Ж.ЦОГЗОЛМАА

Австралийн “BAeconomics” төвийн захирал Брайн Фишер Монгол Улс дахь бодлогын өөрчлөлт, түүний үр дүнгийн талаар хийсэн судалгаагаа өчигдөр тайлагнав. Ашигт малтмалын хууль эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг тэрээр дэлгэрэнгүй дурдлаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Юуны өмнө манай хөрөнгө оруулалтын орчин болон одоогийн нөхцлийн талаар та юу хэлэх вэ?

-Бодлого боловсруу­лагчид юуны өмнө тогт­вортой байдлаа удаан хугацаанд хадгалъя гэвэл өнөөгийн Ашигт малт­малын тухай хууль тийм ч сайн хувилбар болж чадахгүй. Зөвхөн Оюу­толгойн хөрөнгө оруулал­тын гэрээг харъя  л даа. Энэ гэрээ байгаа цагт Монгол Улсын дараагийн 15-20 жилд эдийн засгийн өсөлт нь бусад үетэй харь­цуулахад дөрвөн хувиар илүү өндөр байхаар ха­рагдаж байна.

-Тэгвэл Ашигт малт­малын тухай хуульд парла­мент хэрхэн хандаж байна гэж та үзэж байна вэ?

-Улс төрийн нөхцөл байдал илүү тогтвортой байна гэж би маш их най­даж байна. Гэвч хамгийн их санаа зовоож буй зүйл бол гадаадын хөрөнгө оруу­лалтад сөргөөр нө­лөөлж болзошгүй олон өөрч­лөлт. Энэ нь урт хуга­цааны эдийн засгийн өсөл­төд сайн нөлөө үзүүлэхгүй.

-Гэхдээ УИХ-ын олон гишүүн энэ хууль нь эдийн засгаа хамгаалж буй хэлбэр гэж тайлбарлаад байна. Харин таны байр суурь эсрэг байна?

-Зарим гишүүн хуулийг энэ чигээр нь батлах гэж байгаа гэж сонссон. Гэхдээ миний зүгээс санал болгох зүйл гэвэл хуулийг энэ чигээр нь батлах нь Монгол Улсад ашигтай хувилбар биш. Далайд гарцгүй Монгол Улс урт хугацаандаа зөвхөн хөдөө аж ахуйд тулгуурлаж эдийн засгийн өсөлт бий болгохгүй. Харин ашигт малтмалын салбараа дотоо­дын болон гадаадын хөрөнгө оруулагчдын орол­цоотойгоор хөгжүүлнэ. Гэвч өнөөгийн Ашигт малт­малын шинэ хууль нь тэдгээр хөрөнгө оруулал­тыг бууруулах эрсдэлтэй байна.

-Манай улс нүүрсээ маш их нөөц баялагтай. Гэвч одоо хэр нь нүүрсний салбарт барих нэгдсэн бодлогогүй байна гэж эдийн засагчид шүүмжилж байна?

-Сүүлийн 2-3 жилд Монгол Улсын нүүрсний экспорт асар их нэмэгд­лээ. Энэ нь Монголын эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүллээ. Ирээ­дүйд нүүрсний экс­портын үзүүлэх нөлөө улам ихэснэ. Харин хам­гийн гол асуулт бол миний өмнө дурдсан тогтвортой байдал бий эсэх талаар байна.

-Оюутолгойн хувь ний­лүүлэгчдийн хурал үргэл­жилж байна. Хоёр тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалт нэмэгдсэн эсэхэд олон нийтийн анхаарал хандаад байна. Харин та энэхүү хурлын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Нэгэнт хийсэн гэрээг дахин хэлэлцэнэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд санаа зовоосон тавгүй байдлыг үүсгэдэг. Захирлуудын зөвлөл хөрөнгө оруулалтаа эргэж харна. Миний бодлоор хөрөнгө оруулалтын гэрээг дахин шинэчлэхээр болбол Оюутолгойд ирээдүйд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, ашиг орлогод том аюул нүүрлэнэ. Жи­шээл­бэл, ил уурхайгаас гадна ихэнх баялаг нь газар доор байгаа. Үүнийг ухахад маш том хөрөнгө оруулалт шаардагдана. Ирээдүйн энэ их хөрөнгө оруулалтыг ямар ч компани хийхгүй орхиж болзошгүй учраас энэ бол маш том эрсдэл юм.  

-Ашигт малтмалын шинэ хууль хэрэгжвэл Монгол Улс татварын 300 их наяд төгрөгөө алдаж буй хэрэг болно гэлээ. Ер нь Монгол шиг ийм нөх­цөлд байгаа улсад таны судал­гаа нөлөөлж байсан турш­лага байвал хуваалцаач?

-Мэдээж, би бүх л амьд­ралынхаа турш бод­лого боловсруулагчдад нөлөөлөхөөр хичээж явна. Энэ маш хүнд ажил. Татварын орлогоо алдахад хүрвэл улс төсвийн зар­цуу­лалтаа өөрчлөхөөс арга­гүйд хүрнэ. Гэвч төсвийн алдагдлыг нөхөж чадахгүй шүү дээ. Зарим тохиолдолд Засгийн газар төсвийн зарцуулалтыг багасгах замаар ажиллаж болох юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, боловсрол гээд монголчуудын хэрэг­лээнд зарцуулж буй мөнгийг багасгана гэсэн үг. Нэг үгээр Засгийн газрын бодлогод нөлөөлж эхэлнэ. Ашигт малтмалын шинэ хууль хэрэгжээд, Оюутолгойн гэрээг шинэчлэх нөхцөл үүсвэл, нөгөө нэг хувилбар нь Ашигт малтмалын хууль энэ хэвээрээ, хөрөнгө оруулалтын гэрээ мөн хэвээрээ байхад Монгол Улсын эдийн засаг ямар байхыг харьцуулсан су­дал­гаа хийсэн юм. Гол үр дүн нь ДНБ-тэй харьцуу­лахад Ашигт малтмалын шинэ хуультай, Хөрөнгө оруулалтын хуулийг дахин хэлэлцэх нь бодлогын тогт­воргүй орчин бий болгож байна. Энэ тохиолдолд ДНБ-ийн өсөлт нь дөрвөн хувиар илүү байх болно.

-Тэгэхээр та Ашигт малтмалын шинэ хуулийг ашиггүй гэж үзэж байгаа юм уу?

-Тийм ээ. Ашигт малтмалын шинэ хууль Монгол Улсын хөрөнгө оруулалт, ашиг орлогыг бууруулна.