Ж.ЦОГЗОЛМАА

“Роснефть” компани Монголд нийлүүлэх шатахууныхаа хэмжээг бууруулна гэж мэдэгдлээ. Энэ зуур “Чингис” бондын санхүүжилтээр гүйцэтгэх төслүүдийг Засгийн газар баталсан. Түүнчлэн  “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэхээр болсноо ч зарлав. Хөнгөлөлттэй болон амьжиргааны зээл олгож, хөрөнгө оруулалт хийх зэргээр орон нутгийн иргэдийг дэмжих юм байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас зарим асуултад хариулт авлаа.

 

-Сумдад олгох зээл болон хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй тайл­бар­лаач?

-Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэм­жих таван жилийн хуга­цаа­тай, жилийн долоон хувийн хүүтэй хөнгөлөлт­тэй зээлийг нэг суманд нэг хүний 100 мянган төг­рөгөөр тооцож олгоно. 3000 хүнтэй бол 300 сая төг­рө­гийн зээл олгоно. Нөгөө нь нэг хүний 10 мянган төг­рөгөөр тооцож  амьжиргаа дэмжих хүүгүй, богино хугацаатай зээл олгох юм. Харин хөрөнгө оруулалтыг нэг хүний нэг сая төг­рөгөөр тооцно. Ирэх хав­рын чуулганаар энэ асууд­лаа хэлэлцүүлж батлуул­на. Өөрөөр хэлбэл, сум орон нутаг маань өөрөө бие даан асуудлаа шийдэх боломжтой болох юм.

Ул­сын дунджаар үзвэл нэг суманд таван тэрбум төг­рөгийн хөрөнгө оруу­лалт, 500 сая төгрөгийн хөн­гөлөлттэй зээл, 50 сая төгрөгийн амьжиргаа дэм­­­жих зээл очих юм.

-Тэгвэл “Чингис” бондын санхүүжилтээр хийх төслүүдийг Засгийн газраас албан ёсоор гаргасан байна. Ямар ямар төсөл багтсан бэ?

-Бүтээн байгуулалтын дөрвөн төслийг бондоос санхүүжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Нэгдүгээрт, энэ онд Дор­нод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн төвийг хар зам­тай холбоно. Хоёрдугаарт, Таван­толгойд тавих 1800 км орчим төмөр зам. Гу­рав­­дугаарт, Тавантолгойн цахилгаан станц. Монгол Улс асар их нүүрстэй хэрнээ эрчим хүч импор­толдог алдаагаа засах ёстой. Шаардлагатай хө­рөнгийн тодорхой хэм­жээг нь бондоос гаргаж, үлдсэнийг нь гадаадын хөрөнгө оруулалтаар шийд­­вэрлэнэ. Төмөр замын асуудлыг ч мөн ингэж шийднэ. Замын асуудлыг 100 хувь бондоор санхүүжинэ. Дөрөв­дүгээрт, “Гудамж” төсөл. Энэ онд 33 уулзварыг янзална, мөн хурдны хоёр замын ажлыг санхүү­жүүлнэ.

-Тэгвэл бондод өдөрт хэдэн төгрөгийн хүү бодогдож байгаа вэ?

-Хүүгийн хувьд гэвэл таван жилийнх нь жилийн 4,25 хувийн хүүтэй. Арван жилийнх нь 5,25 хувийн хүүтэй байгаа. Энэ мөн­гөний эргэлтийн ме­неж­ментийг Монголбанк ха­риу­цаж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өнөөдрийг хүртэл хүүний дарамт гараагүй байгаа.

-“Роснефть” манай улсад нийлүүлэх шата­хууныхаа хэмжээг буу­руулахаа мэдэгдлээ. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Монголд өнөөдөр ша­та­­хууны хомсдол байхгүй. Шатахуунаа тогтвортой хангахын тулд бид төрөөс импортлогчдод хөнгө­лөлттэй зээл олгосон. Үр дүнд нь манай шатахууны нөөц түүхэнд байгаагүй гурван сарын хэмжээнд хүрсэн. Бид ганц Оросоос шатахуунаа авдаг байсан үе өнгөрсөн. Гуравдагч орнуудтай ч нефть импорт­лох талаар олон хэлэлцээр явагдаж байна. Японы 700 сая ам.долларын санхүү­жил­тээр Дархан хотод жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлд­вэрийн хэлэлцээр явагдаж байна. Бид дотоодынхоо хэрэгцээг дотооддоо хан­гадаг болох зорилт тавьж байна. Манайх бол нефть экспортлогч орон. Тий­мээс экспортоо нэмэгдүү­лэхээр ажиллаж байна. Мөн түүхий нефтиэ өгөөд оронд нь шатахуун авах гэрээ хэлэлцээ ч явж байна. Тиймээс шата­хууны хомсдлын тухай асуудал байхгүй. 

-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжилж байгаа юу?

-Энэ хурал үргэлжилж байгаа гэж үзэж байна. Хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэ­тэрчихсэн гээд байгаа шүү дээ. Бид техник, эдийн засгийн үндэс­лэ­лээс дав­сан зардал гар­гасан байна, энэ нь Монгол Улсын хуулийг зөрчиж байна гэсэн асуу­дал тавьсан. Үүнд нөгөө талаас манай хуулийг дагаж мөрдөх үү­рэгтэй гэдгээ мэдэрсэн. Хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно. Тэр тооцоо су­далгаагаа гаргаж өгөхөөр тэд ажиллаж байгаа. Энэ сарын 20-доор хурал дахиад үргэлжилнэ.

-Тэгвэл “Чалко”-той холбоотой гэрээнд ахиц дэвшил байна уу?

-“Чалко”-той хол­боотой гэрээнд манай холбогдох газрууд ажил­лаж байна. Өнөөдрийн байдлаар үр дүнд хараахан хүрч чадаагүй гэж хэлж болно.

-Бондын орлогоос “Чалко”-д 50 сая ам.доллар өгөхөөр болсон уу?

-Тийм шийдвэр гараагүй.

-Тэгвэл нүүрсний сал­барт хэрхэн үр өгөөжтэй бодлого хэрэгжүүлэх вэ. Дахиад “Чалко”-той адил алдаа гарвал яах вэ?

-Алдаа гарга­сан хүнтэй нь хариуцлага тооцдог байх ёстой. Алдаа гаргадаггүй хүмүүсийг ажилд томилох ёстой.