Ч.ОЛДОХ

 

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-УИХ-ын даргын Аж­лын хэсэгт багтаж зүүн аймгуудад ажилласан ги­шүүд  бүс нутгийн хөгж­лийн талаар ямар бодолтой ирэв?

- Аймаг болгон өөрийн онцлогтой. Орон нутгийн засаг захиргаа байгуу­лагдаж ажил нь жигдэрсэн аймгууд Их хурлаас очиж байгаа ажлын хэсэгт тавих асуудалтай, шийдүүлэх зүйлүүд ч тодорхой болсон байна.Тухайлбал,  Хэнтий аймаг Чингис хааны төр­сөн нутаг гэдгээрээ  ая­лал, жуулчлалын шинэ цогцолбор хөгжүүлэх, түү­гээр орон нутгаа тэтгэх, төсөвтөө мөнгө төвлөрүү­лэхээ ярьж байна. Дорнод аймаг Засаг даргаа то­милж чадаагүй маргаантай байгаа учраас тэнд зөвхөн улстөржилт, хэрүүл мар­гаан зонхилж байх жишээ­тэй. Харин Сүхбаатар ай­магт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явж байна. Засаг дарга нь орон нутгаа хөгжүүлэх гэсэн ирмүүн хүсэлтэй, тийм учраас аймгийн төвөөр орох бараг шаардлагагүй. Тэртэй тэр­гүй аймагт ажлууд хийг­дэж байгаа. Жишиг хо­рооллууд бий болж байна. Аймгийн төв үнэхээр өнгө зүсээ засч, олон барилга байшин баригдсан нь ба­харх­маар. Иймээс тэд илүү том асуудал тавьж байна.

-Тухайлбал?

-Замын-Үүд чиглэ­лийн ачаа эргэлтийг буу­руулах, иргэдэд хил, гаа­лын үйлчилгээг  хөнгөн шуурхай үзүүлэхийн тулд Бичигтийн боомтыг олон улсын боомт хот болгоё. Зарим бараа, ачаа тээ­вэр­лэлтийг татвал нэгдүгээрт, аймгийн хөгжилд хэрэг­тэй. Нөгөөтэйгүүр, За­мын-Үүд дэх хэт их ачаал­лыг бууруулна. Түүгээр дамжуулан олон бүтээн байгуулалт хийж болохоор байна гэсэн тодорхой, дор­витой, олон улсын хэм­жээний асуудлуудыг санал болгож байна. Би ойрын үед ийм аймагтай таараагүй. Ажлын хэсэг Бичигтийн боомтод очсон. Гуравдугаар сарын 8 таар­сан учраас тэнд богинохон хугацаанд ч болов хилийн манаанд зогсч Мартын 8-ныг сонирхолтой сайхан тэмдэглэлээ.

-Ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллахдаа  Дорнод аймгийн Тамсагийн тал дахь газрын тосны олборлолтын байдалтай газар дээр нь танилцсан. Тэнд нөхцөл байдал ямар байна?

-Тэнд би 2006, 2007 онд очиж байсан, одоо­гоос 7-8 жилийн өмнө. Тэгэхэд   тэнд  нэг ч мон­гол ажилтан байгаагүй дандаа  хятадууд ажил­луулдаг, бидний бараа­наар хариуцлагатай хү­мүүс  нь зугатсан байдал­тай, арав хүрэхгүй өрөм зоогдсон, туршилт хийж байгаа нь энэ гэж их хэм­жээний тос гаргаж байсан. Өнөөдөр тэнд Тамсагийн талыг сэглэтэл маш олон  өрөм тавьж,  700-800-гаад цооног гаргажээ. Ямар ч байсан бүтээгдэхүүн гарч байна.  УИХ-ын дарга манай  улс нефть экспорт­логч, мөн нефть олборлогч  орон болж байгаа нь то­моо­хон  ач холбогдолтойг хэлж байна.  Миний хувьд  “Петро Чайна Дачин Там­саг”-тай Монголын Зас­гийн газрын 1993 онд бай­гуулсан Газрын тосны бүтээгдэхүүн  хуваах гэ­рээг  явахынхаа өмнө  олж үзье  гээд интернэтээс хайсан боловч  олдоогүй. Одоо болтол нууцын зэрэг­лэлд байдаг юм байна. Тиймээс ирэнгүүтээ гэ­рээ­тэй танилцахаар албан бичиг өгсөн. Гэрээг үзэж байж олон зүйл тодорхой болно.

-Тэгвэл одоо тодорхой байгаа ямар асуудлууд байна. УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Одоо юу тодорхой бай­гаа вэ гэвэл, олбор­лосон тосны 40 хувийг шууд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пет­ро Чайна Дачин Тамсаг” компани олборлолтын зар­дал буюу бусад зүйлдээ зориулж авдаг. Түүнийг бид хянах ямар ч боломж­гүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний онцлог тэр. Үлд­сэн 60 хувьд нь бүтээг­дэ­хүүний гаралтаас шалт­гаалж 35-50 хүртэл хувийг Монголын тал авдаг ийм гэрээтэй байгаа.

