Э.СОЛОНГО

Эдийн засгийн өсөл­тийн хөдөлгүүр зогсоход ойрхон байна. Ур дүйгүй эзний гарт орж, эцэст нь үгээ хэлж буй нь энэ. Ганц эх сурвалж болсон ашигт малтмалаас хэтэр­хий ха­маа­ралтай Монго­лын тө­сөвт нүүрсний үнийн уналт түгшүүр зар­лаад байна. “Нүүрс орло­гоороо тэр­гүүл­лээ”, “Нүүрс төс­вийн ихэнх хувийг бүр­дүүлж байна” гэсэн мэ­дээл­лүүд сонины шарла­сан хуудсанд үлд­жээ. Монгол дахь эрчим хүчний энэ үүсвэрийн үнэ дэл­хийн зах зээлд хөсөр унаж буйг манай улсын гадаад худалдааны орлого өнгөр­сөн долоо хоногт батал­сан. Хоёр жилийн өмнө бид гадагш гаргасан нүүрс­нээсээ хоёр тэрбум “ногоон”-ы ашиг ол­сон бол энэ оны эхний улиралд дөрөв дахин буурчээ.

 

ГАРЦГҮЙ БАС АШИГГҮЙ

Нүүрсний үнэ гадаад зах зээлд өмнөх жилүү­дийнх шиг жин дарахгүй байгааг олборлогч компа­ниудын удирдлага  түүний тээвэрлэлт, экспорт буур­сантай холбон тайлбарлаж байна. Олборлосон нүүр­сээ гадагшаа зөөх гарцгүй монголчууд дэлхийн нүүрс­ний хамгийн том хэрэглэгчид ашиглуулсаар байгааг гадны хэвлэлүү­дэд тэмдэглэсэн байдаг. Монгол Улс гаднынханд нэг тонн нүүрсээ 160-100 ам.доллараар зардаг бай­хад улсад төлсөн татварын хэмжээ 5-10 тэрбум төгрөг байж. Харин монгол нүүрс­ний үнэ төмөр замаас шалтгаалаад 50-70 ам.доллар болоход улсад оруулсан хувь нэмэр нь дөрвөн тэрбум төгрөг болж багассан байх юм. Нүүрс ийнхүү нүүрээ бууруулах цагт шийдвэр гаргагчид төмөр замын эрэлд гарлаа. Шийдэлд хүрч чадахгүй тэд маргаж, мэтгэлэх зуур Хятадын Зобу нутгийн нүүрс 116 ам.долларт хүрч Монголынхоос 40 хувиар илүүрхэв. Өөрөөр хэлбэл, Хятад улс дотоодын нүүрснийхээ нэг тонныг нь 600-900 юаниар үнэлж, харин Монголоос 230-800 юаниар авдаг аж. Үүний­гээ тэд мужуудаас авдаг  нүүрсний үнийг төмөр замын өртөөн дээр ирсэн байдлаар тооцож тогтоо­дог. Харин Монголын нүүр­сийг уурхайн ам, агуулахаас нь авдаг тул үнийг унагахаас аргагүй хэмээн тайлбарласан. Баялгаа зөөх замгүй хөл нүцгэн монголчуудад нүүр­сээ үнэтэй зарна гэж дуугарах эрхгүйг тэд ингэж сануулсан хэрэг. Харин бид үүнийг нь батлах гэсэн шиг толгой хоосон гэдгээ зарлалаа. Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр зам барих гэж хоёр ч Засгийн газар оюун санаагаа уралдуулсан. Баахан улстөржиж, эх орончийн дүр эсгэх гол сэдэв нь энэ болсон. Тэгсэн ч хоёр төрийн нүүр үзсэн шинэ төмөр замын төсөл ажил болж буцлах тухай мөрөөдөл цаасан дээр л дурайж үлдэв.

 

ҮНЭ ЦЭНЭГҮЙ БРЭНД

Урд хөрш нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэд ихэнх хэрэгцээгээ Австрали, Индонез, Монголоос хан­гадгийг олон улсын эрчим хүчний агентлаг зарласан. Өнгөрсөн онд хятадуудыг нүүрсээр хангахад Монгол 45, Австрали 23 хувьтай оролцож байсан. Сидней нэг тонн нүүрсээ Бээжинд 200 ам.дол­лараар бор­луулж байхад бид мөнөөх л төмөр замын асуудлаас болж түүнээс хоёр дахин хямдаар өгч байна. Хятадын уурхай­нуудын нүүрс манайхаас чанаргүй атлаа улсдаа үнэтэй байх юм. Тус улсын Өвөрмон­гол, Анхуй, Шаньси зэрэг мужийн холимог, үнс ихтэй, дэгдэмхий нүүрс олон улсад танигдсан Тавантойлгойн коксжсон нүүрснээс нэг дахин их үнэтэй. Өнгөрсөн сард манайх Хятадад коксж­сон нүүрсээ 280-500 юаниар үнэлсэн бол өөрийнх нь холимог, үнс ихтэй, дэг­дэм­хий нүүрс 800-900 юаньд хүрчээ. Чанаргүй ч төмөр зам бараадсан бараа үнэд хүрч, чанартай ч уурхайн амнаасаа гарч чадахгүй л бол хэнд ч хүрдэггүй тод жишээ энэ аж. Төмөр замаас болж ашигт малт­малаа ашиггүй болгож байгааг эдийн засагчид сануулж байгаа.

