Өвөр Монголын Баяннуур аймгийн нутаг дэвсгэрт алтны томоохон орд илэрсэн талаар “Синьхуа” агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээллээ.

Тус орд 148.5 тонн нөөцтэй. Энэ алтны ордын эзэмшигчээр урд хөршийн алт олборлогч “China National Gold” корпорацийн охин компани болох “Pacific Mining” компани то­дорчээ. Ордын нөөц цаашдаа нэмэгдэх ма­гадал өндөр байгааг “Синьхуа” агентлагийн мэдээнд онцолсон байна. Баяннуур аймгийн алтны ордын хай­гуулын ажил үргэлжилж байгаа аж. Өнгөрсөн онд Хятадын алтны хэрэгцээ 9.3 хувиар өсч 832 тонн болсоныг тус улсын эдийн засгийн ста­тистик үзүүлэлтэд тэмдэг­лэсэн байна. Хятад улс өнгөрсөн онд 403.5 тонн алт олбор­лосон байна. Сүүлийн зур­гаан жил тэд дэлхийн хамгийн их алт олборлосон орнуудын тоонд ороход Өвөр Монголын нутаг дэвс­гэр дэх алтны ордууд нө­лөөснийг шинжээчид онцолжээ. Харин манай улсын хувьд алтны ний­лүүлэлт сүүлийн жилүүдэд хумигдаж байгааг Монгол­банкнаас мэдээлж буй. 2010 онд Төвбанк хоёр тонн хүрэхгүй алт авсан. Энэ нь өмнөх оноосоо 2,3 тонн буюу 57 хувиар бага үзүү­лэлт. Төрөөс алтны компа­ниудыг дэмжих бод­лого баримталсан ч  жи­лийн дараа Монгол­банкинд 3,3 тонн алт цуг­лав. Энэ үзүү­лэлт өнгөрсөн онд мөн л доо­шилсон. 2012 оны эхний дөрвөн сарын байд­лаар Төвбанкны “ав­дарт” 492 кг алт ту­шаагд­жээ. Үүнийг тус банкны ста­тистик үзүүлэлтэд өмнөх оны мөн үеийнхээс 30 ху­виар буурлаа хэмээн тэм­дэглэсэн байдаг.