Ж.ЦОГЗОЛМАА
Хойд хөршийн тэрбумтан Роман Абрамович нэгэнтээ “Шударга бизнес гэж байдаггүй. Хамгийн гол нь улсыг хохироохгүй байх нь чухал” хэмээжээ. Тийм ээ, улс гэдэг бол иргэд, ард түмэн. Энгийн түмний нуруунд ашиг олох ачаагаа үүрүүлсэн бизнесийн ертөнцийн акулуудын мөрдөх ёстой алтан дүрэм нь энэ аж.
“Үүдэндээ гараад ирээч”, “Яг хаана байна гэнэ ээ”, “Би очиж амжихгүй нь, эргээд ярья”. Ийм үгсийг бид өдөр тутамдаа харилцуурынхаа цаанаас хэн нэгэнд хэлж, их хотын завгүй амьдралд зохицож явна. Хачирхалтай нь, дуудлагаа таслахад 60 секунд хүрэхгүй хугацаа өнгөрсөн байдаг ч үүрэн холбооны компаниудын дансанд бүхэл минутаар тооцогдон төлбөр нэхэмжилдэг. Бидний олонхи нь ийм байдлаар л утсаа ашиглаж байна. ШӨХТГ-аас энэ сарын 1-нээс эхлэн ярианы эхний минутыг секундээр тооцохыг үүрэн холбооны компаниудад үүрэгдсэн юм. Хариуд нь Харилцаа холбооны зохицуулах газарт эхний минут нь тарифаараа, хоёр дахь минутын эхний секундээс эхлэн нэг секундыг хоёр төгрөгөөр тооцох саналыг нэгэн компани өгснийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Үүнд тус газраас шийдвэр гаргах л үлдэж байгаа юм.
О.МАГНАЙГИЙН “ИХЭР”-ҮҮД ХЭР ОЛОН БОЛ?
Компаниудын тавьж буй саналаар бол нэг минут 10 секунд ярилаа гэхэд 50 төгрөгийн тарифтай, хуучныхаар 100 төгрөг унана гэсэн үг. Харин шинэ тарифаар 70 төгрөг унахаар байна. Энэ тохиолдолд их ярьдаг хүмүүст ашиггүй. Учир нь минут 50 секунд ярьсан бол 150 төгрөг төлөхөөр болж байна. Гэвч хэрэглэгчдийн дийлэнх нь минут хүрэхгүй хугацаанд харилцуурын цаадах яриагаа дуусгаж байна. “Мобиком” нэг секундээ хоёр төгрөг, “Скайтел” 1,6 төгрөгөөр үнэлснээ мэдэгджээ. Харин энэ тухайд ШӨХТГ-ын дарга О.Магнай “Секундыг хоёр төгрөгөөр тооцох нь ажил хэрэгч хүмүүст ашигтай. Би удахгүй утсаа энэ горимд шилжүүлнэ. Тэгээд үр дүнг нь үзчихээд та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Намайг буруу ажил хийлээ гэж хүмүүс муулах нь хамаагүй. Эцсийн дүндээ иргэдийн эрх ашиг” гэсэн байна. Монголд дундаж давхарга гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн ажил хийж яваадаа 11-тэй дугаарынхаа төлбөрийг төсвөөр төлүүлж, улсын унаагаар үнэгүй зорчдог дарга нарын хувьд секундын үнэ ямар байх нь хамаа алга. Тэд утас улайстал ажил, амьдрал ярилаа гээд халаасанд нь халгүй. Харин бор зүрхээрээ бизнес хийж яваа, эсвэл хувийн аж ахуй эрхэлж өрх гэрээ тэжээдэг, цалин нь тэр чигтээ хадгаламж биш хэрэглээ рүү урсчихдаг өрхүүд монголчуудын олонх юм. Тиймээс л манай улсад орлогынхоо 60 хувийг банкинд үүцэлдэг дундаж давхаргынхан дэндүү цөөн гэдгийг учир энэ.
Монгол шиг жижиг зах зээлд тохирсон овжин бодлогогүйгээр үүрэн телефоны операторууд хөлөө олохгүй нь лав. Гэхдээ бас гэнэн хэрэглэгчдийг хөөрхөн төөрөгдүүлж байгаад хэтэвчээ түнтийлгэх асар их боломж. Тэгэхээр утас улайсгагчдад тохирсон үйлчилгээ дундаж давхаргагүй Монголд хэр тохирох бол. О.Магнай даргын “ихэр”-үүд хэр олноос л шатгаалах нь.
ЭХНИЙ МИНУТЫГ СЕКУНДЭЭР ЗАДЛААГҮЙН УЧИР
Секундын тухай яриад эхлэнгүүт л эхний минут гэдэг үгийг оператор компаниуд онцолсон байна. Яагаад гэж үү. Дуудлагын такси компаниуд нийт үйлчилгээний хөлсөндөө 1000 төгрөг нэмж тооцдогтой яг адилхан. Яаж ч бодсон нэг км газрыг таксигаар 600 төгрөгөөр туулах бол бодит өртгөөрөө 300 төгрөг ч хүрэхгүй. Тансаг хэрэглээтэй хүмүүс л дуудлагын такси хөлсөлж, эсвэл яалт ч үгүй нөхцөлд зарим нь сонгодог. Харин үүрэн телефон бол хүн бүрийн хэрэглээ, ус, агаар шиг чухал зүйл нь болчихсон. Ийм байхад эхний минутын секундыг задлалгүй дараагийнхаас нь эхэлнэ гэж байгааг юу гэж ойлгох вэ. Хариулт нь маш энгийн. Хэрэглэгчдийг саагаад сурчихсан компаниуд тийм ч амархан зангаа орхихгүй гэдгийн илрэл. Тийм болохоор иргэдийг хохироохгүй сонголт нь минутын үнэтэй секунд лав биш байх.
Хэн, юу хэлэв
Эхнээс нь секундээр тооцоосой
Утасны төлбөрийг хоёр дахь минутаас нь секундээр тооцох нь хэрхэн тусах тухайд иргэд хариулж байна.
СХД-ийн иргэн М.Минжмаа:
МИНИЙ ЯРИА 10-15 СЕКУНД Л БОЛДОГ
-Миний яриа 10-15 секунд л болдог. Тэгэхээр эхний минутыг секундээр задалж тооцох хэрэгтэй гэж бодож байна.
“Эко-Ази” сургуулийн оюутан Т.Бек:
ИХЭНХ ДУУДЛАГА МИНУТ ХҮРДЭГГҮЙ
-Ер нь эхний минутаасаа л секундээр тооцвол зүгээр санагдаж байна. Миний ихэнх дуудлага минут хүрдэггүй.
БГД-ийн иргэн А.Болдбаяр:
ЕРӨӨСӨӨ Л СЕКУНДЭЭР ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
-Миний бодлоор хоёр дахь минутаас секундээр тооцно гэж байхаар ерөөсөө л секундээр тооцож эхлэх хэрэгтэй.