Ч.ЗОТОЛ
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
АВЛИГА АВСНЫГ НОТОЛЖ ЧАДВАЛ...
-Шинэ парламент дөнгөж бүрэлдсэний дараа нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээний талаар байр суурь илэрхийлж байсан. Харин сүүлийн үед чимээгүй болчихов уу гэж харж байна. Таны байр суурь хэвээрээ юу?
-Тухайн үед би УИХ-ын гишүүн болоод дөнгөж сар гаруй болж байсан. Парламентын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд илүү өгөөжтэй болгох асуудлаар өргөх бичиг барьж байсныг нэхэн хөөцөлдөх санаа төрсөн. Ингээд хэд хэдэн гишүүнтэй уулзаж санал солилцсон юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би анх санаачилсан юм. Миний бланкан дээр саналаа тавиач” гэсэн. Ингээд бид хоёр дээр С.Ганбаатар нарын 20 гаруй гишүүн нэмэгдэж гарын үсэг зурж, Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэж асуудал тавьсан. Эдийн засагчид Оюутолгойн гэрээг өөрөөр харах байх, улстөрчид мөн өөр өнцгөөс харах байх. Би хуульч хүний хувьд Оюутолгойн гэрээг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ тэнд нэг зүйл бий.
-Тэр нь юу билээ?
-Аливаа гэрээнд зайлшгүй баримтлах зарчим бий. Гэрээг ганцхан тохиолдолд л задалж болдог. Өөрөөр хэлбэл, авлига авсан гэдгийг нотолж чадвал. Энэ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэг л нөхцөл шүү дээ. Бусад тохиолдол тэр гэрээ биелэгдэж байна уу, биелэгдэхгүй байна уу гэсэн асуудал яригддаг. Гэрээ зурагдсан л бол аль нэг тал нь ашигтай байх ёстой. Ашигтай байна гээд нөгөөгөө буруутгаад ч хэрэггүй, муулаад ч хэрэггүй. Хэн ч гэсэн ашигтай л гэрээ хийхийг бодно. Ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан талдаа л хариуцлага тооцох тухай ярина. Тэгэхээр үнэндээ Оюутолгойн гэрээний хувьд ашиггүй байна гэхээсээ өмнө бид хоёр зүйлийг онцолж харах ёстой. Нэгдүгээрт, энэ гэрээ нь одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцсэн үү, хоёрдугаарт гэрээг байгуулахад ашиг сонирхлын зөрчил буюу хээл хахууль авлига авсан уу гэж. Одоогийн байдлаар 100 хувь батлагдсан гэж хэлж чадахгүй ч хэвлэлд гарсан мэдээллээр “Голдмен сакс” компани манай талд ТЭЗҮ-ийг гаргаж өгсөн гэх хэрнээ нөгөө “Рио Тинто”-гийн охин компани гэсэн хэл ам татлаад байгаа шүү дээ. Хэрэв тэр үнэн бол гэрээ автоматаар хүчингүй болно. Гэрээг дахин ярих хэрэгтэй болно.
-Тэгвэл одоо бид яах ёстой гэсэн үг вэ?
