Б.СОЛОНГО
“Монголын нүүрс” ассоциаци Дэлхийн нүүрсний ассоциацийн гишүүн болсон сайхан мэдээтэй зэрэгцэн Хятадад нүүрсний үнэ өмнө байгаагүйгээр уначихлаа. Англи, Америк, Австрали, БНХАУ, Канад, Герман, Итали, Япон, Энэтхэг, Индонез, Иран, Колумб зэрэг 19 улсын нүүрсний болон уул уурхайн холбоодоос гадна “BHP Billiton”, “Peabody energy”, “Rio Tinto”, “Xstrata Coal”, “Shenhua” групп, “Anglo Coal”, “Coal India”, “Mitsubishi” зэрэг нүүрсний салбарын акулуудыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн нүүрсний ассоциацид орно гэдэг манай улсын нүүрсний салбарын хөгжил хэрхэн хурдасч буйг харуулсан таатай явдал юм. Харин нүүрсээ гуравдагч оронд гаргаж чаддаггүй манай улсын хувьд урд хөршөөсөө бараг 100 хувь хамааралтай гэж хэлж болно. Хятадын нүүрсний импортын дийлэнхийг эзэлдэг Австралийн орон зайг тун удахгүй Монгол эзэлнэ гэх таатай сураг ч дуулдаад байна. Харин ойрын өдрүүдэд нүүрсний салбарынхныг түгшээсэн таагүй мэдээ дуулдах болов. Тодруулбал, өмнөд хөршид нүүрсний үнэ унаж, эдийн засгийн хурдац удааширч эхэлсэн аж. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч, нөөцөөрөө гуравдугаарт ордог Хятадын нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй ч эрэлт улам муудсаар байгаа нь асуудалд хүргэж болзошгүй гэжээ. Хятадад эрэлт муудвал манай улсын экспорт гацаанд орох нь тодорхой. Хямдхан гаргадаг түүхий нүүрсээ улам хямдруулж байж зарах боломжтой. Өөрөөр хэлбэл одоогийн ханш болох 69-95 ам.доллар улам буурч магадгүй талаар эдийн засагчид хэлж байна. Манай улс энэ жил уул уурхайгаас олох орлогыг 1697 тэрбум төгрөг гэж төлөвлөсөн. Үүний 925 тэрбумыг нүүрснээс олно гэж тооцсон. Магадгүй урд хөршид үүссэн үнийн хямрал манай улсын тооцоолсон орлогоос хойш чангааж мэдэх нь. Хятадад үнэ буурахад шинжээчид эхэндээ тийм ч сүртэйгээр хүлээж аваагүй аж. Гэтэл сүүлийн хоёр сарын турш нүүрсний үнэ тасралтгүй уруудаад байгаа нь нүүрсны компаниудын дунд түгшүүрийн харанга дэлджээ. Тус улсын нүүрсний экспортын хамгийн том төв болох Хэбэй мужийн Циньхуандао боомт дээр эрчим хүчний нүүрсний үнэ 11 долоо хоногийн турш унасан байна. Одоогийн байдлаар бараг хоёр хувиар буурч 641 юань буюу 100 ам.доллар болоод байна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Энэ нь өмнөх оныхоос 23 хувиар унасан үзүүлэлт аж. Нүүрсний нөөц ихтэй гэгддэг Шаньси болон Өвөрмонголд энэ асуудал нь тун хүндээр тусч мэдэхээр байгаа юм. Хэрэв нөөцийн илүүдэл үүсээд эхэлбэл импортоо хумих нь ойлгомжтой. Хэдийгээр зах зээлийн мөчлөгийн хувьд байдаг л нэг үзэгдэл мэтээр тайлбарлаж байгаа ч хэрэв энэ байдал дахиад хоёр, гурван сараар үргэлжилбэл манай нүүрсний салбарынханд ч хүндээр тусч магадгүй ажээ. Далайд болон гуравдагч оронд нүүрсээ гаргах боломжийг төмөр замаар тодорхойлсон. Баруун, босоо тэнхлэгийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажил хэдийнэ эхэлсэн. Хэрэв энэхүү төмөр замыг амласан хугацаа буюу ойрын 8-10 жилийн дотор барьчихвал тэр үед Монголын нүүрс далайд гарах боломжтой болох юм.