Ж.ЦОГЗОЛМАА

 Дунд сургуулиудад 1997 оноос эхлэн хэрэг­лээний эдийн засаг гэх хичээлийг төсөл болгон зааж эхэлсэн ч нэг их удаагүй юм. Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц бололцоогоор хангах нь сампин сугавчлахын үндсэн зорилго гэдгийг арван жилийнхэнд ойл­гуу­лах онцгой ач холбог­долтой энэ хичээл одоо сураггүй болжээ.

Адам Смитийн үл үзэгдэх гарын онолоор төрийн оролцоо өчүүхэн төдий, харин зах зээл өөрөө үнээ тогтоох хууль үйлчилдэг эдийн засгийн ухааныг сурагчдад олгох бэлтгэл уг нь тэр байлаа. Ингэхээр монголчуудын эдийн зас­гийн ухааны мэдлэг валютын ханшаас эхлээд олон зүйлд чам­лалт­тай үлдсэн нь суурь боловс­ролын тогтол­цоотой ч холбоотой байж мэдэх.

Үнэ гэгч эдийн зас­гийн “дэгдэмхий бодис” хуурай өвсөнд шүдэнз зураад хаясантай адил нүд ирмэхийн зуур тарж, түгэх хэв шинжтэй. Тэнд өсчээ гэсэн бол энд ялгаагүй л байдал үүснэ. Хачирхал­тай нь, манай оронд бараа бүтээгдэхүүний ховор, элбэгээс үл шалтгаалан үнэ тогтож байна. Хараа­жаар, хоёрхон сая хүнээ­сээ хорь дахин олон малтай боловч махны үнэ тэрбум илүү иргэнтэй Хятадынхаас нэг их ялгаа алга. Тэнд ганц кг мах төгрөгөөр бол 10 мянга бол манайд түүнээс 1000 төг­рөгөөр л хямд. Энэ утгаа­р Улаанбаатарын зах дээр Адам Смитийн биш харин дэлхийд таниг­даа­гүй онол үйлчлээд байх шиг. Малчид өдөрт хэдэн зуун машинаар мах ачиж ирээд байгаа хэр нь ганц сая гаруй иргэнтэй нийс­лэлийн хэрэглээг хангаж үл барна. Гайхамшиг гэхээс өөр юу хэлэхэв. Эдийн засгийн хөгжлийн сайдаасаа авахуулаад эр­дэмтэн судлаачид нь хүртэл хариултгүй болоод одоо махны ченж хятадуу­дад хэргийн эзний гун­шинг тохох гэж оролдох болсон. “Үнэрч хүн өөрөө”  гэдэг дээ, төр зах зээлийг зохицуулна гэсэн шинэ онол зохиочихсон ч юм билүү.

Инфляц гэж бас нэг дэггүй нөхөр бий. Тэрээр цалин­гаараа бор ходоодоо болгодог энгийн нэгнийх нь хэтэвчийг хоосолдог бол бийлэгжүү бусдад нь өгөөж болох жишээтэй. Энгийнээр тайлбарлавал төгрөгийн бяр чадлын хэмжүүр нь юм. Үндэсний мөнгөн тэмдэгт маань сульдаад суугаад эхлэхээр нь бид инфляц өслөө гэж дуу алдацгаадаг. Төгрөг хойморын суудлаа ногоон эсвэл улаан царайтай “хүн”-д тавиад өгчихвөл банкны зээл, хадгалам­жийн хүү өөдөө цойлно. Бас үйлчилгээ, татвар, бараа бүтээг­дэхүү­ний үнэ хүртэл өснө. Яагаад гэвэл төгрөг тэдний хэрэгцээг хангаж чадах­гүй бол­чихоор үүнээс өөр сонголт зах зээл дахь тоглогчдод үлдэггүй учраас тэр. Ядууд нь хатуу, чадууд нь зөөлөн араншингаа инфляц яруу тодоор ингэж л харуулдаг.  “Инфляц сар бүр өсч байна” гэж Үндэс­ний статистикийн хороо­ны Макро эдийн зас­гийн статистикийн газ­рын дар­га Б.Бадам­цэцэг хэлсэн юм. Гэхдээ гол үзүүлэлт бол, бид 40,9 сая мал тоо­луул­сан нь өнгөрсөн оны­хоос 4,6 саяар нэмэгдсэн үзүүлэлт боловч махны үнийн өсөлт өнөөх төгрөгт нойтон ха­муу шиг наалд­сан хэвээр байгаа нь энэ. Гэхдээ Засгийн газар үнэ тогтвор­жуулах хөтөлбөр хэрэг­жүү­лэхээ амлаад хэд хэдэн ажил хийгээд байна. Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэх компаниудад хөнгөлөлт­тэй зээл олгохоос энэ ажил нь эхэлж байгаа гэнэ. Угаасаа нэр муутай нөөцийн махыг гял цал чанартай болгоно гэдгээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд мэдэгдэж, өөрийн биеэр шалгалт хийснээ ч зарласан. Гэхдээ л өнөөх мах нь алаг цоог байгааг иргэд эхнээсээ шүүм­жилж байгаа. Л.Түдэвийн “Оройгүй сүм” романы эхэнд гардаг шиг шатам халуун элсэн говьд хур орсон ч төдөлгүй уурш­дагтай адилаар нөөцийн махны нийлүүлэлт нийс­лэл­чүү­дийн хэрэгцээний хаана ч хүрэхгүй байгаа юм. Үнийн араас хөөцөлд­сөн Засгийн газрын хөтөл­бөрийн нэг хэсгийн үр дүн ийм байна.

Яруу найраг, уран зурагт гоо сайхныг магтан дуулдаг бол улстөрчид сонгууль бүрийн өмнө үнийн тухай шүлэг зохиох нь холгүй явдаг нь жам юм шиг болсон. С.Баярын таван төгөлдөршил, үе дамжсан Засгийн газрын өөр өөр нэртэй хөтөл­бөрүүдэд үнэ гээчийн араас хэрхэн зуу­ралдаж, хөөцөлдөж буйгаа дурдсан боть шиг болтлоо зузаар­сан илтгэл, тайлан, судал­гаануудаас их юм алга. С.Зоригийн хэргийг ил­рүүлнэ гэж худал амладаг шигээ үнийн өсөлтийн үнэнийг олно гэдэг дашин шог болох шив. Инфляц өсдгөөрөө өсч, тоо ярьсан мэдээнүүд хэвлэлийн хуудсанд үлдэнэ. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь харин “Икс” ноёнтой болоод л үлдэнэ.