 

ГАНЗАМ ДАХЬ УЛСТӨР

Шинэчлэлийн Зас­гийн газар Тавантолгойн төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орсноо илэрхийл­сэн. Гэвч төсөл дагасан ханцуйн доторх наймаа явж байгааг төмөр замын инженер, эдийн засагчид сануулж буй. Эрх бариг­чид төмөр замын чиглэл, цагриг дээр  хойшоо, урагшаа, өргөн, нарийн гэсэн улс төрийн тоглолт тавиад байгаа. 1800 км замыг урд, хойд хөрш рүү чиглүүлнэ гэсэн шийдвэр гаргачдын зөрчилдөөн таван жил ярьсан, таван тэрбум ам.долларын сан­хүү­жилттэй энэ төслийг улс төржүүлэх гол шалт­гаан болсон гэдэг. Шинэ төмөр зам хэт улстөржиж байгааг Их хурлын гишүүд ч хэлж буй. Д.Балдан-Очир гишүүн онцлохдоо “Төмөр замд улс төр хэрэггүй. Шинэ тавих замаа одоогийн өргөн царигтай төмөр замд тулгуурлаад  Тавантолгой хүртэл, Сайншандаас Дорнодын Чойбалсан, тэн­дээсээ  Оросоор дам­жаад гурав дахь зах зээл хүртэл тавих нь зүйтэй байх. Энэ бол ойрын асуудал. Яваандаа ОХУ ч гэлтгүй, аль аль тал руугаа төмөр замаараа гардаг байх хэрэгтэй юм” гэсэн байдаг. Харин төсөл урт хугацаагаар улс төрж­сөний хариуд ашиг сонирхол, далд наймаа явах тохироо бүрдсэнийг төмөр замын ахмад инженерүүд онцолсон. Тэдний энэ сануулгыг батлах гэсэн шиг М.Энх­сайханыг “Мон­голын төмөр зам” төрийн өмчит компанийн захирлын ал­бан тушаалаас нь Засгийн газрын тэргүүн биш тэс хөндлөнгийн хүмүүс чөлөөлсөн явдал. Зам тээврийн болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нарын тохиролцож гар­гасан энэ шийдвэр ганзамын төсөл ханцуйн доторх наймаа болох вий гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлэх болсон.

 

Хэн юу хэлэв

 

“108 ойл” компанийн захирал С.Хосбаяр: НҮҮРСЭЭ ГАРГАХААС ӨМНӨ ЗАМАА ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

Төмөр замын төсөл хэ­рэг­жихгүй байгаа нь эдийн засагт ямар хохи­рол­той. Юунаас болж төмөр зам урагшлахгүй байгаа талаар төмөр замын инженер, эдийн засагчид байр сууриа илэрхийллээ.

 Манайх ашигт малтмалаа их хэмжээгээр гаргаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хооронд зөвхөн төмөр замаас шатгаалсан эдийн засгийн хохирол их. Уг нь баялгаа гаргахаас өмнө дэд бүтцээ ярьсан бол илүү үр дүнд хүрэх байсан. 

 

Төмөр замын ахмад инженер Д.Дашзэвэг: ТӨМӨР ЗАМ ИХ ӨРНӨӨСӨӨ САЛАХ ГОЛ ГАРЦ

Богино зайнд барих төмөр замын асуудалд ингэж удаж байгаа юм чинь хол зайнд бүр их цаг алдана. Хятад руу чиглэх төмөр замын бодлого арай ойр сонсогдож байна. Хятадын зах зээл нь ч том. Төмөр зам Монгол улс баялгаа ашиглаж хурдан хугацаанд хөгжих, “Чингис” бондоос авсан их өрөө ашигтай зүйлд зарцуулах зэрэг гол асуудлын гол гарц нь. Иймээс эрх баригчид оносон шийдвэр гаргаж асуудал, ажлыг хурдан эхлүүлэх шаардлагтай байна.