Ж.ЦОГЗОЛМАА
Геологи-эрдэс судлалын ухааны доктор (PhD), мэргэшсэн геологич М.Тодбилэгтэй ярилцлаа.
-Эрдэс баялгийн салбарт нэгдсэн бодлого хэрэгтэй гэж эдийн засагчид ярьж байна. Геологич хүнийхээ хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Мэдээж, нэгдсэн бодлого хэрэгтэй. Эрдэс баялгийн бодлогын хүрээнд геологи, ашигт малтмалын эрэл-хайгуул, уул уурхайн олборлолт, боловсруулалт, байгаль орчин, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц гэсэн асуудлууд хамрагдаж яригдана.
-Зөвхөн нүүрсний олборлолтын тухайд ярья л даа. Энэ салбарт Үйлдвэр худалдаа, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам гээд гурван тийшээ харчихсан бодлого байгаа гэж зарим хүн шүүмжилж байна?
-УИХ-аар батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Үндэсний ашигт малтмал” хөтөлбөр боловсруулна гэж байгаа. Нүүрсний хөтөлбөрийн төсөл нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж, хэлэлцүүлэг хийж байсан. Удахгүй гарах байх. Мэдээж, чиглэл, чиглэлээр нь хариуцсан төрийн байгууллагууд оролцох нь ойлгомжтой.
Эрдэс баялгийн нэгдсэн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр, тухайн ашигт малтмалууд дээр дэд хөтөлбөрүүд, ажлын төлөвлөгөө гэсэн дараалалаар ерөнхийгөөс нарийн руу гэсэн зарчимд нийцсэн байвал зүгээр.
-Ашигт малтмалын зүй тогтлын зураг 1995 оноос хойш гараагүй гэдэг юм билээ. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Монгол Улсын эрдэс баялгийн тархалтын зургийг Ашигт малтмалын газраас төсөл хэрэгжүүлж 1:1000 000 масштабаар гаргасан нь бий. Харин зүй тогтлын хуучин зургууд байгаа, шинэчилж гаргаагүй байна.
-Монгол Улсад нүүрсний геологи судалгаа хэр хангалттай байдаг юм бол?
-Манай улсад нүүрс нэлээд сайн судлагдсан. Нүүрсний талаар нэгтгэж гаргасан бүтээлүүд ч байна. Монголын геологийн албаны 70 жилийн ойд зориулж доктор Ж.Бямба нар Монгол орны геологи, ашигт малтмал, гидрогеологи гээд бүх салбараар нь найман боть бүтээл гаргасан байдаг. Түүний нэг нь доктор Дэ.Бат-Эрдэнийн нэгтгэсэн “Шатах ашигт малтмал” гэсэн ботид Монгол орны нүүрсний геологийн судалгааг өнөөгийн төвшинд бүгдийг нь нэгтгэн оруулсан байдаг.
-Геологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин хэр хангалттай байна вэ?
-Үүнийг нарийн судалгааны үндсэн дээр хариулах нь зүйтэй. Ер нь геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ багасвал, геологийн салбарын ажлын байр тэр хэмжээгээр багасах нь ойлгомжтой. 1990 оны өөрчлөлтийн дараа олон геологич ажилгүй болж, 1997 оноос хойш геологи-хайгуулын ажил дахин сэргэхэд ихэнхи нь буцаад геологийн ажилдаа орсон байдаг.
-Цаашдаа юу хийх хэрэгтэй вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасанчлан Үндэсний геологийн албыг өргөжүүлэн байгуулж, геологийн судалгаагаа сайн явуулж байж хаана ашигт малтмалын ордын хайгуул хийж, уул уурхайгаа хөгжүүлэх, хаана дэд бүтцээ барьж байгуулах гээд хөгжлийн хөтөлбөрийн суурь нь тодорхой болно. Иймээс геологийн салбарыг улсаас онцгойлон анхаарч, хөрөнгө оруулалт хийж, дэмжин ажиллах нь Үндсэн хуульд заасан газрын хэвлийтэй холбогдсон зарчимд нийцнэ гэж бодож байна.