Байр суурийн тухайд  Бүтээгдэхүүн хуваах гэ­рээг 1993 онд буюу Монгол Улсын ашигт малтмалын салбарт гаднын хөрөнгө оруулалтыг татахад,  төр, засгийн  үндсэн бодлого чиглэгдэж байхад   бай­гуул­сан. Одоо бол уул уур­хай, эдийн засгийн салбар, тэр дотроо уул уурхайн салбарт улс орны барим­талж  байгаа чиглэл өөрч­лөгдсөн. Өнөөдөр хөрөнгө оруулалтыг татах биш га­даадын хөрөнгө оруулаг­чид­тай харилцан ашигтай хамтран ажиллах тухай ярьж эхэлж байгаа. Ийм гэрээнүүд манай улсад хэрэгтэй. Тэгэхээр энэ хүрээнд “Петро Чайна Дачин Тамсаг” компани­тай байгуулсан гэрээнд тодорхой хэмжээний өөрч­лөлт оруулах шаардлагатай гэж харж байна.

-Ажлын хэсгийн ги­шүү­ний хувиар та “Петро Чайна Дачин Тамсаг” компанийнханд анхаа­руулж хэлсэн зүйл бий юу?

-Монгол Улсын  уул уурхайн салбарт  баримт­лах бодлого өөрчлөгд­сөн­тэй холбоотойгоор   Бү­тээг­дэхүүн хуваах гэрээнд тодорхой хэмжээний өөрч­лөлтүүд орох ёстой. Дээр нь Монголын төр, засаг өөрчлөгдсөн. Бид 1993 онд ашигт малтмалаа ашиг­лаж үзээгүй, сайн мэдэх­гүй, туршлага дутмаг бай­сан. Түүнээс алдсан юм ч их бий. Тухайлбал, бид  “Бороо гоулд”-аа ямар ч ашиггүйгээр алдсан. Өнөө­дөр Оюутолгой тийм ч ашиг тустай биш байна. Одоо алдаанаасаа  сурал­цах учиртай. Тиймээс Бү­тээгдэхүүн хуваах гэрээг өнөөдрийн нөхцөлд үнэлж, дүгнэх зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр Монгол Улсын парламент өөрчлөгдсөн. Өнгөрсөн арав гаруй жилийн турш иргэний хөдөлгөөнүүд гу­дамжинд тэмцэж, уул уур­хайн баялгийг, ашигт малт­малыг, ард түмний хөрөнгийг ард түмэнд ашиг­тайгаар зүй  зохистой зарцуулах шаардлага тавьж, амьдралынхаа ар­ван жилийг үүнд зориул­сан цөөнгүй хүн энэ пар­ла­ментад орж ирсэн. Янз бүрийн өнгө, байр сууриуд бүрэлдсэн. Тиймээс энэ өнгөн дээр уул уурхайн гэрээнүүдийг эргэн сөхөж байгаа учраас Бүтээг­дэхүүн хуваах гэрээний асуудал ч хөндөгдөх байх гэдгийг хэлсэн. Гэхдээ энэ нь зүгээр л гаднын хөрөн­гө оруулагчдыг үзэн ядсан, шууд сөрөг сэтгэхүйгээр хандаж буй хэрэг биш юм.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 40 хувийг нь “Петро Чайна Дачин Там­саг”-ийн хайгуул, олбор­лол­тын зардалд шууд өгө­хөөр хийсэн гэж байна. Бусад улсад  ямар зохи­цуу­лалт хийдэг юм бол?

-Олборлолтын үндсэн нөхцөл, Бүтээгдэхүүн ху­ваах гэрээний дагуу бү­тээгдхүүний 40 хувийг шууд тухайн компанид өгөхөөр хийсэн нь олон улсын жишигтэй харь­цуу­лахад харьцангуй өндөр юм билээ. Бусад оронд их төлөв  30 хувь, ямар ч байсан 40-өөс доош хувь­тай  байдаг. Өөр нэг асуу­дал бол манайх газрын тос олборлогч, экспортлогч орон боллоо гэсэн сайхан нэр бидэнд хэрэггүй. Бид газрын тосны баялагтай, түүнийгээ олборлож, экс­портолж буй бол монгол­чуудад үр ашиг нь ирэх ёстой. Тэр үр ашиг нь юу байх вэ. Бид нефтийн бү­тээгдэхүүнээр нэг  улсаас хараат биш байдаг.Түүний цаана үнэ буурдаг. Тэр нь ард иргэдийн амьжир­гаанд нөлөөлдөг, Ийм үр дүн бидэнд хэрэгтэй. Гэтэл 1993 оноос хойш хорин жил болоход монголчуудад ямар ч үр дүн мэдэгдсэн­гүй. Тиймээс гэрээ бидэнд хэр ашигтай болсон бэ гэдгийг эргэж харах цаг болсон.

