Ж.ЦОГЗОЛМАА
Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас Хятадад урт хугацааны өсөлтийг бий болгоход шинэтгэл хэрэгтэй гэжээ. Санхүүгийн салбар, хотжилт, улсын өмчлөл болоод инноваци буюу санаачлага шинэчлэл нь эдгээр шинэтгэлд багтаж байна. Гэхдээ Бээжин тус байгууллагын бусад гишүүдийг бодвол санхүүгийн хямралыг илүү сайн давж гарч байна. Ингэснээрээ 2016 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болох боломж байгаа хэрэг аж. Тиймээс ч Хятадын нөхцөл байдал энэ ангилалд багтахад сайнаар үнэлэгдэж буй юм. Энэ удаагийн “саажилт”-ыг л давчихвал цаашдаа эдийн засаг нь хурдтай урагшилна хэмээжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас Хятадад өгч буй зөвлөгөө нь:
-Хөрөнгийн урсгалын хязгаарлалтыг зөөллөж, дотоодын хөрөнгө оруулалтын хувийг өсгөх.
-Валютын ханшийн уян хатан бодлогыг хэрэгжүүлэх.
-Гадаадын болоод дотоодын шинийг санаачлагчдад оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг сайжруулж, энэхүү эрхийг сахин хамгаалах.
-Зарим салбар дахь төрийн өмчлөлийг бууруулах.
-Хөдөө аж ахуйн салбарынханд ч энэ эрх нь оршин суугчдын адил хангагдах ёстой.
-Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцлийг бий болгох.
-Бохирдлыг бууруулах болон хүрээлэн буй орчинд чиглэсэн уулзалтуудыг зохион байгуулах зэрэг зөвлөмжүүдийг өгсөн байна.
Гэсэн хэдий ч Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа, үүнийг дагаад янз бүрийн эрсдэлтэй тулгарч мэднэ хэмээн болгоомжилж байгаа юм. Судалгаанаас харахад Хятадад тулгарч буй гол эрсдэл нь дэлхийн эдийн засгийн хямрал. Харин дотоод нөхцөл байдалд хөрөнгийн үнийн хэт өсөлт, үнийн хөөсрөлт нь тэнцвэргүй байдлыг үүсгэж буйгаараа томоохон заналхийлэл болоод байна.