Ж.ЦОГЗОЛМАА
Дэлхий дахинд бүтээмжээр эдийн засгийн хөгжлийг дүгнэж байна. Манай улсад энэ ойлголт нь харьцангуй шинэ гэж хэлж болно. “Бүтээмжийн хандлага” институт ирэх лхагва гаригт “Компанийн бүтээмжийн менежмент” практик сургалт явуулах аж. Тус институтын гүйцэтгэх захирал Т.Золбооттой ярилцлаа.
-Монгол Улсад бүтээмж хэмээх ойлголт хэр тарсан байдаг юм бэ. Бид хөдөлмөрийн бүтээмж гэдгээр л ойлгож байна?
-Манайханд энэ талаарх ойлголт тун маруухан гэж хэлж болно. Яг л таны асуудгаар хөдөлмөрийн бүтээмж, үйлдвэрийн бүтээмж, орцыг гарц болгох ашигт үйл ажиллагаа гэдэг байдлаар маш ерөнхий тойм ойлголттой байдаг. Угтаа бол бүтээмж гэдэг нь маш өргөн цар хүрээтэй ойлголт, компанийн хувьд улс орны хэмжээнд ч тэр бүхий л суурь ойлголтуудтай холбогдож хамаарч байдаг. Компанийн хувьд маркетинг, хүний нөөцийн менежмент, санхүү, улс орны хэмжээнд ажиллах хүч, экспорт, импорт гэх мэт.
-Ер нь манай улсад бүтээмжийг нэмэгдүүлснээр ямар ач холбогдолтой юм бэ?
-Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд эхлээд хэмжих нь чухал. Нэгж орцоор гарцыг үйлдвэрлэхдээ ямар хугацаа, ямар зардал, хэдий хэмжээний гологдол гаргаж байна вэ, үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь эцсийн дүндээ үр ашигтай байна уу, эерэг болоод сөрөг хандлага, нөлөө юу байна гэх мэт. Тухайлбал, нэг ажилтан ажлын найман цагт ямар бүтээмжтэй ажиллах бололцоотой талаарх нормыг тогтоосноор ажилтнууд ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чадна, компанийн хувьд үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардал буурна, ажилтнуудын ур чадвар өснө. Энэ нь нийт дүнгээрээ улс орны хувьд зардал буурна, импорт буурна гэсэн үг. Бүтээмжтэй ажиллаж эхэлснээр хэрэглэгчдийн гар дээр очдог бүтээгдэхүүний чанар сайжирн. Үнэ буурдаггүй юм гэхэд өсөхгүй тогтвортой байна. Улс орны хувьд гадаад худалдааны алдагдал буурна. Бид өнөөдөр замбараагүй тооцоо судалгаагүй хэмжүүргүй үйлдвэрлэлийн системээр, замбараагүй тоо хэмжээний замбараагүй шат дамжлагатай үйлдвэрлэл явуулж байна. Тэгэхээр бүтээмжийн асуудал маш олон асуудлыг хамарна. Ингэснээрээ мөн шийдэл зөв харагдах юм.
-Бүтээмж дээр суурилсан эдийн засгууд АНУ, Хятад тэргүүлж байна. Харин манай улсад энэ үзүүлэлт хэр байдаг юм бол?
-Бүтээмжийн үзүүлэлтийн хувьд дээр хэлснээр манайх тун хангалтгүй. Бид дэлхийд төдийгүй Азийн хэмжээндээ бүтээмжийн үзүүлэлт тааруу. Зарим нэгэн өсөж байгаа үзүүлэлтүүд бий. ДНБ-ийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, худалдан авах чадвар зэрэг бидний мэдэхээр сүүлийн жилүүдэд өсч байгаа. Гэхдээ эдгээр маань хүндээ яг наалдаж байгаа юу, нялзаж байгаа юу гэдэг нь асуудал. Өнөөдөр бид хэн хүнгүй л мэдэж байна. ДНБ өсөлт 2011 онд 17.6, 2012 онд 12 хувьтай, мөн нэг хүнд ноогдох ДНБ хэмжээ дөрвөн мянган ам.доллар давсан ч бид бүс нутагтаа ч тэр дэлхийн хэнжээнд ч тэр сүүлийн байруудыг мушгисаар байна. Энэ нь олон хүчин зүйлтэй мэдээж холбоотой, бидний чадах ба чадахгүй хүртэл. Ер нь бүтээмжийн үзүүлэлтийг дан ганц ДНБ, эдийн засгийн үзүүлэлтүүдээр ерөнхий илэрхийлэх нь хангалтгүй. Үүнд Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индекс, өрсөлдөх чадварын индекс, авлигын индекс гэх мэт маш олон үзүүлэлтээр хэмжих нь зүйтэй болов уу.
-Тэгвэл Монгол Улс бүтээмжээ дээшлүүлэхийн тулд юу хийх вэ. Өөрөөр хэлбэл, жинхэнэ өрх гэрээс эхэлж буй ашиг орлогыг хэрхэн өсгөх вэ?
-Бүтээмжийн хэмжүүрээ зөв тогтоох, бүтээмжээ хэмжих нь чухал. Гэхдээ юуны түрүүнд олон нийтийг тэр тусмаа үйлдвэрлэл эрхлэгч компани аж ахуйн нэгжүүдэд бүтээмжийн талаар зөв зүйтэй ойлголт өгөх нь чухал. Бүтээмж гэдэг нь юуны түрүүнд сэтгэлгээний хандлага гэсэн үг байдаг. Бүтээмжийг хүн бий болгоно гэхээр хүнтэй мэдээж эхлээд холбогдоно. Дараа нь машин техникийн асуудал яригдаж таараа. Тэгэхээр хүмүүс маань бүтээмжийн талаар зөв ойлголттой, бүтээмжийн арга хэрэгсэл, хэмжүүр, санал санаачлага нь юу юм бэ гэдэг талаар шат шатандаа ойлголттой болох ёстой. Иймээс л манай институт эхлээд байгууллага үйлдвэр аж ахуйн нэгжүүд дээр тэдгээрийн ажилтнуудад зөвлөгөө өгөх, сургалт явуулах, төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллаад байгаа юм.