-Мэдээж “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” хийж чадаагүй юм чинь би яаж чадах юм бэ гэдэг шиг дэлхий нийтийг цочроосон байдлаар хандаж болохгүй. Өөрөөр хэлбэл, ийм том компани хийж чадаагүй юм чинь мань шиг жижиг компани яаж хийж чадах юм бэ гээд гаднын хөрөнгө оруулалт бүтэхгүй шүү дээ. Бид энэ гэрээг ярья гэвэл цэгцтэй бөгөөд хуулийн хүрээнд, онолын хүрээнд олон санаагүйгээр шийдэх ёстой. Түүнээс биш хэн дуртай нь очоод л нэг Засгийн газар нь хэдэн төгрөг нэхээд л, хэсэг хүмүүс очиж өөр юм яриад л телевизээр хоёр гурван хэсэг болж хуваагдаад байх шаардлагагүй. Ерөөсөө л энэ гэрээнд анхнаасаа ашиг сонирхлын зөрчил байсан уу. Үнэхээр ийм зөрчил байгаад авлига хээл хахууль байгаа бол үүнийг нотлох хэрэгтэй. Авлигатай тэмцэх газар үүнийг нотлооч ээ гэж л хүсээд байгаа байхгүй юу. Энэний ард хэн байгаа юм бэ. Гэхдээ нотолж чадахгүй л дээ. Тэр үед МАНАН-ын засаг байсан. Н.Алтанхуяг, С.Баяр, Сү.Батболд байсан. Дээрээс нь Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж байсан. Би бол нотолж чадна гэдэгт эргэлзэж байгаа. Гэхдээ хэвлэлд гарсан зүйлийг хараад ашиг сонирхол байгаа юм биш байгаа гэж хардаж байна. Түүнээс би тэднийг авлига авсан, авдаг гэж байгаа юм биш. Монголын ард түмэн авлига авсныг нотолж чадах юм бол гэрээг цоо шинээр хийхэд олон улсын ямар ч байгууллагаас хэл ам, гомдол санал гарахгүй.
ТЭЗҮ-ИЙГ ЗАВСАРТАЙ АВДАГГҮЙ
-Тэгвэл дараа нь ямар үндэслэлээр гэрээг өөрчилж болно гэж үзэж байна вэ?
-Тэр бол одоогийн хуульд нийцсэн эсэх. Гэрээ одоогийн хуульд нийцээгүй гэж хэлэх үндэслэлтэй. Яагаад гэвэл гэрээг байгуулахад гурван зүйлийг заавал харах ёстой. Нэгдүгээрт, хугацааны хувьд Ашигт малтмалын тухай хуульд 30 жил гэж заасан байдаг бол энэ гэрээнд 70 жил гээд биччихсэн байгаа юм. 70 гэсэн тоо ямар хуулийн ямар заалт дээр байгаа юм бэ. Тэгэхээр хууль зөрччихсөн байна шүү дээ. Энэ гэрээг эргэж ярих боломж байна гэсэн үг. 70 гэсэн тоо Ашигт малтмалын тухай хуульд байх, эсвэл хэн дуртай нь гэрээг зурахдаа хугацаа сунгах тоогоо өөрийн дураар тавьж болно гэсэн бололцоог олгосон бол энэ чинь өөр. Дараа нь үнэ. Бид анх гэрээ байгуулахдаа хэдэн тэрбумаар энэ компани босно гэсэн юм бэ. Дөрвөн тэрбум гэсэн юм уу, хоёр тэрбум гэсэн юм уу, арван тэрбум гэсэн юм уу. Үнэ зөрчигдсөн байна гэдэг чинь гэрээ зөрчигдсөн гэсэн үг. Гуравдугаарт, ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үндэслэл. ТЭЗҮ нь тухайн үед засвартай байсан гэж байгаа. Засвартайгаар нь авлаа гэж ярьж байсан. Авсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Засвартай юм авдаггүй байхгүй юу. Тэгэхээр ТЭЗҮ-ийг чинь хэн гаргаж өгсөн юм бэ. Гаргахыг зөвлөсөн тэр компани нь өнөөдөр ашиг сонирхлын зөрчилтэй юм бол энэ чинь ерөөсөө асуудалтай юм биш үү. Энэ өнцгөөс ярихгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Тэгээд үүнийгээ улстөржүүлээд төсвийн алдагдлаар нөхөх хэрэгсэл болгоод байгааг би ойлгохгүй байна л даа. Түүнээс биш “Оюутолгой компани буруу, муудаа биш. Энэ гэрээг өнөөдөр Монголын ард түмний эрх ашигт нийцсэхээр хийх ёстой. Өнөөдөр олон хүн надаас асуудаг юм л даа. Монголын талын Удирдах зөвлөлийг чанаржуулъя, П.Цагаан, Ж.Ганболд, Н.Багабанди гурвыг дуудаж ирүүлээд асууя гэж.
