-Бүтээгдэхүүн хуваах гэрээг ил болгоё-
Д.ЦЭРЭННАДМИД, Ч.ҮЛ-ОЛДОХ
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан дураараа дургиж хууль дүрэмд захирагдахгүй байгаа төдийгүй олборлосон тосоо хяналтгүйгээр зөөж авч байна. Энэ бүхэн Монголын төр, засаг, хууль, хяналтын байгууллагынхны хараа хяналтаас ангид байгаа тухай манай сонин цуврал нийтлэлээрээ гаргаж тавьсаар байгаа билээ.
Тэгвэл манай нийтлэлийн дараагаас эхлэн газрын тосны болон боловсруулах үйлдвэр барих тухай унтаа болоод учир дутагдалтай байсан асуудлыг бага ч атугай ярьж эхэллээ. Үүний нэг илрэл нь саяхан УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллах явцдаа “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагаатай нэлээд лавхан танилцсан явдал юм. Тэнд болсон ярианаас үзэхэд өнгө төрх өөрчлөгдсөн мэт. Олборлогч компани долоон жилийн өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулсан гэдэг. Гэтэл уг гэрээг одоо нарийн мэдэж тайлбарлах хүн олддоггүй. “Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөө” гэгчтэй адил нууцын зэрэглэлтэй юм шиг байгаа юм. Уг гэрээнд заасан нэг тодорхой зүйл нь Бичигтийн боомт хүртэл хар зам тавих үүрэг гэрээ ёсоор “Петро Чайна Дачин Тамсаг”-т ногдож байгаа. Гэтэл одоо хүртэл уг замыг тавиагүй өдөрт 80-100 машинаар газрын тос зөөж боомт хүртэл 30 гаруй салаа зам гаргаж бэлчээр нутгийг сүйтгэсээр байна. Өмнө нь Мэнэнгийн тал, Тамсагийн сав газрын байгаль орчинд хохирол учруулсныхаа төлөө “Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхан 1.3 тэрбум төгрөгийг нөхөн төлөх тухай шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Гэтэл тэр шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй байгаа. Нэг эх сурвалжийн мэдээлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид тус компанийн данснаас 100-хан сая төгрөг гаргуулж, нэг дансыг хаасан гэж дуулдсан. Инээдтэй хэрэг биз. Монголын шүүх хүртэл гадныханд үйлчилдэг болсон гэсэн үг үү. Нэгэн үе 1998 оноос хойш олборлосон 5.3 сая баррель нефтиэс нөхөн төлбөр авах тухай хэлэлцэж байснаа яасан нь мэдэгдэхгүй чимээ тасарсан байх юм.
Мөн олборлосон бүтээгдэхүүний 40 хувийг хятад компани хайгуул олборлолтынхоо зардалд, үлдсэн 60 хувийг 60:40 гэсэн хугацаагаар хоёр тал хувааж хүртэх тухай заажээ. Гэтэл гэрээний энэ заалт чухамдаа хэрхэн биелж байгааг манайханд хэлэх хүн байхгүй л байна. Яагаад гэхээр Ашигт малтмалын тухай хуульд байдаг олборлогч бүтээгдэхүүнээ борлуулах эрхтэй гэсэн нөгөө тэнэг заалт холбогдох байгууллага, хүмүүсийн хянах шалгах ажилд саад болж буй юм. Нөгөө талаар олборлоод экспортод гаргаж байгаа газрын тосыг хэмжих хэмжүүр нь хилийн гадна буюу хүлээн авагчийн талд байдаг. Иймээс хэдийг олборлоод түүнийхээ хэдэн хувийг гаргаж байгаа талын тооцоо Монголын талд байхгүй. Хятадын талынхны амыг харж тэндээс өгсөн багцаа тоогоор ярьж байна. Ийм байхад “Петро Чайна Дачин Тамсаг”-ийнхан урьдын даварсан байдлаа давтаж байна шүү дээ. Тэд бид их хөрөнгө оруулсан. Түүнийгээ нөхөн төлж чадаагүй байна. Тэгээд цаашид Монголын Засгийн газар, Газрын тосны тухай болон газрын тухай багц хуульдаа өөрчлөлт оруулаад авч буй татварын хэмжээг өсгөвөл бид төслөө зогсооно гэж айлгаж, дарамтладгаа сая бас л давтав. Олборлосноо хангалттай зөөж байгаа хэр нь Баянхошууны боомтын асуудлыг шийдвэрлэж өгөөч гээд бүтээгдэхүүн хуваах гэрээг хэвээр нь үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна гэж ажлын хэсгийнхэнд тулгасан байх юм. Үүнд УИХ-ын дарга ч тодорхой хариу хэлсэнгүй.
Энэ нь манайхны харийнхны өмнө тал засч, дандаа бөхөлзөж байдаг дүр зураг бас ажиглагдсан гэж болно. Үүнээс үүдээд хэлэхэд “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой асуудалд Монголын төр, Засгийн газар, хууль хяналтынхны хүч мөхөсддөг болсны цаана чухам хэний эрх ашиг байгааг илчлэх цаг болоод байна. Мөн тэр нууцын зэрэглэлд багтчихаад байгаа “Бтээгдэхүүн хуваах гэрээ”-г ил болгоё. Яагаад нууцын зэрэглэлд тэр гэрээг оруулсныгаа ч эрх мэдэлтнүүд тайлбарлах нь зүйд нийцэх биз ээ. УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээс олзуурхууштай нь гэвэл “Цаашид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу замаа барихгүй бол тээвэрлэлтийг зөвшөөрөх боломжгүй. Хуулиа мөрдөх ёстой байтал ойр зуурын шалтаг шалтгаан ярьж болохгүй” гэсэн үгс бий. Цаашид газрын тосны асуудал ямраар эргэхийг харж байя. Ажлын хэсгийнхний тэнд очсон үр дүн ямар байх бол...?