Ц.МЯГМАРБАЯР
Монгол Улсад тохирох баялгийн сангийн хувилбаруудыг сонгоход Сангийн яам, Дэлхийн банк хамтарч байгаа.
ОУВС-гийн дэд захирал асан, олон улсын зөвлөх Роландо Оссовскитэй ярилцлаа.
- Баялгийн санг хэрхэн бүрдүүлэх вэ. Ард түмэнд ач тусаа өгөхөд юунд анхаарах вэ?
-Байгалийн баялгаас орсон орлогоо баялгийн сандаа төвлөрүүлэн амжилттай захиран зарцуулж дийн засгийн эргэлтэнд оруулж чадсан хэд хэдэн орон бий. Баялгийн сангийн хөрөнгөө төсвийн бодлоготой хэрхэн уялдуулснаас үр дүн нь шалтгаална. Байгалийн баялаг ард түмний өмч. Тиймээс ард түмний нэрийн өмнөөс Засгийн газар нь зарцуулах эрхийг хүлээн авч байгаа. Энэ санд хуримтлагдсан хөрөнгийг одоо үе нь өсгөн арвижуулж ард түмний сайн сайхан бүтээн байгуулалтад зориулахаас гадна ирээдүй хойч үед хуримтлал үлдээж буй нь онцлог. Санг анхнаас нь зөв зохион байгуулж ил тодоор ард түмэнд мэдээлэх нь хамгийн чухал. Олон улсад эерэг жишээ олон байна. Норвеги, Зүүн Тимор зэрэг орнууд зөв зохион байгуулж ард түмэн сангийн үр шимийг хүртэж байна.
-Монгол Улсад баялгийн сан байгуулах нөхцөл бүрдсэн үү. Та хэрхэн ажиглаж байна вэ?
-Монгол улсын хувьд боломж нээлттэй байна. Их хэмжээний хөрөнгийн урсгал бий болсон харагдаж байна. Маш хянамгай хөрөнгө оруулалтын стратегийг баримтлавал урт хугацаандаа эерэг үр дүн гарна гэсэн төлөв ажиглагдаж байна.
-Баялгийн санг хөрөнгө оруулагчдын татвараас бүрдүүлдэг тухай Норвегийн жишээг дурьдсан. Та үүнийг тодруулна уу?
-Хатуу дүрэм журам бүхий сангууд мэдээж үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Гэхдээ уян хатан дүрэмтэй байх нь илүү өгөөжтэй. Энэ бол Норвегийн загвар. Өөрөөр хэлбэл төсвийн тэнцвэртэй уялдуулсан загвар. Сан руу орох мөнгөний хувь хэмжээ тодорхой хувиар биш, төсвийн тэнцэл, газрын баялгаас орсон орлогоос хамаарч бүрдвэл илүү дээр. Энэ бол уян хатан систем. Гэхдээ эцсийн үр дүн нь төсвийн сахилга батаас шалтгаална. Бодлого нь сандаа биш төсөвт тулгуурлах юм.
-Сангийн мөнгө эмзэг бүлгийнхэнд үр дүнгээ өгөх үү?
-Хүн амын эмзэг бүлгийн хэсэгт сангийн хөрөнгө хэрхэн тусах вэ гэдэг сангийн цар хүрээ зарцуулалтаас ихээхэн шалтгаална. Зарцуулалтын дүрэмдээ сайн тусгах ёстой. Тус сангийн хөрөнгийн зарцуулалт эмзэг хэсэгт хэрхэн тусахаас үр дүн нь шалтгаална.
-Баялгийн сангийн мөнгийг өсгөж болох уу?
-Дүрэмд хэрхэн тусгахаас шалтгаална. Төсвийн хуримтлуулсан хөрөнгийг өсгөж өөр зүйлд зарцуулж болдоггүй. Харин баялгийн сангийн хөрөнгийг бонд гаргаж, зээлж өсгөж болдог давуу талтай. Энэ эрх нь сангийн удирдлагад байна. Гэхдээ дүрэмдээ захирагдах ёстой. Орлого ихсэх тутам зардал ихэсдэг. Тэгэхээр зардлаа тогтвортой байлгахаас сангийн хувь заяа шалтгаална.