-Гэрээн дэх тоонууд анхаарал татаж байна гэж байсан. Тэр талаар тодруулахгүй юу?
-Гэрээнд заасан 66 гэдэг чинь их сонин тоо. Яагаад гэвэл олон улсын хуульд 50, 50 байвал адил эрх мэдэлтэй, 51-ээс дээш байвал удирдлагын хэмжээнд ярина, 66 болчих юм бол та удирдлагад оролцохгүй, зөвхөн ашгаас хүртэнэ гэж байгаа юм. Тэгэхээр 66 гэдэг чинь таачихсан тоо биш. Олон улсын жишигт байдаг юм. Би тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг 66 болго гээд оруулахад Уул уурхайн яамнаас санал орж ирээд ажлын хэсэг дээр 51 болгож байсан. Монгол Улсад тэсэрч дэлбэрэх бодисыг үйлдвэрлэх бол хөрөнгө оруулж болно, гэхдээ ашгаа л ав. Түүнээс үйлдвэрлэх явцад оролцож болохгүй гэсэн санаа. Яг түүн шиг Оюутойлгойн удирдлагад орж чадахгүй юм бол тэдэнтэй мянга яриад нэмэргүй, хэцүү. Дээрээс нь бид “Оюутолгой” компанийн тэр 34 хувийг ядаж 2,7 сая монголчуудаа хувьцаа эзэмшигч болгооч гэж яриад байгаа юм. Бодоод үз дээ. “Оюутолгой” компанийн 66 хувийн хувьцааг одоо 2700 хүн л эзэмшиж байна ш дээ. Жишээ нь. “Оюутолгой” компани дампуурах юм бол 2700 хүний өмнө хариуцлага хүлээнэ. Тэгвэл бид 2,7 сая хүний өмнө хариуцлага үүрүүлэхээр болгож, Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг яримаар байгаа юм. Яагаад гэвэл, “Оюутолгой” компанийн эзэмшиж байгаа орд бол дэлхийд байхгүй орд. Молибден гэдэг бол мэдээж үнэтэй металл. Гэхдээ алтны хажууд юу ч биш л дээ. Алттай холилдсон зэс шүү дээ. Манай ард түмэн өнөөдөр яагаад ядуу байх ёстой юм бэ, яагаад ядуу байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ.
34 ХУВИА 2.7 САЯ ИРГЭНДЭЭ ХУВЬЦАА БОЛГОЖ ӨГ
-Тэгэхээр хэн эхэлж хариуцлага хүлээх ёстой вэ. Та юу гэж юу үзэж байна?
-Нэг сонирхолтой жишээ байгаа юм л даа. wikileaks сайт, нөгөө Ассанжийн сайтын 51 хувийг авъя гэсэн нэг улстөрч байна аа. Бусадтай нь ярьж болж байна, тэр улстөрчтэй ярихад хэцүү байна гэж байсан. Түүн шиг өнөөдөр 34 хувийг авчихаад энэ юу вэ, ямар хамаатай юм бэ гэж ярьж болохгүй. Одоо бид хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Гэрээг сайжруулах уу, шинэ гэрээ байгуулах уу. Шинээр гэрээ байгуулах ёстой гэж үзвэл хууль зөрчсөнийг нь нотлох хэрэгтэй. Гэрээг сайжруулах гэх юм бол энэ бол эдийн засагчдын асуудал. Гэрээний эрх зүйн онол гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ гэрээг яаж, ямар заалтаар сайжруулах вэ гэдгээ деталчилж ярих ёстой.
