Ц.МЯГМАРБАЯР
Монголын геофизикийн холбооны тэргүүн, газрын тосны шинжээч Д.Цэдэнбалжиртай газрын тосны үйлдвэрийн талаар ярилцлаа.
-Засгийн газар энэ жил Дарханы нефть боловсруулах үйлдвэрт төсөв баталсан. Энэ үйлдвэрийн түүхий эдийн нөөц хэр хангалттай байна вэ?
-Энэ үйлдвэр баригдлаа гэхэд өндөр эрсдэл дагуулна. Хамгийн гол нь үйлдвэрийн түүхий эд түүхий тосоо дотоодоосоо хангах боломжгүй.
Тамсаг, Тосон-Уулын ордоос жилдээ 500 тонн нефть авах бололцоо бий ч үйлдвэр хүртэл машинаар тээвэрлэхэд 1000 орчим км. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гарна. Мөн Багануурт үйлдвэр барих асуудал яригдсан, тээвэрлэлт бас л хүнд, 900 км шүү дээ.
-Тэгэхээр 2016 онд Дарханд үйлдвэр баригдахад түүхий эдийн хомсдолоос болж зогсоно гэж та хэлэх гээд байна уу. Манай Засгийн газар Дарханы үйлдвэрийг шатахууны томоохон эх сурвалж болно гэж мэдэгдээд байна шүү дээ?
-Шууд зогсоно. Хоёр сая тонны хүчин чадалтай үйлдвэр гэсэн. Тамсаг, Тосон-Уулын ордоос нийлээд дөнгөж 500 мянган тонныг л нийлүүлнэ.
-ОХУ-ын Эрхүү мужтай түүхий эд авах гэрээ хийсэн гэж байсан?
-Шингэн нефть нийлүүлэх сонирхолтой хувийн компани өчнөөн бий. Гэвч ОХУ манай улстай наанаа сонирхол байгаа юм шиг царайлдаг ч цаанаа эсрэгээрээ. “Манайд түүхий тос нийлүүлэх гэрээ нааштай байна” гэж Төрийн тэргүүн маань мэдэгдээд л байсан.
Үр дүнд хүрсэн зүйлгүй л байна шүү дээ. Мэдээж, түүхий эдээ боловсруулж зах зээлд гаргаж ашиг олох нь ямар ч улсын сонирхол байх нь тодорхой. Харин манай тохиолдолд түүхий нефтийнхээ хайгуулыг сайжруулж, орд тогтоож нөөц бий болгосны дараа л үйлдвэр барих тухай ярих хэрэгтэй.
-Нөөцгүй байж хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барина гэж мөнгө хаяж байхаар орон нутаг, бүс бүсэд нь жижиг үйлдвэр барих тухай саналыг зарим эрдэмтэн гаргаж байсан. Та үүнийг дэмжиж байгаа юм уу?
-Манай шатах тослох материалын жилийн нийт хэрэглээ нэг сая тонн. Түүний 60 орчим хувийг уул уурхай, геологийн байгууллагууд хэрэглэдэг. 40 хувийг нь ард түмэн ашиглаж байна. Орон нутагт жижиг үйлдвэр барьвал 100 литр тос үйлдвэрлэхэд бага хэмжээний түлш гаргаж чадах ч үлдэгдэл мазутыг яах вэ гэдэг асуудал гарна. Бусад улс орны нефть боловсруулах жижиг үйлдвэрүүд нь мазутын үйлдвэрийнхээ дэргэд байдаг. Том усан онгоц дээр нефть нэрдэг. Далайд тээвэр хийж байгаа том онгоцонд түлшээ шахдаг жишээтэй. Түүхий тос нэрээд гаргасан үлдэгдлийг хуванцар сав хийх, бусад зүйл хийхэд зориулдаг. Хаягдал ихтэй учир орон нутагт тохиромжгүй. Харин Зүүн баян, Дорноговьд барьж болох юм.
-Оросуудтай хамтарч байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай яригдсан. Энэ ажил юу болсон бэ?
