Ж.ЦОГЗОЛМАА

 

2012 онд дэлхий сүйр­нэ, эсвэл цахилгаан хэдэн өдрөөр тасарна, үгүйдээ олон хоног нар гийхгүй гэхчлэнгээр зурхайчдын ёр замбараагаа алдсан ч азаар тайван өнгөрлөө. Харин эдийн засагт хал­гаатай жил болсон гэвэл онохоор байв. 2011 онд 17 хувийн их өсөлтөөр дээд амжилт тогтоосон Мон­голын эдийн засаг өнгөр­сөн жил ердөө 10 гаруй­хан хувьд дэнжигнэсэн хэрэг. Нүүрсний экспорт ихээр буурсан нь өнөөх өсөлтийн графикийг уруу­дуул­чи­хав. Нэг хэсэг зэсээс хамаарсан манай улсын “хэтэвч” өдгөө эр­чим хүчний эх үүсвэр бол­сон нүүрсний борлуулалт дээр тогтож байна. Малчид ноолуураа тушааж үр хүүх­дээ сургууль, соёлтой залгуулдаг бол манай төсөв экспортын орлогынхоо ихэнхийг энэ хүрэн эр­дэнэсээс авч байна.

Түүхээс харахад ч монгол­чуудын хамгийн эхэнд хүрсэн ашигт малтмал бол нүүрс. Эрчим хүчний банк гэгддэг энэ түүхий эдийн нөөцөөрөө бид дэлхийд дээгүүр жагсдаг. Тэгсэн хэрнээ бодлого боловсруулагчид нь цахил­гаанаа гадаадаас импортолдог хачин бод­логотой. Тэгээд ч зогсох­гүй, шатахууныхаа дий­лэн­хийг бас л хилийн чанадаас авна. Үе үеийн Засгийн газар нүүрснээс бензин гаргаж авах төс­лийг цээжилтэл дуржиг­нуулдаг жишигтэй болоод байгаа ч хэрэгжсэн нь үгүй. Улстөрчдийн цээж­ний пангаар болдог бол одоо Монгол Улс нүүрсний төгс хэрэглээг нэвтрүүл­чихсэн, шата­хуун нь уснаасаа хямдхан байдаг Кувейтийн дайтай хөг­жиж, нүүрсний орло­гоороо эдийн засгаа жин­хэнэ утгаар нь солонго­руулж чадсан Австралийн чинээ­тэй хөлжих байлаа. Барил­гын материалын үнэ оодорч, импортын бараа­ны үнэ Замын-Үүд, гааль дээр хэд дахин өсчихдөг бичигдээгүй хуулийг тас цохих асар их боломж нүүрсэнд нуугдаж байна. Хамгийн энгийн­дээ гэхэд, барилгын хавтан, хуванц­рыг хүрэн нүүрсийг бүрэн боловс­руулж гаргаж авдаг гээд бод. Налайхын уур­хайд “мэндэлж” 100 насны­хаа ойд ойртож яваа энэ салбар Монголд бие даан хөгжих бүтэцгүй, бодлого­гүй, талаар нэг тарсан лицензээс өөр онцлох зүйлгүй явж ирлээ.

 

НҮҮРСЭЭР ДАГНАСАН БОДЛОГО АЛГА

Манай улсад нүүрс­ний салбар гурван толгойтой могойноос ялгаа алга. Эрчим хүчний яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яаманд харьяалагдаж бай­гаа энэ салбарт нэгдсэн нэг чиг хэрэгтэй байна. Гурван тийшээ харсан гурван бодлого давхац­чихаар чухам хаанаас нь юуг нь эхлэх, хэн юу хийх нь дахиад л таавар болчих­дог нь нууц биш. Цаасан дээр дурайсан олон үйлд­вэрийн жагсаалт, төслийн нэрсээс өөр гарт баригдах, нүдэнд харагдах зүйл алга. Хоёр намын тоглоомын тойрог болсон орон сууц­жуулах хөтөлбөрийг өлхөн хэрэгжүүлэх хөрөнгө нүүр­сэн дор нуугдаж байна. Зөвхөн “Тавантолгой”-гоос “Чалко”-д алдсан олон зуун сая ногоон дэвс­гэртүүд энэ хөтөлбөрийг бэлхнээ хэрэгжүүлчих байв. Гэтэл нүүрсээ хэтэр­хий үнэгүйдүүлж, дэл­хийн зах зээл дээрхээс хэд дахин бага үнээр худалдаж буй нь энэ салбарт бодлого хэчнээн хэрэгтэйг сануулж байна.

