Э.ӨНӨР
Нөөцийн махны чанар, савлалтын стандарт, үнийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, бэлтгэн нийлүүлэгч компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Нөөцийн махны чанарт МХЕГ, ОБЕГ хяналт тавьж, салбарын яам үнийн тогтвортой байдлыг ханган, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг бага орлоготой иргэдэд хүргэхийг зорьж ажиллаж байна гэдгээ онцоллоо. Харин нөөцийн махыг борлуулалтад гаргах компаниуд хүртээмжтэй, эрүүл ахуйн байдлыг хангах аж. Төлөөллүүдээс зарим зүйлийг тодрууллаа.
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал: НӨӨЦИЙН МАХЫГ ДОЛДУГААР САР ХҮРТЭЛ ХУДАЛДАНА
-Энэ жил хэчнээн тонн нөөцийн мах худалдаанд гаргах вэ. Борлуулалтыг хэрхэн зохицуулсан бэ?
-Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 9200, Дархан-Уул аймагт 1000, Эрдэнэтэд 1016 тонныг бэлтгэсэн. Энэ сарын 1-нээс хойш нийт 62 тонныг худалдаад байна. Нийслэлд одоогоор нөөцийн махыг 238 цэгээр дамжуулж борлуулж байгаа. Борлуулах цэгийн тоог энэ сарын 15 гэхэд 350-д хүргэнэ гэдгээ мах нийлүүлэгч компаниуд мэдэгдсэн. Нөөцийн махыг 2-3 кг-аар жижиглэн савлаж ирэх долдугаар сарын 15-ныг хүртэл худалдаалахаар төлөвлөсөн.
-Энэ жил нөөцийн махыг өнгөрсөн жилийнхээс 2000 төгрөгөөр үнэтэй зарж байна. Уг нь энэ махыг амжиргааны төвшин доогуур иргэдэд хүргэхийг зорьж байгаа?
-Энэ жил малчид махаа үнэтэй нийлүүлснээс болж нөөцийн мах өнгөрсөн жилийнхээс үнэтэй байгаа. Бусад зах, хүнсний дэлгүүрүүдэд борлуулж байгаа махны ханшаас нөөцийн мах 30-40 хувиар хямд. Нөөцийн 1 кг үхрийн мах-5950, ямааных-4850, хонины мах-5750 төгрөгөөр борлуулж байна.
ХЭАХН-ийн дарга: С.Тойвгоо: ЧАНАРГҮЙ НӨӨЦИЙН МАХНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭН Ч ӨГЧ БОЛНО
-Хэрэглэгчдийг чанартай, хүртээмжтэй нөөцийн махаар хангахад танайх ямар хяналт тавьж байна вэ?
-Манай нийгэмлэг нөөцийн махыг бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх явцад хөндлөнгийн хяналт тавьж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад нөөцийн мах бэлтгэл эерэг үзүүлэлттэй байна. Борлуулалтыг хянахаар зах, хүнсний дэлгүүрээр явж ажиглалт хийж байна. Нөөцийн мах тээвэрлэхэд бид компаниудтай хамтарч ажилласан.
-Нөөцийн мах борлуулах шатанд ченжүүдийн гараар орж туранхай, яс ихтэй болдог тал бий?
-Бидний зүгээс нөөцийн мах борлуулахад яг зорьсон хүмүүст нь хүргэхийг илүү анхаарч байгаа. Дунд орлоготой, амьжиргааны төвшин доогуур иргэдэд энэ махыг хүргэх асуудалд анхаарч байна. Үүнд мөн хороодын Засаг дарга нар гол үүрэгтэй. Чанарыг бид хөндлөнгөөс байнга хянаж байна. Чанаргүй нөөцийн махны талаарх мэдээллийг иргэдээс авна. Хаана туранхай, их ястай, чанаргүй нөөцийн мах борлуулж байгааг иргэд бэлтгэн нийлүүлсэн компани, манай нийгэмлэгт мэдээллэх боломжтой.
“Жаст Агро” компанийн гүйцэтгэх захирал Ш.Батхишиг: НӨӨЦИЙН ГУЛУУЗЫГ ЗӨВХӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР БОРЛУУЛНА
-Өнгөрсөн жил нөөцийн мах авах гэсэн иргэд урт дараалал үүсгэж байсан. Энэ жил ийм байдал гарахгүй гэх баталгаа байна уу?
-Нөөцийн махны нийлүүлэлт энэ жил хангалттай байгаа болохоор өнгөрсөн жилийнх шиг байдал үүсэхгүй. Борлуулах цэгүүдийн тоог нэмсэн байгаа. Бусад захуудаас харьцангуй үнэтэй мах зардаг Бөмбөгөр, Баянзүрх, Меркури захын орчимд нөөцийн мах борлуулах цэг ажиллуулах үүргийг салбарын яамнаас авч хэрэгжүүлээд байна. Эдгээр захын түрээслэгч, удирдлагууд зах дотор нөөцийн мах борлуулахыг зөвшөөрөөгүй тул ойрхон цэг ажиллуулахаар болсон.
-Хүмүүс нөөцийн махыг гулуузаар авахыг хүсдэг. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-Махаа гулуузаар авахыг хүссэн иргэдэд зориулж энэ долоо хоногоос эхэлж амралтын өдрүүдээр “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Хар хорин” захуудаар хонь, ямааны гулууз, үхрийн өрөөл махыг 4400-5800 төгрөгөөр худалдана.