Э.ӨНӨР

 

Өнгөрсөн хоёр сард манай улсын гадаад ху­дал­дааны тэнцлийн ал­даг­дал 26 хувиар өссөн. Хилийн чанадад гаргаж байгаа бүтээг­дэхүүний орлого багасчээ. Үндэс­ний ста­тистикийн хороо­ны мэ­дээ­гээр бид өмнөх хоёр сард  экспортын орло­гоос өнгөрсөн оны мөн үеийн­хээс хоёр дахин бага ашиг олсон байна. 2012 оны нэг, хоёрдугаар сард гадны­ханд зарсан уул уур­хайн бүтээгдэхүү­нээ­сээ бид 400 гаруй сая ам.долларын орлого олсон бол энэ удаад 210 саяыг л цуг­луул­жээ. Үүнд нүүрс­ний үнэ гол­лон нөлөөлс­нийг өнгөрсөн сарын статистик онцолж байгаа юм. Хил дээрх нүүрсний үнэ өнгөрсөн оноос хойш буурч байгааг судлаачид хэлж байна. Олон улсын зах зээлд нэг тонн нь 100 ам.доллараар борлуулаг­даж байсан монгол нүүрс өнгөрсөн хоёр сард 70-60 ам.доллар болж үнэгүйд­сэн байна. Нэг хэсэг нүүрс­ний экспорт гадаад худалдааны орло­гыг бүр­дүүлж байсан бол одоо нүүрсэнд найдах цаг дууссаныг статистик үзүү­лэлт бидэнд сануулж байгаа нь энэ. Сарын эцсээр гадаад худалдааны үзүүлэлт тааруу гарч хэр­гийн эзнээр нь нүүрс то­дорч байгааг эдийн засаг­чид төмөр замтай холбон тайлбарлаж буй. Олбор­лосон нүүрсээ гадныханд хүргэх замгүй монголчууд урд, хойд хөршөө царай­чилж бүтээгдэхүүнээ зөөж байгаа ч энэ нь ашгаа өгөхгүй байгаагийн нэг илрэл гадаад худалдааны алдагдал. Уул уурхайн ордоос хилийн боомтыг чиглэсэн төмөр замтай байж Монголын нүүрс тусаа өгнө гэдгийг төрийн төвшинд хүртэл ярьж бай­гаа. Гэвч үе үеийн Засгийн газар энэ асуудлыг ший­дэж чадахгүй явсаар экс­портын орлогыг навс унага­лаа. Тавантолгойн чиглэлд төмөр зам барих төсөл гэхэд хоёр Засгийн газрын нүүр үзэв. Энэ хавар эхлүүлэх бүтээн бай­гуу­лалтын дөрвөн төслийг “Чингис” бондоос санхүү­жүүлэхээр болсон. Эдгээр ажил дунд Таван­толгой­гоос урагш, хойш, зүүн тийш 1800 км төмөр зам тавих төсөл яваа.  Ши­нээр тавих төмөр замд хөрөнгө оруулагч олон байгаа. Зам тээврийн сайд А.Гансүх шинээр тавих төмөр замд хөрөнгө оруу­лах талаар 16 компани саналаа ирүүлс­нийг өчиг­дөр твиттэр хуудсандаа тэмдэглэжээ. Харин төсөл ажил болж, ажил нь амьд­рал болтол монгол нүүрс дэлхийн зах зээлд дахин хэдэн ам.дол­лараар уруу­дах бол.