Б.БАРС
Өнгөрсөн жил дэлхийн тэргүүлэх 10 компани нийтдээ 9.31 сая тонн зэс үйлдвэрлэсэн тухай “World mining” сэтгүүл энэ сарын 6-нд мэдээллээ. Эхний аравт багтдаг компаниудаас зургаа нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн бол дөрөв нь бууруулсан тооцоо гарчээ.
Чилийн төрийн өмчит “Коделко” компани дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалан үлдэж, 1,75 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Энэ нь 2011 онтой харьцуулахад гурван хувиар буурсан үзүүлэлт аж. Минера-эль-Абра дахь зэсний уурхайн олборлолт нь 11 хувиар буурсан нь үүнд нөлөөлсөн байна.
Жагсаалтын хоёрт АНУ-ын Феникс хотноо төвтэй “Freeport-McMoRan” компани бичигдсэн байна. Тус компани өнгөрсөн жил 1.66 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Грасбер, Герро Верде болон Канделяриа дахь уурхайнуудын олборлолт нь багассанаар тус компанийн үйлдвэрлэл нэг хувиар буурчээ.
Харин гуравт жагссан “Anglo-Australian BHP Billiton” корпорац үйлдвэрлэлээ даруй 11 хувиар өсгөн 1.16 сая тоннд хүргэсэн аж. Эскондидагийн уурхайн хүдэр дахь зэсний агууламж нь нэмэгдсэнээр ийм эерэг үр дүнд хүрчээ.
“Mexican Grupo Mйxico” компани өнгөрсөн жил үйлдвэрлэлээ долоон хувиар өсгөж 826 мянган тоннд хүргэн жагсаалтын тавд оржээ. Тус компанийн эзэмшдэг Мексик дахь бүх зэсний уурхайн бүтээмж жигд нэмэгдсэн байна.
Айргийн тавд “Anglo-Swiss Xstrata” багтав. Тус компанийн эзэмшдэг ихэнхи уурхайн нөөц дуусах дөхөж байгаа бөгөөд шинээр ашиглалтанд оруулж буй уурхайнуудын үйл ажиллагаа нь жигдрээгүй тул үйлдвэрлэл нь 16 хувиар буурч 747 мянган тонн болжээ.
710 мянган тонн зэс үйлдвэрлэсэн Чилийн “Antofagasta” зургаад, үйлдвэрлэлээ даруй 18 нэмэгдүүлсэн Польшийн “Polska Miedz” долоод, “British Anglo American” наймд, “Anglo–Swiss Glencore” есөд тус тус бичигдсэн байна.
Харин жагсаалтын аравт Оюутолгойн зэсний уурхайг энэ зунаас ашиглалтад оруулах гэж буй “Rio Tinto” групп оржээ. Тус групп өнгөрсөн жил 549 мянган тонн зэс үйлдвэрлэсэн аж. “Rio Tinto”-гийн Кеннекот Юта дахь уурхайн олборлолт багассан ч Эскондиа, Нортпарксын уурхайн үйлдвэрлэл өссөн ажээ. Үүний үр дүнд 2011 онд 520 тонн зэс олборлосон тус групп нийлүүлэлтээ зургаан хувиар нэмэгдүүлж чадсан аж.