“Нүүрсний салбарт хам­гийн түрүүнд зам, тээвэр, дэд бүтцийг нь шийдэж, үүний дараагаар үнэ цэнийг нь өсгөх бодлого хэрэгтэй байна” гэж Эдийн засгийн өрсөл­дөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отго­чулуу хэлсэн. Эрдэс бая­лаг, эрчим хүчний дэд сайд асан, “Монполимет” ком­панийн захирал Ц.Гарам­жав “Эдийн засгийн тул­гуур нүүрсний салбарын зохицуулалтыг хариуцсан бие даасан бүтэц хэрэг­тэй” гэв. Төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг хэрнээ эдийн засгийн хөгжилд түүчээ болох үүргээ гүйцэтгэж чадахгүй яваа нүүрсний салбарт “сэрүү­лэг” хэрэг­тэй гэдгийг тэд ийнхүү баталж байна.

 

ХЭН, ХААНА АЖИЛЛАХ ВЭ?

2003 онд манай улс дөнгөж 500 мянган тонн нүүрс экспортолж байсан бол одоо 16 сая тоннд хүрсэн нь 30 дахин өссөн үзүүлэлт юм. Том том тооны цаад үр дүн нь харин бүдэг. Зөвхөн эдийн засгийн үр өгөөжөөс гадна ажиллах хүч, мэргэшсэн боловсон хүчин гэдэг ойлголт таг. Дээрээс нь тээвэрлэлт, дэд бүтэц нь бас эмзэг сэдэв. Зөвхөн Хятад гэсэн хяз­гаар­лагд­мал орон зайд тээвэр­лэсээр байх уу, эс­вэл илүү ашигтай гурав­дагч хөршид худалдах уу гэсэн сонголт гарч ирнэ. Мэдээж, гуравдагч хөрш. Гэвч Хятадын төмөр зам Эрээнээс Тянжинь хүртэл манай нүүрсийг тээвэр­лүүлэхгүйгээ мэдэгдсэн. Нөгөө талаас Орос байгаа ч боомтууд нь компа­ниудынх нь мэдэлд байдаг, бас ачаалалтай учраас дахиад л өндөр төлбөр нэхнэ. Хятадын нүүрсний компаниудын холбооны тэргүүн Девид Фанг “Тээвэрлэлтийн асуудалд Монголын Засгийн газар Хятадтай хэрхэн тохирол­цохоос бүх зүйл шалтгаал­на. Учир нь Хятадын тө­мөр замын сүлжээ до­тоодын тээвэрлэлтийнхээ эрэлтийг хангаж чаддаг­гүй. Хятадад өөр улсын тээврийг хийх төмөр зам болоод цаг хугацааны боломж байхгүй. Тиймээс тарифын асуудал Засгийн газар хоорондын хэлэл­цээрээс л шалтгаална” гэж байна. Өнөө хэр нь нэгдсэн бодлого байгаа­гүйн балгаар бид нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулахад түмэн бэрх­шээл­тэй тулж байгаагийн эхнийх нь энэ.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖ ХААНА БАЙНА?

“Урт хугацааны бод­лого алдагдаж, алсын хараа муудаж буй учир эдийн засаг өрсөлдөх чадвартай болохын оронд амиа арга­цаасан өнөө мар­гаашийн орлого хөө­цөлдөх болж, нийгмийн хөдөл­мөрийн бүтээмж өсөхгүй байна. Өөрсдөө хөрөнгөгүй байж гадаадын хөрөнгө оруулал­тыг үнд­сэн­дээ зайлуулж эхэллээ” гэж эдийн засагч Д.Жар­галсайхан “Таван­толгой ба таван сорил” нийтлэл­дээ дурдсан байна. Нүүрс­ний салбар улстөрч­дийн сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхээс хэтрэхгүй байдалд орчихсон нь энэ. Нэг нь үйлдвэр ярьдаг, нөгөө нь эрчим хүч, цаадах нь уурхай ярьдаг шуу­дайнд хийсэн үхрийн эвэр шиг болжээ. Энэ салбарт хөгжлийн нүүдэл хэрэгтэй байна. Хоёрхон сарын дараа бо­лох “Coal Trans” нүүрс­ний салбарын олон улсын чуулган энэ бүхэнд үр дүн авчрах болов уу. Дэлхийн зах зээл дээр нүүрс тийм ч үнэтэй бараа байх нь ховордож буйг Хятадын худалдан авалт харуулаад байхад бид дахин алдах эрх алга. Оны эхээр бол­сон “Coal Mongolia” ч Мон­голын нүүрсний сал­барт тогт­вортой төрийн бодлого, холч хараа хэрэг­тэйг сануу­лаад авлаа. Далайцтай эдийн засгийн өгөөжтэй нэгдсэн шийдэл энэ сал­барт чухал гэдгийг олбор­лох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаач­лагын ажлын албаны зохицуу­лагч Ш.Цолмон хэлсэн. Цөмөөс эрчим хүч эрэлхийлж буй энэ үеийн зах зээл зөвхөн Монголыг хүлээгээд хүрдээ зогсооно гэвэл, үгүй. Биднийг энд хөдөлж цөхсөөр, маргаж мэтгэлцсээр суутал цахилгааны дараагийн эх сурвалж дэлхийн эдийн засагт ноёрхох вий.