-Монгол ажилчдын нийгмийн асуудал хүнд байна гэсэн. Энэ талаар иргэд ямар байр суурь­тайгаа Ажлын хэсгийнхэнд хэлсэн байх?

-Монгол ажилчид ар гэрээсээ хэтэрхий удаан хугацаагаар хол байдаг. Түүнээс үүдэж гэр бүл салах, залуу гэр бүл  тогт­воргүй болох сөрөг үр дагаварууд байдгийг хэлж байсан. Үнэхээр нөхцөл байдал нь тийм байна. 60 хоногийн хугацаанд за­луус гэр бүлээсээ хол, тэр нөхцөл нь хүнд санагдсан. Ажлын хэсэгт орсон  Х.Болор­чулуун, С.Одонтуяа, Б.Гарамгайбаатар нарын гишүүд  үүнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай ирсэн.

-Байгаль орчны дорой­тол, экологийн сүйрэл гээд олон шүүмжлэл өрнөдөг. Тэр талаар та юу хэлэх вэ?

-Нефтийг 1700-2500 м-ийн гүнээс олборлодог. Донги буюу манайхны Морин толгой гэж нэр­лэдэг шахуургаар авдаг юм байна. Нефть ачсан машинууд Бичигтийн боом­тоор урагш гардаг. Замын эвдрэл, тоосжил­тын асуудалд  хариуцсан салбарынхан, мэргэж­лийн хүмүүс үнэлгээ өгөх байх. Тамсагбулагийн тал хэчнээн сайхан тал билээ. Нүд алдам тэр сайхан та­лыг зах хязгааргүй, энд тэнд тоо томшгүй өрөмд­чихсөн байх нь надад бол сайхан харагдаагүй. Дээ­рээс нь тэр олборлолт нь өнөө хүртэл монголчуудад ашгаа өгөөгүй цагт сэтгэл эмзэглэмээр санагдсан.

-Замаа сайжруулахыг Ерөнхий сайд асан Сү.Бат­болд 2010 онд газар дээр нь очиж шаардаж байсан. Гэтэл зам тавих хөрөнгө мөнгө алга гэж хариу барьсныг хэв­лэлүүд тухайн үед мэдээл­сэн. Энэ удаа ямар тайлбар хэлсэн бол?

-Гэрээгээр  хүлээсэн зарим үүргээ  хэрэгжүү­лээгүйг УИХ-ын дарга хэлж байсан. Тухайлбал, замтай холбоотой асууд­луудыг биелүүлэх хэрэг­тэйг Их хурлын дарга да­хин дахин сануулсан. Түү­нийг хүлээж авах бо­ломжтой, биелүүлнэ гэд­гээ компанийхан  хэлсэн. Мөн хэд хэдэн асуудал тавьж байна лээ. Монго­лын газрын тосны тогтоц нь олборлоход хүнд, их хөрөнгө оруулалт шаард­даг. Тийм учраас анхны хөрөнгө оруулалтын хуга­цаа уртасч байгаа гэх зэрэг зовлон ярьж байсан. Нэ­гэнт Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй учраас та нарын зовлон бидэнд хамаагүй гэдгийг Их хурлын дарга хэлсэн. Гэрээг үзээгүй учраас би түрүүнд хэлсэн ерөнхий байр суурийг илэр­хийлсэн. Гэрээтэй танилцсаны дараа нарийн зүйлүүдийг ярих боломж­той болох байх. Ямар ч байсан тэд засмал зам тавьж бүтээгдэхүүнээ зөөх ёстой. Энэ үүрэг биелэг­дээгүй нь харагдсан. Бид маш хүнд замаар явж ир­сэн. Тухайн үед тэнд 20 см зузаан цас орж машин явахгүй шахам маш хүнд байсан. Одоо болтол шо­роон замаар тоос бужиг­нуулан нефтийг нэвт зөөж бай­гаа нь харагдаж байна лээ.

-Морин толгой гэж нэрлээд байгаа газрын тос олборлож буй  шахуурга хоцрогдсон, байгаль ор­чинд халтай гэдгийг зарим хүн хэлдэг. Түүнийг сайж­руулах ямар боломж бий бол?

-Тэр асуудал гэрээний дагуу тухайн компанийн асуудал. Техник, техноло­гийг сайжруулах, манай хүмүүс түүнд зохицож ажиллах чадвартай болох асуудал бий. Олон жил байгаль орчинд халтай байдлаар уул уурхай ашиг­лаж байгаагийн хувьд бид сайн мэргэжилтнүүд бэлт­гэх ёстой гэдгийг хэлсэн.