-Ер нь төрийн томчуудын айлчлалын үеэр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулна, газрын тос түүхий эд ОХУ-аас Монголд нийлүүлнэ гэх мэт дипломат хэлцэл оруулж өгдөг. Энэ нь олон нийтийг өнгөн дээр нь шуугиулж хоёр орны хэвлэлийн эхний нүүрүүдээр нийтлэгдээд л өнгөрдөг. Гэвч бүтдэггүй. Хятад улс үүнд маш нааштай ханддаг. “Та нар ОХУ-аас байгалийн хийг дамжуулах, түүхий тос нийлүүлэх гэрээг хийчих. Бид түүхий тосыг нь авч бүтээгдэхүүн үйлдвэрлээд танайд эргүүлээд ОХУ-аас хямд шатахуун нийлүүлье” гэдэг. Гэхдээ стратегийн ач холбогдолтой ашигт малтмалаа тухайн улс яаж эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг олохоос илүүтэй оршин тогтнох үндэс нь болдог тул маш болгоомжтой ханддаг. “Манай өчнөөн зуун баррель тос ямар ч үнэгүй урд хөрш рүү гарч байна, тосоо нэрсэнгүй” гээд л сонин хэвлэлээр бичдэг. Гэтэл манай гаргаж буй жаахан нефтийг дэлхийн газрын тос экспортлогч орнуудынхтай харьцуулахад уулын модон дотор нэг арвын хувин барьчихсан явж байгаа дайны юм.
-Урд хөршөөс шатах, тослох материал импортлох тухай гэрээ яригдаж байсан. Энэ хэр ашигтай юм бол?
-Д.Зориг сайдын үед Хятадаас авахаар болж нөөц бүрдүүлсэн. Гэвч Замын-Үүд дэх боотмын шилжих байгууламж хүчин чадалгүй. Зөвхөн нөөцийн 20 мянган тонн түлшийг ч агуулах сав байхгүй. Ингээд шилжүүлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулахаас аргагүй болсон. Одоо төсөл хэрэгжиж байгаа байх. Тэгээд ч төмөр зам өргөн, нарийн хоёр царигтай заавал шилжүүлэн ачихаас өөр гарцгүй.
-2011 онд Засгийн газар Газрын тосны хуулийг шинэчлэх төсөл өргөн барьсан. Тухайн үед олон хэлэлцүүлэг өрнөж байгаад орхисон. Яагаад энэ хууль батлагдахгүй байна вэ?
-Уг хуулийн төсөлд газрын тосны компаниудад хөрөнгө оруулалт хийх, гэрээлэгчдэд хүнд нөхцөл тавигдсанаас гадна хуучин ажиллаж байсан компаниудын гэрээнд өөрчлөлт орохоор болсон. Энэхүү заалтыг тухайн үеийн Сангийн яамнаас оруулсан. Энэ бүхнээс болж хайгуулын ажил зогсонги байдалд орж томоохон төслүүд төлөвлөсөн ажлаа хийхгүй удаашруулах зэргээр хуулийн тотворгүй байдал муугаар нөлөөлж эрчимжүүлэх ёстой хайгуулын ажил хүлээсэнд орсон. Өөрөөр хэлбэл, нөөц бэлтгэхгүй болсон нь үйлдвэр барих ажлыг автоматаар зогсоосон гэж хэлж болно.
-Сангийн яам яг ямар заалт оруулсан юм бол?
-Өмнө нь манайх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд 40 мянган ам метр талбай өгч байсан. Шинэ төслөөр 30 мянга болгож бууруулж газрын үнэлгээг өсгөсөн. Байгалийн баялаг ашигласны төлбөр таван хувь байсныг 12 болгож Д.Зориг сайдын үед 50 хувь болгож өсгөсөн. Энэ байдал өөрсдөө хөрөнгөө гаргаж хайгуул хийдэг компаниудад хүнд байсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах зэргээр нөлөөлсөн.