Манайхан Оюутолгойг гаргаж ирээд Монгол Улс нэг алхам урагш алхлаа, сайхан боллоо гэж яриад байх юм. Сайхан болсон юм бол өнөөдөр бидний амьдрал сайжирч, сагсанд байгаа мөнгө нэмэгдсэн бол болж байна. Асуудлын гол нь энэ гэрээг яах вэ гэдэг шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Тухайлбал, Шинээр байгуулна гэвэл хоёр нөхцөлийг нотлох хэрэгтэй. Хууль зөрчсөн, авлига авсан гэдгийг. Тэгэх юм бол олон улсын хэмжээнд хэл амгүйгээр энэ гэрээгээ өөрчилж чадна. Эсвэл гэрээг сайжруулна гэвэл яг юу юуг сайжруулах шаардлагатай юм гэдэг нөхцөлөө бэлдээд тэр гэрээнд байгаа заалтынх нь дагуу хандах ёстой. Энэ бол Засгийн газрын асуудал ч биш. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн асуудал. Ингэхийн тулд өөрт ногдсон ядаж 34 хувиа 2,7 сая иргэндээ хувьцаа болгож өг. Хувьцаа эзэмшигчээр тогтоо. Тэгэх юм бол хүн бүр өөрийгөө хувьцаа эзэмшигч гэж үзээд ядаж ашгаа авахын тулд энэ компанийг шахаж шаардна. Тийм биз дээ.
-Яаж тараана гэсэн үг юм бэ?
-Олон хүнтэй хувьцаа эзэмшигч гэсэн ойлголт байдаг. 66 хувиа эд нар чинь хөрөнгийн бирж дээр гаргаад гаднын 2700 хувьцаа эзэмшигчтэй болчихоод байна шүү дээ. Тэгвэл Монголын тал болохоор төр гэж яриад суугаад байх юм. Төр гэж хэн юм бэ, Ганзориг юм уу. Хэдэн нөхөд л баяжиж байдаг хэрэгсэл биш. Жишээ нь иргэн би төлөөлөгчөө томилж байгаа бол нэлээд гайгүйхэн хүнийг тавина. Дуучин, эсвэл ерөнхийлөгч байсан хүнийг тавихгүй. Эдийн засагч, орилдог, хашгирдаг, юмаа хянадаг хүнийг тавина шүү дээ. Би гайхаад байгаа юм. Энэ гэрээний талаар нөгөө гурван нөхөр гараад л яриад ийм байна шүү дээ гэмээр юм, тэгтэл дуугарахгүй юм. Тэгэхээр ард түмнийг төлөөлж байгаа би дуугарахаас өөр аргагүй юм. Бид олон улсын өмнө үнэхээр хариуцлагатай хандах ёстой. Яагаад вэ гэвэл, энэ гэрээ унахад Монгол Улс дахин ийм олон улсын стандарттай гэрээг оруулж ирж чадах уу. Унагааж болохгүй гэсэн үг биш. Унагаахдаа маш үндэслэлтэй унагаах ёстой. Авлига, нөлөөлөл байгааг нотол. Хууль зөрчсөнийг нотол. Тэгвэл энэ гэрээг өөрчилж болно. Түүнээс биш хүн болгон гараад л ашиг олно, олохгүй гэж ярих нь сонин биш. Та хувьцаа эзэмшигч биш, би хувьцаа эзэмшигч биш ямар хамаа байнаа. Уг нь төр 2,7 сая иргэндээ хувьцаа эзэмшигчээр тогтоочих ёстой л доо. Тэгвэл хүн бүр эндээс ашгаа яаж авах вэ гэж санаа тавина. Энд асар том баялаг байгаа шүү.
-Гэхдээ одоо хожимдсон юм биш үү?
-Би бол оройтсон гэж үзэхгүй байна. Яахав хоёр байр суурьтай хүмүүс байдаг. Нэг хэсэг нь энэ гэрээг хэл амгүйгээр явуулаад бүтээгдэхүүнээ аваачээ. Бүтээгдэхүүн гарахаар бид татварын бодлогоор шийднэ гэж яриад байдаг. Үнэндээ татварын бодлого гэхээр Оюутолгойд зориулсан бодлого гэж тусдаа байхгүй. Монгол Улсад зориулсан татварын цогц бодлого байх учиртай. Өөрөөр хэлбэл, татварын бодлогоор Оюутолгойг зохицуулна гэж байхгүй. Гэрээгээ маш тодорхой хийчихвэл ирээдүйтэй.