барагцаалбал жилд 25 тонн алт гаргана гэсэн. Үүнийг анх борлуулалтын хэлбэр төдий хэмжээнд байсныг нь бид ярилцаад алтыг Монгол бие даан захиран зарцуулах эрхтэйгээр гэрээний нөхцөлд оруулсан байгаа. Ямар ч улсад алт тухайн улсын валютын сангийн эх үүсвэр гэдэг утгаараа эрдэнэсийн сангийн хөрөнгөд бүртгэлтэй байх ёстой юм. Бид алтаа бүртгэж авч тусгай толингийн гэрээгээр хайлуулагчаас буцааж авч эрдэнэсийн сандаа хуримтлуулж хадгалах ёстой юм. Гэвч Засгийн газар үүнийг одоо болтол шийдсэнгүй. Дөрөвдүгээрт, миний дээр хэлсэн усны нөөц. Энэ чинь төрийн мэдэлд байх ёстой. Бас л үндсэн хуулиа зөрчөөд явчихсан. Усны тухай хуульд өөрчлөлт оруулаад тухайн хайж олсон эзэн нь гүний усыг захиран зарцуулах эрхтэй байхаар заачихсан. Мөн 30 жилээр усны нөөцийг айвенхоумайнз эзэмшинэ гэж байна. Энэ бол хамгийн ноцтой. Тавдугаарт, нэмэгдсэн өртгийн болон гаалийн зэрэг гол гол татваруудаа Оюу толгойн гэрээгээр 30 жил царцааж орхисон. Бид эдгээр асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Ш.Сайхансамбуу гишүүнээр уламжлан асуулга тавьж байсан. Үүний мөрөөр ажлын хэсэг дээр дахин ярилцаж, нээлттэй хэлэлцүүлэг хийсэн, тогтоол ч гарсан. Засгийн газар бас л биелүүлээгүй. Түүнчлэн эрчим хүчний асуудал ч одоо анхаарал татаж байна.
-Оюутолгойн эрчим хүч шийдэгдээгүй нөхцөлд Тавантолгой ч бас хүнд байдалтай хэвээрээ байх уу?
-Арай ч тийм биш ээ. Тавантолгой бол өөрөө нүүрсний нөөц ихтэй. Харин Тавантолгойн хамгийн том асуудал бол ус юм. Усаа шийдээгүй байж тэнд 30 сая тонн нүүрс угаана гэж ярих хэрэггүй. Таван толгойн нүүрс чинь бүгдээрээ коксжих нүүрс биш. Тэнд 30-40 хувь нь эрчим хүчний нүүрс байгаа. 15 сая тонн коксжих нүүрс угаалаа гэхэд долоон сая тонн коксын баяжмал гарна. Мөн арав орчим сая тонн эрчим хүчний нүүрс гардаг. Үүгээр 2500 меговаттын чадалтай станц ажиллуулж болно.
-Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулсан Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэл нь алдаатай гэдэг биз дээ?
-Тийм ээ. Бид бүх алдааг нь хэлж өгсөн. Ялангуяа монголын талд ноогдох үр өгөөж нь тодорхой бус алдаатай байна. ТЭЗҮ тооцоонд гэрээнд заасан найман жилийн алдагдал , анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцаат болон зээлийн хөрөнгийн харьцаа, үндсэн хөрөнгийн дүн түүний нөхөн сэргээлтийн зардал гэх мэт санхүү эдийн засгийн тооцооны чухал өгөгдлүүдийг бүрэн хэмжээгээр тооцоогүй учраас ТЭЗҮ алдаатай, ашиг орлогын хувиарлалт тодорхой бус Монгол Улс яг ямар хэмжээний үр ашиг хүртэх нь ойлгомжгүй тодорхой бус байгааг бид шүүмжилж, Бидний тавьсан шүүмжлэлийг Оюутолгой төслийн баг зөвшөөрч алдаагаа засахаар амлалт авсан юмаа.Тэр бүгдийг засч оруулна гэсэн. Тухайн үед гэрээний хугацаа тулчихсан байлаа. Заасан хугацаандаа батлуулахгүй бол гэрээ цуцлагдах нөхцөлтэй байсан юм. Ийм шахалтаар техник эдийн засгийн үндэслэлийг засвартайгаар Эрдэс баялгийн зөвлөлийн 24 гишүүний 23 нь засвартай хүлээж авах санал оруулж засвартайгаар баталсан болсон.
-Та бүхний зааж өгсөн алдааг одоо засчихсан байгаа юу?
-Мэдэхгүй ээ. Зассан техник эдийн засгийн үндэслэлээ бидэнд өгөөгүй. Хуулийн дагуу бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Оюу толгойн гэрээнд хяналт тавих ёстой. Гэвч ЭЗБХ хяналтын үүргээ биелүүлэхгүй байна гэж би үздэг. Ер нь Оюу толгойн арван хувийг ард түмнийхээ эзэмшилд өгөөд олон нийтийн хяналтанд оруулах хэрэгтэй байгаа юм. Төлөөлөн удирдах зөвлөлд байгаа Монголын талын гурван хүний нэгийг нь ард түмний төлөөлөл болгож солих нь зөв. Ард түмний маань маш том өмч тэнд байж байхад төлөөлөл байхгүй байж болохгүй. Төрийн нүд сохор байгааг бид харлаа. Дандаа авлигад өртөж байна, энэ төрийнхөн. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудаас ийм санал тавиад явж байна. Шийдтэл бас мөдгүй биз дээ.
-“Энтри гоулд” компани Оюутолгойн орчмоос их хэмжээний алтны нөөц илрүүлжээ. Энэ компани “Айвенхоу”-д ямар хамааралтай юм бэ?
-“Энтри гоулд” бол бас л Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Канадын компани шүү дээ. Оюутолгой буюу “Айвенхоу”-гийн лицензтэй талбайн үргэлжлэл дээр ажиллаж байгаа. 14 хувийг нь “Энтри гоулд”, 86 хувийг нь Айвенхоу эзэмшихээр хоорондоо гэрээтэй ажилладаг. Хажууханд нь байгаа Хэругэ орд нь зэс молбидений өндөр агууламжтай. “Энтри гоулд”-ын талбай дахь Хэрүгэгийн орд нь Оюутолгойн нөөцөд орж байгаа. Харин саяхан зарласан тэр алтны нөөц бүхий орд нь Оюу толгойн нөөцөд ороогүй. Энэ бол тусдаа, шинээр илэрсэн орд юм. Ер нь тэр хавьд таван томоохон ордын илэрц бий. Эдгээрээс гурав нь олдсон. Удахгүй дөрөв, тав дахь нь нээгдэх магадлалтай.
-”Айвенхоу Майнз” компани “Энтри гоулд”-д хөрөнгө оруулалт хийсэн юм уу?
-”Айвенхоу” нь “Энтри гоулд”-ын талбайд хөрөнгө оруулж хайгуул хийх үүрэг хүлээсэн байна. Таван жилийн хугацаанд 30 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм билээ. Үүнийхээ дагуу л ажиллаж байгаа байх. Ийнхүү “Айвенхоу” нь хайгуул хийж өгөөд, илэрсэн нөөцийнх нь 86 хувийг эзэмшинэ гэсэн үг юм л даа.
-Өнгөрсөн парламентад “Оюутолгойн гэрээ”-г УИХ-ын ямар гишүүд эсэргүүцэж байсан юм бэ?
- Оюутолгойн гэрээг УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолын заалтад нийцүүлэн хийх, гэрээний нөхцөлийг сайжруулах, төслөөс монголын талд хүртэх үр өгөөжийг тодорхой болгох талаар МАН-ын Б.Бат-Эрдэнэ, Ш.Сайхансамбуу, Ц.Даваасүрэн, АН-ын Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, З.Энхболд нарын УИХ-ын найман гишүүн өнгөрсөн парламентын хугацаанд шийдвэртэй тэмцэл хийж ирсэн. Бусад гишүүн тэмцээд байсан юм байхгүй. Харин Ерөнхийлөгч парламентаар Оюутолгойн гэрээг хэлэлцүүлснээс хойш Оюутолгойг шүүмжлэгч нар олон гарч ирээд байгаа юм Тэр үед Оюутолгойг шүүмжилдэг зоригтой эх оронч түшээд ховор байсан. Оюутолгойн ТЭЗҮ-ийг Эрдэс, баялгийн зөвлөлөөр 2009 оны гуравдугаар сарын 26 өдөр хэлэлцэж батлахдаа засвартайгаар баталсан энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Оюутолгой төслөөс хүртэх монголын талын үр өгөөж засвартай тодорхой бус боллоо гэсэн үг, тийм учраас дээрх гишүүд Оюутолгойн гэрээг батлагдахаас 10 хоногийн өмнө УИХ-ын дарга, Ерөнхий сайдад Оюутолгой ордын нөөцийг бүрэн ашиглах, Монголын талд хүртэх өгөөжийг засвартай бус бодитоор тооцоолох шаардлага хүргүүлсэн боловч С.Баярын Засгийн газар хаалттай хуралдаж Оюутолгойн гэрээ батлагдахаас долоо хоногийн өмнө гэрээг батламжилж, УИХ-ын 57 дугаар тогтоолын заалтыг бүрэн хэрэгжүүлсэн талаар мэдэгдэл хийж байсан болно.
Оюутолгойн гэрээг тухайн үед олонхи байсан МАН-ын гишүүд олонхиор түрээ барьж, сонгуульд амласан амлалтынхаа хагасыг ч гэсэн биелүүлэх зорилгоор 250 сая ам.долларын зээл урьдчилгааг Айвенхоумайнз компаниас авч ард түмнийхээ нүдийг хуурч түрч болов амласан сонгуулийн амлалтаа хаах мухар санаа агуулж байгуулсан.
Монголд орох ашиг нь тодорхой бус гэрээг МАН-ыхан олонхоороо хүч түрэмгийлэн байгуулж ирээдүй хойч үеийнхээ өмнө ямар их нүгэл тарьж гай гамшиг учруулснийгаа ухаарах сэхээ даанч алга даа . Энэхүү гэрээг баталсан УИХ-ын эрхэм түшээд, Бурханы өмнө хийсэн нүглээ наминчилж хойч үеийнхээ өмнө тарьсан гай гамшигаа арилгах цаг нэгэнт болжээ. Монголын хойч ирээдүй болсон энхрий үрсийг бурхан ивээх болтугай.